Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 7, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 02 сарын 07

Монголд цагаачлагсдын 63.7 хувийг хятадууд эзэлдэг

Монгол Улсын нийт хүн амын тоотой харицуулан авч үзвэл 15000 хүнд цагаачлалын эрх олгох боломжтой юм байна. Харин өнөөдрийн байдлаар 1957 гадны иргэн Монголд цагаачилж аж төрж байгаа юм. Эдгээрийн дотор БНХАУ-ын иргэд 63.7 хувийг нь эзэлдэг бол ОХУ-ын иргэд 32.7 хувь, БНСУ-аас 32 иргэн сайн дурын байгууллагаар дамжуулан Монгол Улсад хүмүүнлэгийн ажил хийх хүрээнд цагаачилжээ.  Харин үлдсэн дөрөв хүрэхгүй хувийг бусад улс орны иргэд эзэлж байна. [Time.mn]

“Ноолуур” хөтөлбөрийг баталж, 3600 ажлын байр бий болно

Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна.[Gogo.mn]

БНСУ-д суралцаж буй монгол оюутнуудын тоо нэмэгджээ

БНСУ-д гадаад улсаас ирж суралцах оюутнуудын тоо сүүлийн таван жилд огцом нэмэгджээ. Тус улсын “Олон улсын боловсролын үндэсний институт” энэ талаар судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард БНСУ-ын их, дээд сургуулиудад гадны 124 000 оюутан суралцаж байсан гэсэн тоо гарчээ. Тэдний 70000 орчим нь дипломын боловсрол эзэмшихээр, үлдсэн 51 856 нь дипломын бус боловсрол эзэмшихээр суралцдаг аж.  БНСУ-д хамгийн их оюутантай улсуудыг БНХАУ тэргүүлж, Вьетнам, Монгол, Япон, АНУ удаалжээ. [Eagle.mn]

Саун массажны газруудад 145 эмэгтэй биеэ үнэлж байжээ

Саун массажны газруудыг энэ оны нэгдүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ хугацаанд нийт нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун, массажны 39 газрыг илрүүлж давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад насанд хүрээгүй зургаа /16-17 насны/, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. [Medee.mn]

Алтай Таван богд ууланд очих замыг тохижуулна

Алтай Таванбогдын байгалийн цогцолбор газарт нэвтрэх цэгээс төрийн тахилгын овоо хүртэлх 13 замыг сайжруулан засварлах тохижилтын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болжээ. Уг ажилд зориулан аймгийн төсвөөс 24 сая төгрөг шийдвэрлэжээ. Тохижилтын ажлын хүрээнд гурван газарт сайжруулсан бие засах газар байгуулах, машины зогсоол барих, хогийн цэг тавих ажлууд хийгдэх юм байна. Мөн Замын  сангаас хөрөнгө гаргаж замыг засахаар болсон байна. Алтай Таван богд уул нь далайн түвшинээс 4374 м өндөр Монгол Улсын хамгийн өндөр цэг юм. [Montsame.mn]

БНХАУ жуулчны баазуудад 47 000 жорлонг шинээр суурилуулах зорилт дэвшүүлжээ

БНХАУ хэдийгээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг боловч хөгжлийн зааг, ялгаа их байдаг, Зарим жорлон, ариун цэврийн шаардлага хангадаггүй зэргийн олон асуудал тулгардаг байна. Тус улс 2015 онд “Жорлонгийн хувьсгал” төслийг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд жорлонгуудыг шинэчлэн, цэвэрлэж зохицуулалт хийж эхэлсэн юм. Эрх баригчид ирэх 3 жилд жуулчны баазуудад 47 000 жорлонг шинээр суурилуулах, 17000 жорлонг засаж, шинэчлэх зорилт дэвшүүлжээ. [Time.mn]

Мальдивт онц байдал зарлажээ

Энэтхэгийн далай дахь арлын улс Мальдивт улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэний улмаас Ерөнхийлөгч Абдулла Ямин Абдул Гаюм улс орон даяар 15 хоногийн онц байдал зарлалаа. Мальдивын дээд шүүх, Засгийн газар хоорондын сөргөлдөөнөөс үүдэлтэй энэ хэргийн улмаас хэд хэдэн албан тушаалтныг баривчлан, саатуулсан байна. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр зарим албан тушаалтны эрх мэдлийг хязгаарлах боловч бизнесийн байгууллагууд үүнд хамаарахгүй ажээ. [News.mn]

2020 онд Японы өндөр настнуудын 80 хувийг роботууд асардаг болно

Японы хүн амын дотор өндөр настнуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж, 2025 онд тэдэнд зориулсан 370,000 асрагч дутагдах тооцоо гарсан байна. Тиймээс энэ хомсдлоо технологийн хүчээр шийдэх зорилтыг Японы засгийн газар тавьжээ. Зохион бүтээгчид ахмадуудыг орноосоо босох, тэргэнцэрт суух, эсвэл ариун цэврийн өрөөнд хүрэх, усны онгоцонд (ванн) орж суух зэрэг энгийн үйлдэл хийхэд нь туслах чадвартай робот зохион бүтээхэд анхаарах болсон байна. Саяхан тус улсын засгийн газар асрагч роботуудын нэн түрүүнд хийж чаддаг байх үүргүүдийг харуулсан жагсаалт гаргаж, зохион бүтээгчдэд тараажээ. [Ikon.mn]

“Пёнчан 2018” наадмын нээлтийн ёслолд 21 орны удирдагчид оролцоно

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо энэ сарын 9-25 хооронд 23 дахь удаагийн өвлийн олимп зохион байгуулагдах билээ. Энэхүү олимпт 92 орны 2925 тамирчин оролцохоор болжээ. “Пёнчан олимп”-ийн нээлтийн ажиллагаанд дэлхийн 21 орны 26 өндөр албан тушаалтан оролцох юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин олимпийн үеэр 16 орны төрийн тэргүүн нартай уулзалт хийхээр болжээ. [Shuud.mn]

Тайваньд газар хөдөлж, хоёр хүн амиа алджээ

Тайванийн Хуален хошуунд өчигдөр оройн 11:50 цагт 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын газар хөдлөлт судлах төвийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн голомт нь Хуален хошуунаас зүүн хойд зүгт 20 км зайтай орших газарт, 10 км-ийн гүнд аж. [Montsame.mn]