МАХН-ын Их хуралд Н.Энхбаяр үг хэллээ

Улс төр / Time Admin
2018 оны 02 сарын 09

МАХН-ын ээлжит II Их чуулган 1044 төлөөлөгчтэйгээр үргэлжилж байна. Чуулганы төлөөлөгчдөд амжилт хүсч улс төрийн гол хүчнүүд болон ИЗНН, МҮАН-аас илгээлт ирүүлсэн байна. 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хурлын үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, өнгөрсөн, одоо ирээдүй сэдвээр тавьсан улс төрийн илтгэл тавьжээ.

Илтгэлдээ тэрбээр, "Монголд өнөөдөр ядуурал ажилгүйдэл хамгийн том асуудал болсон байна. Ихэнх нь ядуу, үлдсэн нь түүнээс арай дээр амьдарч байна. Чинээлэг, баян дундаж давхарга гэж бараг алга.МАНАН бий болсон энэ цаг үед хээл хахууль, хүнд суртал хэрээс хэтэрлээ. Ийм байдлаар Монгол улс цаашид хөгжихгүй. Албан тушаалтнуудын нэг гарт бичиг, лиценз, зөвшөөрөл, нөгөө гарт нь багц, багц мөнгө атгаастай байна. Ийм байдлаар явах юм бол та бид улам ядуурч цөөхөн хэдэн хүн хагартлаа баяжна. Үүнийг засаж залруулах цаг нь болсон. Яаж засах юм. Юуны түрүүнд намууд өөрийн тодорхой үзэл санаа, үнэт зүйлтэй болох ёстой. Үзэл баримтлал, үнэт зүйлтэй болно гэдэг нь өөрөө муу зүйл хийхгүй, алдаа гаргахгүй, мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан улс орноо хөгжүүлэх замаа төлөвлөхийн нэр юм.Бид үзэл баримтлал, үнэт зүйлтэй болохын төлөө зүтгэсэн. Ингэж зүтгэсэн хэдий ч МАНАН биднийг сонгуульд луйвардчихсан. Гэхдээ бид сэтгэл санаагаар унаагүй. МАХН-ын нийт гишүүддээ, биднийг дэмжсэн нийт иргэддээ, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатартаа баярлалаа гэдгээ энэ ташрамд хэлмээр байна." хэмээн хэлжээ.

Мөн, "МАХН бол үзэл баримтлалтай нам. Бид социал демократ үзэл баримтлалтай нам. Социал демократ үзэл баримтлалын олон улсын бэлгэ тэмдэг бол ажилчин ангийн гарт атгаастай сарнай байдаг. Социал демократ үзэл баримтлалыг зүүн төвийн үзэл баримтлал ч гэдэг. МАХН өмнө нь зүүн төвийн үзэл баримтлалтай нам байсан. Энэ утгаараа зүүний үзэл баримтлалаа, уламжлалаа хадгалан авч үлдсэн. Уламжлалтайгаа хамт “Хувьсгалт” гэдэг үгээ нэрэндээ авч үлдсэн. Тиймээс МАХН бол бүтэн нэртэй нам юм. Бүтэн нэртэй нам тодорхой үзэл баримтлалтай байдаг. Тодорхой үзэл баримтлалтай нам бол улс орныг хөгжүүлэх зөв бодолтой нам байдаг." гэв. 

Намынхаа нэрийн "Хувьсгалт" гэдэг үгийн талаар бас ийнхүү ярьжээ.

"Хувьсгалт гэж ер нь юу гэсэн үг юм бэ. Хувьсгалт гэдэг нь богино хугацаанд, эрч хүчтэйгээр хөгжинө гэсэн үг. Хувьсгалт гэж бусдаас шалтгаалахгүйгээр өөрөө өөрөө хувь заяандаа эзэн болохын нэр. Хувьсгалт гэж зоригтой байх, ирээдүй рүүгээ тэмүүлэхийн нэр. Монголд хувьсгалт нам хэрэгтэй, хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй гэж бид өнөөдөр ард түмэндээ хэлж байна. Одоо монголд дахин хувьсгал хийх цаг нь ирсэн байна. Гэхдээ хувьсгал хийхдээ Үндсэн хуулийн хувьсгал хийцгээе. Үүнийг бид сүүлийн үед их ярьж байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харчхаад бидний ярьж байгаа зүйл зөв юм байна гэдгийг улам хүчтэйгээр ойлгосон. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар өнгөрсөн удаад ялалт байгуулсан.Сонгогчид өөр болсон байна. Тэд мөнгөнд хууртахаа больсон байна. Сонгогчид маань өөрсдийнхөө эрх ашгийг мэддэг, үр хүүхдээ боддог болсон байна. Ард түмэн өнөөдөр сайн намыг хүсэж байна. Муу намаас салахын түүс болж байна.Тийм учраас та бид муу нам биш сайн нам болох ёстой. Сайн нам болж ард түмнийхээ дэмжлэгийг 2017 оны сонгуулиар авсан. Одоо дараагийн сонгуулиар бүр ихээр авч, зүйтэй бодлогоо баталж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, монгол хүн монгол эх орондоо хүн болж төрснөөрөө бахархдаг, монгол хүн болж төрснөөрөө ядуу амьдардаг бус боловсролтой, эрүүл саруул амьдардаг тэр харилцааг сэргээхийн төлөө хамтдаа зүтгэе. Гэхдээ бид сайн зорилгодоо сайн аргаар л хүрнэ. МАХН-ын түүхэнд хэлмэгдүүлэлтийн он жилүүд байдаг. Энэ бол өвөг дээдсийн маань алдаа. Тэд сайн зорилгод муу аргаар хүрэх гэж эсхүл сайн зорилгод ямар ч аргаар хүрсэн яадаг юм гэж бодсоноос үүдэн ийм алдаа гаргасан. Тэгвэл бид сайн зорилгодоо зөвхөн сайн аргаар, сайн бодлоор, сайн сэтгэлээр хүрэх ёстой." гэлээ.