Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Бенеплас төслийг хэрэгжүүлнэ

Нийгэм / Time Admin
2018 оны 02 сарын 09

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарч буй хорт хийг бууруулах БенеПлас (BenePlus) технологийн шийдлийг Монголд АНУ-ын “Элпи Амина” ХХК-тай хамтран нэвтрүүлэхээр тохирлоо. БенеПлас нь нүүрсийг боловсруулан хангалттай дулаан ялгаруулах, нүүрсэнд агуулагдаж буй хүхэр болон бохирдуулагч бодисын хэмжээг 75 хувиас дээш бууруулах боломжтой түлш үйлдвэрлэх технологи юм. Тус технологийг нэвтрүүлснээр өртөг багатай цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хот суурин газрын тогтвортой хөгжлийг хангах, аж үйлдвэржилт, инновацийг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгаа юм.

БенеПлас технологийн шахмал түлшний өртөг нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн өнөөдөр хэрэглэж буй түүхий нүүрсний үнэнээс бага байх боломжтой юм. “ЭлПи Амина” ХХК өөрийн түнш байгууллагуудтай хамтран БенеПлас технологийн туршилтын үйлдвэрийг 2018 онд барьж байгуулах бөгөөд одоогоор байршлын судалгаа болон ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Туршилт амжилттай болсон нөхцөлд үндсэн үйлдвэрийг 2019 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.