Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 8, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 02 сарын 08

1. Европын холбооноос манай улсыг хар жагсаалтаас хассан албан бичиг ирүүлжээ

Манай Улсыг татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаас тухай албан бичгийг Европын холбооноос ирүүлжээ. Ингэснээр Европын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарийн зөвлөлийн хурлаар өнгөрсөн сарын 23-нд гаргасан шийдвэр албан бичгээр баталгаажиж байна. [Bloombergtv.mn]

2. Ерөнхий боловсролын хоёр сургууль “хүүхдийн автобус”-тай боллоо

Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн удирдлагуудад хүүхдийн автобусны түлхүүр гардууллаа.  2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн  23 нийт  50  сургууль 121  автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. [ulaaanbaatar.mn]

3. Сар шинийн баяраар нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ

Жил бүрийн цагаан сараар хотын төвөөс зах руу чиглэсэн хөдөлгөөнд ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс энэ жилийн сар шинийн баяраар иргэдийг нийтийн тээврээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зорчуулах зохицуулалт хийх санаачлага гарчээ. Сар шинийн үеэр нийтийн тээврээр 231 мянган зорчиг зорчино гэж төсөөлж байгаа бөгөөд гурван өдрийн орлого нь 215.8 сая төгрөг болно гэж төлөвлөжээ. Уг мөнгийг Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах боломжтой байгаа аж. [Time.mn]  

4. Нийслэлд 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байна

Улаанбаатар хотын 152 хороонд орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг явуулахад 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Эднээс арилжааны банкны шалгуур хангах өрх нь 13 мянга аж. Нийслэлийн хэмжээнд зах зээлд бэлэн худалдаалагдаагүй 33 мянга гаруй орон сууц байгаа аж. Эдгээр орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, салбарын яам орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 болгож бууруулах шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн байна. [Eagle.mn]

5. Хөвсгөл аймагт улсын аварга цаатан тодорлоо

Хөвсгөл аймгийн онцлог бол зургаа дахь хошуу мал болсон цаан сүрэг юм. Сүүлийн жилүүдэд цааны тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж сар шинийн босгон дээр хоймор нутгаас анх удаа "Улсын аварга цаатан" тодорлоо гэж Цагааннуур сумын Засаг дарга Ч.Давааням мэдээллээ. [Montsame.mn] 

6. БНАСАУ Монгол Улстай уламжлалт харилцаагаа хадгалахаар зөвшилцлөө

БНАСАУ болон Монгол Улс уламжлалт харилцаагаа сэргээн бататгахыг харилцан уриалж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар хамтран ажиллахаар зөвшилцсөн байна. БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон манай улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нар даваа гарагт яриа хэлэлцээр хийсэн. Талууд, 70 жилийн өмнө тогтоосон дипломат харилцаагаа сэргээн бататгах талаар зөвшилцлөө гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжууллаа.[Time.mn]

7. Дутерте үнэтэй машинуудыг бульдозероор дайрчээ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд гааль дээр хураагдсан 860,000 еврогийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн 30 гаруй автомашиныг бульдозероор дайрчээ. [News.mn]

8. Өмнөд Солонгост 41 хүн гэдэсний халдварт өвчин тусчээ

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо энэ сарын 9-25 өдрүүдэд 23 дахь удаагийн өвлийн олимп зохион байгуулагдах билээ.Тэгвэл оломпийн тоглолтууд зохион байгуулагдах бүс нутгуудад норовирус буюу гэдэсний халдварт өвчнөөр 41 хүн өвчилсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт уламжлав. [Shuud.mn]

9. НҮБ-ын Вена хот дахь салбарын өмнө Дорнын суут эрдэмтдийн хөшөө босголоо

Шинжлэх ухаан, урлаг, утга зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Дорно дахины сод ухаантнууд болох дөрвөн хүнд зориулсан хөшөөг Вена хот дахь НҮБ-ын салбарын байрны өмнө босгожээ. “Вена хот дахь НҮБ-ын салбарын байрны өмнө Дорно дахины агуу суут дөрвөн эрдэмтэн болох Абу Али Ибн Сина /Авиценна/, Омар Хайям, Абу Рейхан аль-Бируни, Закария ар-Рази нарт зориулан хөшөө босголоо” гэж "Твиттер" сүлжээнд тавьсан НҮБ-ын мэдээлэлд дурджээ. [Montsame.mn]

10. Өмнөд Солонгосоос хөлөг онгоцондоо шатахуун цэнэглэхийг хүсэв

Өчигдөр Хойд Солонгосын 140 хүнтэй Самжиён чуулгын уран бүтээлчдийг тус улсын хамгийн том хөлөг онгоц болох Мангёнбон-92 далайгаар тээвэрлэж Өмнөд Солонгосын Мукхо боомтод ирсэн юм.Тэгвэл тус хөлөг онгоцыг шатахуунаар цэнэглэх хүсэлтийг Хойд Солонгосын тал Өмнөд Солонгост тавьсан тухай засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. [Ikon.mn]