“ХАЙРЫН ОЛОН ТАЛТ ХЭЛБЭРҮҮД” буюу заавал үзэх 10 СОЛОНГОС КИНО

Энтертайнмент / Time Admin
2018 оны 02 сарын 07

Хүмүүсийн үзэх дуртай кинонууд ихэвчлэн хайрын сэдэвтэй байдаг. Харин хайрын талаар өгүүлэх кино бүхэн нулимс урсгах, аль эсвэл гэгээлэг хөнгөн байх албагүйг доорх кинонууд нотлох болно. Хайрыг маш их цус, хар бараан зөрчлөөр ч илэрхийлж болох ажээ. Энэ удаа би та бүхэнд сэтгэлд хамгийн тод үлдсэн хурц илэрхийлэмжтэй, зөөлөн өнгө аястай, хүнд гунигтай, даацтай артхаус,  хөнгөн мелодрам, хар комеди, гэмт хэрэг, триллер төрлийн кинонуудыг заавал үзэхийг санал болгож байна. Зарим нь уйтгартай, зарим нь жаахан бухимдмаар мэдрэмж төрүүлж магадгүй л юм. Бас зарим нь хэтэрхий хөнгөн санагдахыг үгүйсгэхгүй. Гэвч доорх кинонуудын давхцаж байгаа ганцхан гол шугам нь “хайр” юм. Та хайрын олон талт хэлбэрүүдийг эдгээр бүтээлүүдээс олж харах болно. 

1. Oasis (2002) 
Найруулагч: Lee Chang Dong
Imdb: 8


Найруулагч Lee Chang Dong нь Өмнөд Солонгосын артхаус кино найруулагчдын томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд түүний 2002 онд найруулсан Oasis хэмээх артхаус бүтээл нь Imdb- д 8 үнэлгээ авсан нь тус найруулагчийн бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээтэй нь. Тэрбээр нэг кино баг болон, цөөн тооны уран бүтээлч жүжигчидтэйгээ уран бүтээл болгондоо хамтарч ажилладгаараа Kim Ki Duk зэрэг найруулагч нартай ижил төстэй арга барилтай гэж хэлж болно. 

Энэ кино нь тархины саажилтай охин болон, хүн амины хэргээр шоронд ял эдэлж байгаад суллагдсан залуу хоёрын тухай өр өвтгөм түүх юм. Киноны үйл явдал энгийн хүмүүсийн хайр дурлалын харилцаанаас хэтийдсэн, хүнд зүйлийн тухай өгүүлнэ. Өөрийн дотоод мэдрэмжээ эгэл жирийн хүмүүс шиг илэрхийлэх боломжгүй охины дүр миний кино сонирхон үздэг болсон цагаас хойш үзэж байсан бүхий л кинонууд дундаас хамгийн шилдэг нь байсаар ирсэн. Анх үзэж байхдаа мэдэрсэн тэр гайхшрал одоо ч үзэхэд яг хэвээрээ байдаг шүү. Охины эгэл жирийн хүн шиг амьдралаа гэрэлтэй болгох гэж хичээж буйг илэрхийлэх дүрслэлүүд нь киноны хамгийн тансаг хэсгүүд. Хайр гэдэг ямар ч хүмүүсийг хооронд нь холбодог энгийн бөгөөд хамгийн агуу зүйл гэдгийг кино маш урнаар үзүүлдэг. Амьдралын ямар ч нөхцөл байдал, аль ч давхаргад хайр л бат оршин тогтносоор байдаг гэдгийг,  хайр үгүй бол оршин тогтнох юу ч үгүй гэдгийг энэ киноноос үзэж болно.

2. Spring summer fall winter and spring… (2003) 
Найруулагч: Kim ki duk
Imdb:  8,1

Солонгосын хамгийн алдартай артхаус найруулагч Ким Ки Дук- ийн оргил бүтээлүүдийн нэг болох тус бүтээл нь хүний амьдралын үе шатыг дөрвөн улиралаар илэрхийлнэ. Энэ кино яг л ном шиг. Нэг хуудас нь тэр чигтээ хайрын талаар өгүүлэх бол дараагийн хуудас нь сүр хүчит байгалийн талаар өгүүлэх болно. Цаашлаад залуу нас, хүмүүний аж амьдрал, үйлийн үр хийгээд нүгэл хилэнцийн талаар ч өгүүлэх олон арван хуудастай.  

3. Samaritan girl (2004) 
Найруулагч: Kim Ki Duk
Imdb: 7.2

Энэ кино нь арай өөр хайрын тухай өгүүлнэ. Кино эхлэхдээ өсвөр насны хоёр охины нэгнээ гэх сэтгэлийн талаар өгүүлэх мэт боловч гол шугам нь “эцэг хүн”-ий хайр байх ажээ. Энгийн сайн аав байх гэж хичээдэг нэгэн эр охиноо хэрхэн хайрлаж байгаа, тэр хайр охиных нь амьдралыг хэрхэн өөрчилж, магадгүй ямар үнэ цэнээр охины аврагдаж буйг киноны төгсгөлд үзэгчид ойлгох болно. Энэ бол маш хүнд кино. Түүнийгээ дагаад үзэгчдэд өгөх гол санаа нь ч даацтай. Ерөөс ганц солонгос ч гэлтгүй кино урлагт эцгийн хайрын талаар өгүүлсэн кино цөөн байдаг шүү дээ. Хайрын олон арван романтик кинонуудаас өөр онцлог шийдэл хэрэглэсэн нь маш хурц кино болоход нөлөөлсөн байх.

4. Mother (2009)  
Найруулагч: Bong Joon Ho
Imdb: 7.8


Нас нь явсан ч яг л таван настай хүүхдийнх шиг сэтгэхүйтэй нэгэн залуу буйдхан сууринд ээжтэйгээ аж төрнө. Нэг л өдөр өнөөх залуу гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдана. Харин түүний ээж үнэн мөнийг өөрөө олж мэдэхээр хүүгийнхээ холбогдсон хэргийн араас мөрдөж эхэлдэг. Тэр хүүгээ хэрэг хийгээгүй гэдэгт бат итгэсээр л... Үнэхээр ч хүү хэрэг хийгээгүй, ухаан муутайгаасаа болж хэлмэгдчихсэн мэт... 

Эх хүний үрийнхээ төлөө гэх агуу сэтгэлийн тухай энэ кино өгүүлэх ажээ. Ямар ч үед эх хүний итгэл л хамгийн сүүлд бөхдөг байна.  Хамгийн агуу тэсвэр тэвчээр, зориг хатуужилтай хүмүүс бол зөвхөн ээжүүд гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлэх тус бүтээл нь хурц шийдэл, эргэлтийн цэгээрээ бусад бүтээлүүдээс онцгой. Жүжигчдийн тоглолт, зураг авалт чадварлаг, үзэхэд үнэмшилтэй, хүлээн зөвшөөрөгдөж байгаа зэргээс дүгнэхэд л хэр сайн бүтээл болохыг харж болох юм.

5. Pieta (2012) 
Найруулагч: Kim Ki Duk 
Imdb: 7.8 


Италийн сэргэн мандалтын үеийн алдарт зураач, уран барималч Микеланжело нь 1497 онд  Ромд амьдарч  байхдаа Пиета гэх алдартай уран баримал урласан байдаг. Тус барималаас сэдэвлэсэн постер зурагтай найруулагч Ким Ки Дук- ийн Пиета гэх бүтээл нь 69th venice international film festival golden lion- шагналыг хүртэж, солонгосын кино урлагт том тэсрэлт болсон билээ. 

Мөнгө хүүлэгч залуу хүмүүсээс зээлдүүлсэн мөнгөө авахын тулд ямар ч хамаагүй арга хэрэглэдэг. Түүний эрэмдэг, зэрэмдэг болгож орхисон хүмүүс ямар их өшөө хорсол тээж буйг залуу үл мэднэ. Гэнэтхэн л нэг өдөр түүний ээж гэх эмэгтэй гарч ирсэнээр зүрх сэтгэлгүй мэт амьдарч ирсэн залуугийн амьдрал орвонгоороо эргэх болно. Түүний ээж хүүгийнхээ амьдралд хэрхэн нөлөөлөх бол... Хайрын нөгөө талд үзэн ядалт байдгийг энэ кино гэрчилнэ. Бид хамгийн хайртай хүмүүстээ л гомдож чаддаг. Хайрын нөгөө тал үзэн ядалт, үзэн ядалтын нөгөө тал хайр. Хүний сэтгэлээс буг ч гардаг, бурхан ч нь гардаг ажээ.
Мөн нэмж хэлэхэд энэ киноны дуу нь их гоё шүү. Сонсоод нэг үзээрэй. 

6. Beauty inside (2015)  
Найруулагч: Baek Jong Yeol
Imdb: 7.3 

Энэ бол гол дүр нь тогтсон дүр төрхгүй кино юм. Гол дүрийг эрэгтэй,  эмэгтэй  ч гэж тодорхойлох боломжгүй.  Учир нь өглөө болгон сэрэхдээ өөр төрхтэй болдог нэгний тухай өгүүлэх юм. Нэг өглөө сэрэхдээ царайлаг эрэгтэй болдог бол, маргааш өглөө нь сэрэхдээ хөгшин эр болчихсон байдаг. Түүний дүр төрх хэзээ ч нэг хүнийх байгаагүй. Тийм учраас түүнийг хэн гэдгийг тодорхойлох боломжгүй. Тэр нэг л өдөр эмэгтэй хүнд дурлах болно. Гэвч тэр эмэгтэй өөрийг нь хэзээ ч таньж чадахгүй болохоор хамгийн харамсалтай. Гэсэн ч залуу бууж өгөхгүй. Эцэстээ тэдний хайрын түүх яаж төгсөх бол...

Хөнгөн илэрхийлэмжтэй, сонирхолтой зохиолтой, мэдээж ийм зүйл бодит амьдрал дээр байхгүй ч “хэрэв ийм байсан бол яах байсан бол?” гэх бодлоороо үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж байгаагаас гадна “Би зөвхөн би байгаа нь ямар азтай хэрэг вэ?” гэдгийг ухааруулах болно. Магадгүй хүмүүсийн дотор байдаг маш  олон төрлийн ааш зан, үзэл бодол, амьдралын хэв маягийг  зүгээр л унтаад сэрэх болгондоо өөр хүн болоод хувирчихдаг байсан бол? гэх зөрчилөөр илэрхийлсэн хэрэг. Энэ нь л  хүмүүст сонирхолтой бас шинэлэг санагдаж байгаа юм. 

7.A man and a woman (2016) 
Найруулагч: Lee Yoon Ki 
Imdb:  6.9


Хэн хэн нь гэр бүл, тогтсон амьдралтай эрэгтэй эмэгтэй хоёр Канадын цасанд хучигдсан нам гүмхэн хотод санаандгүй байдлаар хоорондоо учирна. Тэдний дурлалын түүх бусдаас тийм ч онцгой биш. 

Магадгүй энэ миний үзэж байсан хамгийн гунигт хайрын түүхүүдийн нэг. Бас хамгийн романтик бүтээл гэж би хэлнэ. Ард нь явах аялгуу, канадын цаст зураглалууд, дэндүү ганцаардмал мэдрэмжүүд, онцын зүйлгүй энгийн үйл явдлууд гээд  хүний амьдралд байдаг, тохиолдож болох  агшнуудыг дүрсэлсэн нь хамгийн их таалагддаг. Эцэстээ гол дүрийн хоёрын харилцаа бас л үгүйсгэгддэг ч киноны хамгийн том зөвтгөл нь болдог. Хүний хамгийн эрх чөлөөтэй байж болох газар бол зөвхөн гэр орон. Тэд хэн хэн нь гэртээ үлддэг. Хэрэв тэд нийлсэн бол тэдний хайр дуусчих байсан байх. Киног үзэж дууссаны дараа тийм ч хөнгөн санагдахгүй. Цаанаа л нэг сэтгэлд гуниг төрнө. 

8. Bedeviled (2010) 
Найруулагч: Jang Cheol Soo
Imdb: 7.3

Тус киноны найруулагч нь Kim Ki Duk- ийн “Spring, summer, fall, winter and spring… болон Samaritan girl зэрэг кинодуудад туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд киноны зохиолыг нь найруулагч Lee Hwan Khyung /7 дахь өрөөний бэлэг/ бичжээ.” 

Банкинд ажилладаг нэгэн бүсгүй гэмт хэргийн гэрч болсноор тайван амьдрал нь бэрхшээлтэй тулгарч эхэлдэг. Энэ байдлаасаа түр ч болтугай хөндийрхийн тулд хүүхэд насаа өнгөрөөсөн хөдөө жижиг арал руу амрахаар явна. Өссөн нутагт нь түүнийг багийн найз эмэгтэй нь охин нөхрийнхөө хамт хүлээж байдаг бөгөөд тэнд ямар нууцуудтай нүүр тулахаа эмэгтэй гадарлах ч үгүй. Эмэгтэй зайлшгүй “үнэн”- ээс зугатаан өөр газар очдог ч тэнд бүр хэзээ ч гарч чадахааргүй “үнэн”- д ороолцолдчихдог. Үнэн заримдаа аймшигтай. Энэхүү бүтээл нь өнөөх л агуу хайр ямар аймшигтай үзэн ядалт болж хувирдагийг өгүүлэх ажээ...  

9. Miracle in cell no.7 (2013)
Найруулагч: Lee Hwan khyung
Imdb: 8.2

“7 дахь өрөөний бэлэг” нэрээр хүмүүс энэ киног андахгүй байх. Энэ бол үнэхээр энгийн биш хайрын түүх юм. Энгийн биш болгон хийж чадаж байгаагаараа л хамгийн онцгой ч юм шиг надад санагддаг. Ер нь солонгосчууд ямар ч зүйлийг үнэхээр  сайн “бүтээгдэхүүн” болгож чаддагаараа гарамгай. Тэр нь кино урлагт ч их мэдрэгддэг. Кино зохиол маш сайн.  Өвөрмөц зөрчилтэй, сонирхолтой дүрүүдтэйгээрээ бусад мелодрамуудаас онцлог. Хааяа нэг хөнгөн инээд гуниг хосолсон, энгийн дүрслэл илэрхийлэмжтэй ч чанартай, цагийн гарз болохооргүй бүтээл үзэхийг хүсвэл энэ кино яг тохирно.

10. 3 Iron (2004) 
Найруулагч: Kim Ki Duk
Imdb: 8,1


Эзгүй айлууд дамжин хоног төөрүүлдэг залуугийн тухай түүх. Түүний ээлжит сонгосон айлд харин гэрийн эзэгтэй нь байж таарсанаар тэр хоёрын түүх эхэлдэг. Тэд хамтдаа эзгүй айлуудаар хэсүүчилнэ. Мэдээж нөгөө эмэгтэй нөхөртэй боловч түүндээ хайргүй...

Ким Ки Дук найруулагч бүтээл бүртээ оршихуйн асуудлыг хөнддөг юм шиг санагддаг. Хүн хэрхэн материаллаг байдлаас хараат бус орших вэ? Ер нь оршиж болох уу? гэх асуултыг би түүний кинонуудыг үзсэний дараа өөртөө тавидаг юм. 

Оршихуйн гол үндэс нь хайр гэдгийг бүх л хайрын тухай бүтээлүүд өгүүлдэг. Мөн нөгөө талаар хайр үгүй бол бид хэрхэн орших талаар өгүүлсэн бүтээлүүд ч байдаг. Гэхдээ эцэст нь тийм бүтээлүүд ч  мөн адилхан л хайрын тухай бүтээлүүд юм.

Н.Даваасүрэн