Ерөнхий сайд аа, малын хөлийн татварыг сэргээе!

Улс төр / Б. Бат-Эрдэнэ
2018 оны 02 сарын 08

2012 онд 40 сая байсан малын тоо 2017 оны эцсийн байдлаар 66.2 саяд хүрч түүхэн дээд хэмжээнд хүрэв. Гэхдээ үүнийг бахархан зарлах тоо мөн үү гэвэл үгүй.

Малын тоо толгойн хэт өсөлт нь бэлчээр хөрсний доройтол, цөлжилт, гол ус нуур ширгэх томоохон нөхцөл шалтгаан болж байгааг жил бүрийн статистик тоо батална. Энэ бүх сөрөг асуудлын хажуугаар малчид улсдаа татвар төлөх нь битгий хэл жил бүр улсын төсвөөс их хэмжээний татаас мөнгө авч сурсан гэхэд хатуудахгүй болов уу. Ноос, ноолуур, махны урамшуулал, үнэгүй өвс тэжээл, өвчний вакцин гээд тэрбумаар тоологдох мөнгийг татвар төлөгчдийн халааснаас жил бүр гаргасаар ирсэн.

Ийм ч учраас малын хөлийн татварыг сэргээх талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдсан ч үе үеийн Засгийн газар, УИХ дараагийн сонгуулийн “АР”-аа бодож, асуудлаас эвтэйхэн бултсаар өдийг хүрсэн билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2015 онд Сангийн сайд байхдаа малын хөлийн татварыг бий болгохоор хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч эрхэм гишүүд 2016 оны сонгуулиа бодоод дэмжээгүй юм.

Бэлчээр усны хамгаалалтын асуудлыг малын хөлийн татвараар шийдэх боломжтой гэдгийг МАЛЧИД өөрсдөө хэлдэг...

Харин энэ удаагийн Засгийн газарт боломж байгаа гэж харж байна. Нэгдүгээрт, дараагийн сонгууль хүртэл хугацаа бий. Хоёрдугаарт, 65 гишүүнтэй эрх баригч намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа У.Хүрэлсүх үе үеийн төр засгийн зугтааж ирсэн “малын хөлийн татвар”-ыг шийдвэл эр бяраа харуулах том боломж. У.Хүрэлсүх анх томилогдох үедээ зоригтой бяртай байхаа амлаж байсан даа...

Нөгөөтэйгүүр, бэлчээр хамгаалах талаар малчдын зөвлөгөөн хэлэлцүүлэг болох бүрт бэлчээр усны хамгаалалтын асуудлыг малын хөлийн татвараар шийдэх боломжтой гэдгийг МАЛЧИД өөрсдөө хэлдэг. Өөрөөр хэлбэл малчдаас авсан татварыг малчдад нь эргүүлээд зарцуулах буюу бэлчээр хөрсний доройтлыг бууруулах, горхи булаг шандыг хамгаалах, гамшиг зудын үед малчдад зарцуулах төсвийг Малын хөлийн татвараас бүрдүүлэх боломжтой. Тиймээс малчдын зүгээс нэг их эсэргүүцэл тулгарахгүй болов уу.

Судалгааны байгууллагуудын зүгээс малын хөлийн татварыг тухайн оны эцсийн тооллого дээр түшиглэн хонин толгойд шийлжүүлж тооцох нь зүйтэй гэдэг дээр санал нэгддэг. Ингэж тооцсоноор улсын дүнгээр 100 сая орчим хонин толгой, /нэг сум дунджаар 300 мянга орчим/ хонин толгой малтай байгаа учир улсын хэмжээнд энэ татвараар 83.5 тэрбум төгрөг бүрдүүлэх тооцоог хийж байжээ.

Ингээд малын хөлийн татвар авах гээд байгаа шалтгаан болон зарцуулалтын талаар хэд хэдэн асуудал хөндье.

Бэлчээрийн доройтол ба цөлжилт

Монгол Улс 112.7 сая га бэлчээртэй. Нийт бэлчээрийн 52.9 сая га-г өвөл, хаврын улиралд 60.3 сая га-г зун намрын улиралд ашиглаж байна. 

2015 оны байдлаар 112.7 сая га бэлчээрийн 7 хувь нь нэн хүчтэй талхлагдалд, 63 хувь нь хүчтэй талхлагдалд өртөж, ургац 20-30 хувиар буурсан бөгөөд нийт 1683121 га бэлчээрт хөнөөлт мэрэгч, шавж голомтлон тархсан байна.

Монголын бэлчээр нийт 80-90 сая хонин толгой малын багтаамжтай буюу нэг га-д 500-600 хонин толгой нягттай байх боломжтойг эрдэмтэд тооцоолсон байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 1 га талбайд 100-200 хонин толгой мал хэтрэлттэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар л гэхэд 19 аймгийн 233 суманд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байгаа юм.

Түүнчлэн, бэлчээрийн доройтол, цөлжилт зэргээс шалтгаалан бэлчээрийн талбай жил ирэх бүр багассаар байгаа. 1964 оныхтой харьцуулахад 9.0 га-гаар багассан гэх тоон үзүүлэлт бий.

Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангаас харвал цөлжилтөд өртсөн талбай 2007 оноос хойш 10 жилийн дотор 3 дахин нэмэгдсэн. Тодруулбал, манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнийг салбарын эрдэмтэд тогтоожээ. Үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 22.9 хувийг эзэлж байгаа аж.

Судалгааны нэг чухал зүйл нь малын хөл, бэлчээрээс үүдэлтэй цөлжилтийн байдлыг тогтоосон явдал.

Судалгаанд дурьдсанаар:

“ ... Малын тоо толгойн өсөлт хамгийн түрүүнд ургамлын нөмрөгт нөлөөлөх бөгөөд ургамлын нормчилсон индексэд ижил хугацаанд гарсан өөрчлөлтийг үнэлж үзэхэд, малын тоо толгой өссөн бүс нутгуудад ургамлын нөмрөг сийрэгжих хандлага илэрсэн /Зураг 82/ [31]. Жилд -0.007-0.002 нэгжээр ургамлын нөмрөг буурч байгаа нь цаашид малын тоо толгойг зохицуулалтгүй нэмэгдүүлэх нь газрын чанарт сөрөг өөрчлөлт үзүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна....” гэжээ.

Дашрамд дурьдахад, цөлжилт гэхээр олонх хүний санаанд элс бодогдож байгаа биз. Тэгвэл энэ өрөөсгөл ойлголт юм. Цөлжилт гэдэг нь ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирч байгаль экологийн ямар нэгэн солилцоонд орох чадваргүй болохыг хэлдэг.

Гол горхи, нуурууд ширгэсээр...

Өнгөрсөн онд Ганга нуур малын хөлд талхлагдаж ширгэж үгүй болохдоо тулсан нь байгаль орчиндоо анхаарал хандуулах цаг болсныг монголчуудад ойлгуулсан чухал үйл явдал болсон. Түүнээс гадна малын хөлөөр үгүй болж буй гол горхи, булаг шанд, нуур усны томоохон нэгэн жишээ болсон юм.

2007 оны тооллогоор 5128 гол, горхины 852, 9306 булаг шандын 2277, 3747 нуур, цөөрмийн 1181, 429 рашааны 60 нь ширгэсэн бол 2015 оны тооллогоор 328 гол, 1102 булаг, 495 нуур нэмж хатжээ.

Өнөөдрийн байдлаар булаг шандын эхийг хамгаалж, хашаалах ажлыг орон нутаг улсын төсвөөр тогтмол хийж байгаа.

Өвөлжилт хүндэрч, өвчин гарах бүрт Улсын төсвөөс илүүчилсээр байх уу

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрсний улмаас улсын нөөцөөс 8000 тонн өвс үнэгүй, 6500 тонн малын тэжээлийг 50 хувь хямдруулан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 150 сумын малчдад хуваарилан олгож эхэлсэн. Үүнд улсын төсвөөс 40.0 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.

Түүнчлэн, улсын хэмжээнд нийт малын 10 хүртэлх хувийг хагас жил тутам вакцинжуулах шаардлагатай гэж үздэг. Вакцинжуулалтад зориулан 2018 онд гэхэд л улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр 7.8 сая тун вакциныг ОХУ-ын төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас худалдан авахаар төлөвлөж байгаа юм.

2018 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар таван аймгийн 13 суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Шүлхийн голомт дээр он гарснаас хойш ойролцоогоор 268 өрх бүртгэгдсэн байна. 2500 орчим мал өвчилсөн гэсэн тоон мэдээ байна. Үүнээс 2400 гаруй малыг устгалд оруулсан байна.

Түүгээр ч зогсохгүй өвчний улмаас устгалд оруулсан малд улсын төсвөөс нөхөн олговор олгодог!

Бэлчээр бол төрийн өмч... /Үндсэн хууль/

Үндсэн хуулиар бэлчээр бол төрийн өмч гээд заасан. Харин малчид “төрийн өмч”-ийг үнэгүй ашиглаад орлого олж байгаа ч татвар төлдөггүй тусгай хүмүүс болж таарах нь.

Ганц жишээ дурьдахад, жолооч нар машинаараа зам дээр явсныхаа төлөө “Зам ашигласны төлбөр” төлдөг. Машин нь утаа ялгаруулсны төлөө агаарын бохирдлын төлбөр ч төлдөг. Гэтэл мянга мянгаараа малаа бэлчээж бэлчээр хөрс ашиглаж байгаа малчид татвар төлдөггүй. Малын хөлд дарагдан бэлчээр хөрсний доройтож, булаг шанд ширгэсэн ч төлбөр төлөхгүй. Ингээд бодохоор шударга биш байгаа биз?

Мал нь үнэгүй өвс иднэ, өвөлжилт хүндэрвэл улсын нөөцөөс өвс тэжээл өгнө. Өвчин гарвал улсаас вакцин тарина. Энгийн татвар төлөгчдөөс эрт тэтгэвэрт гарна. Малын түүхий эдээ элдэв татвар шимтгэлгүй зарж борлуулна. Харин ч бүр эсрэгээрээ ноос, ноолуур, махаа зараад төрөл бүрийн урамшуулал хүртэнэ.

Ингээд дурьдаад байвал малын хөлийн татвар авах мянга түмэн шалтаг, шаардлага бий.