Бенжамин Жонс: Хамба Д.Нацагдоржийн тухай кино Монголыг дэлхийд таниулна гэдэгт итгэлтэй байна

Ярилцлага / Time Admin
2018 оны 02 сарын 07

Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс, бариа засалч, эрдэмтэн Константин Павлидис, зураглаач Жерри Васбентер нар өнгөрсөн жил Монголд хүрэлцэн ирж Манба Дацан төвийн Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр зураг авалтаа эхлүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл баримтат кино бэлэн болж, олон улсын кино наадмуудад “сойж” байгаа талаар найруулагч Бенжамин Жонс хэлсэн юм. Түүнтэй Монголд богино хугацаагаар айлчлах үеэр ярилцлаа.

Дашрамд дурдахад, кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн Английн нэр нөлөө бүхий кино найруулагч юм.

-Таны кино бэлэн болсон талаар сонслоо. Энэ удаад та ямар ажлаар Монголд ирэв?

-Тийм ээ, бидний ажил амжилттай дуусч, одоо олон улсын кино наадамд оролцуулж байгаа. Кино маань бэлэн болсон болохоор Хамба лам Д.Нацагдоржтой уулзаж, хамдтаа киногоо үзэхийн зэрэгцээ Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн. Хамба лам Д.Нацагдоржийн тухай энэхүү кино Монгол Улсыг дэлхийд таниулах маш өвөрмөц болсон гэдэгт итгэлтэй байгаа. Түүнтэй хамт сууж киногоо үзсэн нь нэр төрийн хэрэг байлаа.

-Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат киног “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд хийж байгаа. Энэ цувралын хүрээнд та олон соён гэгээрүүлэгч хүмүүстэй уулзаж, хамтарч ажилласан байх. Хамба лам Д.Нацагдорж гуайтай хамтран ажиллахад ямар байсан бэ?
-Түүний талаар хэлэх зүйл олон бий. Д.Нацагдорж гуай мэдлэгтэй, соён гэгээрүүлэгч, сайхан сэтгэлтэй, нигүүлсэнгүй хүн. Монголчуудын соёл, уламжлалт анагаах ухааныг үе дамжуулан зааж сургаж байгаа гайхалтай хүн. Түүний хийж байгаа ажил үйлс үнэхээр агуу гэдгийг өнгөрсөн хугацаанд хамтарч ажиллахдаа мэдэрсэн. Би Хамба ламаас маш их зүйлийг сурсан. Тиймээс цаашид ч хамтран ажиллах бодолтой байгаа.

-Та энэ киног хийхээс өмнө Буддизм, уламжлалт анагаах ухааны талаар ямар нэгэн ойлголттой байсан уу. Зураг авалтын үед хэцүү зүйл тулгарч байв уу?

-Бага зэргийн ойлголттой байсан. Би Индонезийн Боро-будурт манай киноны зөвлөх продюсер Константинтай хамт очиж байсан. Энэ хот бол дэлхийн хамгийн том буддын сүм хийдтэй газар. Тэнд их зүйлийг харж, мэдсэн. Дараа нь Лондонд “Өөрийгөө эмчлэх нь” гэдэг сургалтанд сууж байсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монголд ирээд Хамба ламтай уулзахад надад тарни, Манла бурханы зарлиг номыг зааж өгсөн. Түүнээс хойш өдөр бүр тарни уншиж бясалгах болсон. Киногоо хийх явцдаа Хамба лам Д.Нацагдорж гуайгаас олон зүйлийг сурч, мэдэж авсан учраас хүндрэлтэй зүйл бага тохиолдсон. Харин хамгийн хэцүү зураг авалт гэвэл Завхан аймагт авсан хэсгүүд. Маш хүйтэн байсан. Бас олон км замыг машинаар туулах нь хамгийн хэцүү санагдсан. Бид туршлагатай жолооч болон Хамба ламын хүчтэй тарни номын тусламжтайгаар тэрхүү хэцүү бэрх замыг туулж чадсан гэж боддог. Техникийн хувьд гэвэл морь уургалах хэсгийг хальсанд буулгах болон Отгонтэнгэр уулын ойр бичлэг хийхэд маш хүйтэн байсан учраас дроунээ ч нисгэх боломжгүй байсан.

-Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино Монголд хэзээ албан ёсоор нээлтээ хийх вэ?

-Одоогоор нээлтийн өдрийг тогтоогүй байна. Эхний шатанд олон улсын дээд хэмжээний кино фестивалуудад оролцож байгаа. Монголд хэзээ нээлтээ хийх шийдвэрээ гаргаагүй ч энэ ондоо багтааж монголчуудад үзүүлнэ.

-Уг кинон дээр хамт ажилласан багийн гишүүдээ танилцуулахгүй юу?

-Тэгэлгүй яахав, киноны маань зураглаачаар Жерри Васбентер ажилласан. Би түүнтэй хамт-ран ажиллахад маш таатай байсан. Жерри Васбентер бол “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг бидний сайн мэдэх алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байсан туршлагатай зураглаач. Тэрбээр дурандаа Монголын гайхалтай дүр зургийг буулгасандаа баяртай байгаагаа хэлж байсан. Зураг авалтыг харьцангуй цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй хийсэн. Кинонд маань Монголын залуу уран бүтээлчид тусалж ажилласанд талархаж байгаа. Дууны инженерээр О.Пүрэв, туслах зураглаачаар Д.Чадраабал нар ажилласан. Орчуулагчаар ажилласан Б.Цэцэгбадам нартаа маш их талархдаг. Мэдээж туршлагатай жолооч нартаа бас баярлалаа. Киног маань англи хүн редакторлосон. Тайлбарыг Холливудын нэрт жүжигчин Вэн Кингсли /Ben Kingsley/ уншсан.

-Та энэ удаад ирэхдээ Манба Дацан эмнэлэгт эмчлүүлсэн гэлээ. Танд уламжлалт эмчилгээ хийлгэхэд ямар санагдсан бэ?

-Маш сайхан санагдлаа. Уламжлалтын зарим эмчилгээнүүд маш хүчтэй, буддын гүн ухаантай хосолсон мэт санагдлаа. Мөн Манба Дацан эмнэлгийн эмч, ажилчид бүг-дээрээ өвчтөний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, маш өндөр ур чадвартай байна. Миний эмчлэгч эмч Г.Одгэрэл үнэхээр сайн эмч. Д.Нацагдорж хамба лам бол уламжлалт анагаах ухааныг бүрэн эзэмшсэн гайхамшигтай хүн. Манба Дацан эмнэлгийн эмч нар түүний шавь бөгөөд олон хүнийг эмчилж эдгээсэн мундаг эмч нар юм байна. Хамба лам Д.Нацагдоржоор эмчлүүлж эдгэсэн олон хүнтэй Монголд төдийгүй Англид ч уулзаж байсан. Надад үнэхээр гайхалтай санагдсан.

-Уламжлалт эмчилгээнүүдээс хамгийн онцгой санагдсан нь аль нь вэ?

-Миний бодлоор бүх эмчилгээнүүд олон жилийн түүхтэй Манла бурханы зарлиг номтой холбоотой, мэдээж батлагдсан онол дээр үндэслэсэн шүү дээ. Өдөр бүр эмч өвчтөн хамтдаа Манла бурханы зарлигийг уншиж, тарни тоолж байгаа нь үнэхээр онцгой санагдсан.

-Та Хамба ламтай танилцсанаас хойш тарни тоолдог болсон гэлүү?

-Тиймээ, энэ удаад ирэхдээ би 108 мөргөлийн тухай мэдээлэлтэй болсон. Гэртээ буцаж очоод мөргөлөө тасралтгүй хийж, тарни номоо байнга уншиж байх болно.

-Баярлалаа, таны уран бүтээлд амжилт хүсье. Удахгүй Монголд киногоо албан ёсоор нээх үед тань дахин уулзая.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 №01 /42/