Торонто Репторс талбай дээрээ 23 ялалт байгууллаа

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 09


Хойд Америкийн ҮСБХ-ны улирлын тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өнөөдөр Атлантик дивизионы дэд байранд бичигдэж байгаа Торонто Репторс Нью-Йорк Никс-ийг өөрийн талбайд хүлээн авч 113:88-ын харьцаатай буулган авсан байна. 

Канадын баг эхний үед 23:18-ын харьцаатай тэргүүлсэн бөгөөд 2-р үед Сиакам болон Потел нарын ачаар тэд зөрүүг ахиулж эхний хагасыг 52:41-ээр дуусгасан байна. 3-р үед талбайн эзэд тэргүүллээ 20 оноонд хүргэж эцэст нь 113:88-ын харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү ялалт байгуулахад Йонас Валенчунас багаа 18 оноо, 10 самбараар тэргүүлсэн бол Камерун хамгаалагч Паскал Сиакам 14 оноогоор түүнд тус болсон байна. Мөн Сиакам энэ тоглолтонд 6 оновчтой дамжуулалт өгч карьерийн дээд амжилтаа тогтоожээ.

Мөн Серж Ибака, Жейкоб Потел нар 13 оноо, Делон Врайт, Си-Жей Майлс нар 11 оноо авч Фред ВанВлит 10 оноо цуглуулсан нь талбай дээрээ дараалан таван ялалт байгуулах гол түлхүүр болжээ. Өөрийн талбайд тэд 23 тоглолтонд хожиж ердөө 4 хожигдсоноор ҮСБХ-ны бүх багуудыг энэ амжилтаараа тэргүүлж байна. Бүх оддын тоглолтонд оролцох байсан Кристапс Порзингис-ийг алдсаны дараах анхны тоглолтоо хийсэн Никсээс Майкл Бизли 21 оноо, Трэй Бюрк 12 оноо цуглуулсан ч баг нь 5 дахь дараалсан ялагдлаа ийнхүү амслаа.