Монгол Улс сүүний хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авч байна

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 02 сарын 08

-Фермийн аж ахуйг хөгжүүлснээр сүүний дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэнэ-

Хүний нэг өдрийн сүүний хэрэглээний норм нь 170 гр гэж эрүүл мэндийн байгууллага үздэг. Өөрөөр хэлбэл хүн жилд дунджаар 62 литр сүү хэрэглэх учиртай. Ингээд бодохоор Улаанбаатар хотод амьдардаг 1.3 сая хүнд 210 орчим сая сүүний хэрэгцээ шаардлага байгаа юм.

Харин малчид, фермерүүд жилдээ нийт хэрэгцээний 30 орчим хувь буюу 70 орчим сая сүүг нийлүүлдэг бөгөөд үүний 40 саяыг нь дотоодын үйлдвэрүүдэд боловсруулдаг аж.

Өнөөдөр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл талаасаа асуудал алга, харин шингэн сүүний нийлүүлэлт хангалтгүй байна гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Ялангуяа жилийн дөрвөн улиралтай учраас өвлийн улиралд сүүний нийлүүлэлт багасдаг. Нөгөө талаас сүү хурдан муудах чанартай байдаг тул бэлчээрийн малын сүүг ашиглахад, хол газарт тархсан малын сүүг цуглуулж, боловсруулахад хугацаа их шаарддаг. Тиймээс ч нийлүүлэлтийг тогтмол хийхэд эрчимжсэн МАА буюу сүүний фермийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ төв суурин газраа тойрч, 100 орчим км-ийн радиуст фермийн аж ахуйг байгуулж, өргөжүүлэх нь оновчтой болохыг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.  

Одоогийн байдлаар эрчимжсэн МАА-н чиглэлээр 2000 орчим фермер 43 мянган саалийн үнээ бий гэсэн тоо байгаа юм. Цаашид фермийн үйл ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхийн тулд төр, засгийн зүгээс татвар, урамшууллын бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.