Ерөнхий сайдыг Сүхбаатар аймаг эсэргүүцлийн жагсаалаар угтжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 02 сарын 08

Зүүн аймгуудад ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Сүхбаатар аймгийн иргэд эсэргүүцлийн жагсаалаар угтан авчээ. Тодруулбал, өнөөдөр өглөө Баруун-Урт хотноо Ерөнхий сайдыг угтан авах үйл ажиллагааны үеэр нутгийн удирдлагын ордоны гадаах төв талбайд АН-ын гишүүд болон иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. 

Тэд “Засаг дарга З.Энхтөр огцор”, “Зайгаа тавьж өг” гэхчлэн лоозон барин зогсчээ. Энэхүү жагсаал нь тус аймагт нүүрлээд буй улс төрийн хямралаас үүдэлтэй юм. 2016 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН, АН-аас тус бүр 16 гишүүн сонгогдож, аль нэг нь олонх болж чадаагүй юм. Үүнээс болж хоёр намын бүлэг тус тусдаа харилцан хууль бус шийдвэр гаргадагаас болж аймаг, орон нутгийн ажил зогсонги байдалд ороод байгаа. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Татвар төлөгчдийн мөнгөөр идэх хоолтой, албан тушаалтай яваагаа өглөө бүр санаж иргэддээ үйлчил. Дотоод улс төрөө зогсоо. Талцаж, намчирхаад байвал орон нутаг хөгжихгүй" хэмээн аймгийн удирдлагуудад анхааруулжээ.