2008 оноос хойш утаанд зарцуулсан мөнгөнд АУДИТ оруулахыг дэмжив

Улс төр / Time Admin
2018 оны 02 сарын 07

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцжээ. "Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Цэвэр агаар сан”-гаас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд  аудит хийлгэх санал өгчээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийх шаардлагатай гэсэн санал гаргав. Уг саналыг гишүүдийн олонх дэмжиж “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, батлахыг дэмжлээ.