ОХУ-ын 45 тамирчин, дасгалжуулагч олимпт оролцох боломжгүй

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 09

БНСУ-ын Пёнчан хотноо 23 дахь удаагийн өвлийн олимпийн наадам нээлтээ хийж байна. Өвлийн олимпийг тойрсон хамгийн том асуудал нь ОХУ-ын тамирчдын сэргээшийн асуудал болоод байгаа юм. Өнөөдөр Спортын Арбитрын шүүхийн зүгээс ОХУ-ын 45 тамирчны гаргасан давж заалдсан хэргийг хүчингүй болгож шийтгэлийг хэвээр үлдээлээ. Ингэснээр тэд БНСУ-д болох олимпийн наадамд юутай ч оролцох боломжгүй боллоо. 

Спортын Арбитрын Шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Маттеу Рийб, “Өнөөдөр Спортын Арбитрын шүүх ОУОХ-ны эсрэг давж заалдсан 32 тамирчны хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо. Мөн өчигдөр ирсэн 15 тамирчин, дасгалжуулагчийн хүсэлтийг ч цуцалж байна. Ингэснээр тэдний шийтгэлийн асуудал хэвээр үлдэх болно.” гэжээ.

Спортын дээд шүүхийн шийдвэрээр ийнхүү 6 удаагийн олимпийн аварга шорт трекийн домог Виктор Анн төрсөн нутагтаа болох олимпийг өнжихөөр болж байна. Мөн түүний хамтаар олимпийн аварга Александр Третиаков болон хүрэл медальт Елена Никитина, Александер Легков нар Пёнчанд өрсөлдөх боломжгүй. 

Биатлоны дэлхийн аварга Антон Шипулин ч мөн энэ тоонд багтаж байна. Сочи 2014 өвлийн олимпийн наадмаар үүссэн асуудлаас болж 4 жилийн хугацаанд хэдэн зуун тамирчин эрхээ хасуулахаас гадна өмнө нь авсан медалиа ч хураалгасан. Харин энэ олимпт ОХУ-ын 169 тамирчин эрхээ аван оролцож байгаа ч тэд ОХУ-ын далбаа болон бэлэг тэмдгийн дор жагсах боломжгүй. Харин Олимпийн таван цагирагаар гоёж ОХУ-ын Олимпийн тамирчид нэртэйгээр өрсөлдөх юм. 

Цагаан, цэнхэр, улаан өнгө дор жагсаж чадахгүй болсонд ОХУ-ын ард иргэд бухимдаж байна

Шигшээ баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломжгүй болсон мөн медаль авсан ч төрийн дууллаа сонсох боломжгүй болсныг хараад хөгжөөн дэмжигчид нь зүгээр суусангүй. ОХУ-ын хэсэг иргэд Канадын Монреал хотноо байрлах Дэлхийн Сэргээшийн Эсрэг Агентлагийн гадаа дүрст эсэргүүцлийг илэрхийлсэн байна. Тус эсэргүүцэл дээр ОХУ-ын Олимпийн багийн цорын ганц сэргээш нь нийт Оросуудын хайр хүндэтгэл, дэмжлэг юм. Оросууд очиж байна” гэсэн үгнүүдийг бичсэн байна.