СУДАЛГАА: Британичууд анх тас хар арьстай байжээ

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 09

Лондоны их сургууль болон Лондоны байгалийн түүхийн музейн судлаачдын хамтарсан баг Английн нутагт 10000 жилийн өмнө амьдарч байсан нэн эртний хүний араг ясыг судалж үзээд “эртний хүмүүс бүгд хар, бараан арьстай байсан байж болзошгүй” гэх сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, Их Британиас олдсон эртний хүн ‘Cheddar Man’ –ны ДНК-г шинжлэхэд тас хар арьстай, гүн цэнхэр нүдтэй хүн байсан нь тогтоогдсон байна.

10000 жилийн өмнө “Cheddar Man”-ыг мөстлөгийн үеийн төгсгөлд Европ руу дүрвэсэн эртний хүмүүсийн нэг гэж шинжээчид үзэж байна. Түүний араг ясыг 1903 онд Сомерсет муж дахь агуйгаас малтан гаргаж ирсэн бөгөөд одоо Лондоны байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа юм. Шинжээчдийн таамаглаж буйгаар, Британийн уугуул өвөг дээдсийн 10 хувь нь өнөөдөр “Cheddar Man”-ий омогтой холбоотой байх магадлалтай аж.  

Түүнчлэн, Нидерландын уран барималчид урьд өмнө нь байгаагүй нарийвчлалтай хүний нүүрний 3D модель бий болгохын тулд түүний генетикийн мэдээллийг ашиглажээ. Энэ барималд түүнийг хар арьстай, том хацартай, өтгөн хар үстэй, цонхигор хөх нүдтэйгээр дүрсэлсэн байна. Британийн дөрөвдүгээр сувгаар нэвтрүүлэх баримтат киноны хэсэг болгож энэ төслийг хэрэгжүүлсэн байна. 10000 жилийн настай эртний хүний нууцсыг тайлах “Эхний Британи” баримтат киног хоёрдугаар сарын 18-нд нэвтрүүлэх юм байна.