Г.Шийлэгдамбад оноосон ялыг хөнгөлж, 4 жил 6 сарын хорих ял болголоо

Нийгэм / Н. Сугар
2018 оны 02 сарын 09

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж АТГ-аас мэдээлсэн. Авлигын хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 заасан гэмт хэрэг үйлдсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн. Тодруулбал онц их хэмжээний хээл хахууль авсан гэж үзэн нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн шийдвэр гараад байсан. 

Түүний үйлдэлд тохирсон зүйл заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэжээ гэж Улсын Дээд шүүх үзлээ. Гэхдээ хууль өөрчлөгдсөн тохиолдолд яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг сонгож хэрэглэнэ гэсэн зарчмын бариагүй гэж дүгнэжээ. Тодруулбал өмнөх хуулинд 5 жил 1 сарын хорих ялтай байсан гэмт хэрэг шинэ эрүүгийн хуулинд 4 жил 6 сарын хорих ялтай болсон. Дээр нь нийтийн албан тушаалд 4 жилийн хугацаанд томилогдох эрхийг хасах өөрчлөлт оржээ. Улмаар Дээд шүүх шинэ Эрүүгийн хуулийн 22.4 заасан заалтыг ашиглаж ял оноолоо.

Түүнтэй хамт яллагдсан н.Ганчимэгт Төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 19 сая 200 мянган төгрөгийн торгох ял, О.Даваасүрэнд Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Гантулгад 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэснийг хэвээр үлдээжээ. Хэргийг эргэн сануулвал хэрэгтэн шийлэгдамба нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан өрөөндөө бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын байцаагчдад баригдаж байсан билээ.