Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 13, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 02 сарын 13

22 настай эмэгтэй нэг хоногтой нярайг хогийн саванд хаяжээ

Төрүүлсэн үрээ өвлийн хүйтнээр хогийн саванд хаясан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан байна. Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясныг эмнэлгийн асрагч нар хогоо асгаж явахдаа олж, амийг нь аварчээ. Хаягдсан хүүхэд төрөөд дөнгөж нэг хоносон байжээ. Хүүг яаралтай Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, шаардлагатай эмчилгээг хийсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн сайн байгааг албаны эх сурвалж өгсөн юм. [Time.mn]

Бүргэдийн баяр нийслэлд болно

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн хавар гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, намар Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг.Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна. [Gogo.mn]

Энэ онд 13.5 мянган малчин тэтгэвэрт гарна

УИХ-аас малчдын тэтгэврийн насыг бууруулах шийдвэр гаргасан. Ингэснээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэж байна. Эдгээрт 44.6 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгажээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмсэн. Үүнд 137.4 тэрбум төгрөг суулгаж, 393 мянган ахмад хамрагдахаар болж буй юм. [Eagle.mn]

Зам дээр эвдэрсэн машиныг араас нь мөргөсний улмаас хүний амь эрсджээ

Амралтын өдрүүдэд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 593 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал: Орон нутагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг асфальтан замд зам дээр эвдрээд зогсож байсан Mitsibushi Fuso маркийн автомашины араас Istana маркийн автомашин мөргөж зорчигч 25-30 орчим насны эрэгтэй амь насаараа  хохирсон ноцтой зам тээврийн ослыг шалгаж байна. [Medee.mn]

Таеквондоч П.Тэмүүжин Индонезид алтан медаль хүртжээ

Индонез Улсад болсон "18 th Asian Games Invitation Tournament" тэмцээнд  "Алдар" спорт хорооны таван тамирчин өрсөлдөж, нэг алт, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцэээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин алтан медаль хүртсэн байна. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн болжээ. [Montsame.mn]

“Антонов АН-148” онгоц осолдсоны улмаас 71 хүн үрэгдэв

Москва хотын Домодедово олон улсын нисэх буудлаас хөөрсөн Оросын агаарын тээврийн “Антонов Ан-148” онгоц Москва хотын зүүн өмнөд хэсэгт 80 орчим км-т орших газарт осолдсон байна. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан 65 зорчигч болоод хөлгийн багийн 6 гишүүн бүгд амиа алджээ. [Time.mn]

Олимпийн нээлтийн үеэр хакерууд халджээ

Олимпийн зохион байгуулагчид нээлтийн ёслолын үеэр кибер халдлага болсон гэдгийг албан ёсоор баталлаа. Пёнчан 2018 наадмын нээлтийн үеэр телевиз болон интернетийн сүлжээнд доголдол гарсан хэдий ч, ноцтой байгаагүй аж. Эхлээд утасгүй сүлжээ унаж, дараа нь албан ёсны цахим хуудас хэсэг хугацаанд ажиллаагүй бөгөөд тасалбар борлуулалт саатжээ.  [Gogo.mn]

Эртний Ром “Хятад хотхон”-той байжээ

Италийн өмнөд хэсэгт орших Ваньяри тосгоноос холгүй орших эртний Ромын үеийн булшнаас олдсон хүний араг яс эрдэмтдийн сонирхлыг маш их татжээ. МЭ I-II зуунд хамрагдах уг булшны шинжлэх ухаанд өгсөн бэлэг нь эртний Ромд Зүүн өмнөд Азийн цагаачид байсныг нотолсон явдал. ДНК-ийн шинжилгээгээр булшинд байсан эмэгтэй хятад болох нь тогтоогджээ. Түүхийн шинжлэх ухаанд МЭ I-II зууны үед Ром улс Өмнөд Азитай ямар ч холбоогүй байсан гэж үздэг байсан билээ. [Eagle.mn]

Нисэх буудлын орчмоос II дайны үеийн бөмбөг олжээ

Лондон хотод барилгын ажил явуулж байсан ажилчид Темза мөрний ойролцоогоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг булаастай байхыг олсон тул Лондон хотын нисэх буудлыг өчигдөр /2018.02.11/ түр хаасан байна. Тэсрэх бөмбөгийн аюулгүй болгохын тулд 214 метрийн бүсийг хамгаалалтад авчээ. [News.mn]

Ангела Меркель дөрөв дэх удаагаа Ерөнхий сайдаар ажиллана

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ням гарагт телевизийн ZDF сувагт өгсөн ярилцлагадаа Засгийн газрын тэргүүнээр дөрөв дэх удаагаа улиран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ. “Би амлалтаа биелүүлдэг хүмүүсийн тоонд багтдаг” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Меркель Христосын Ардчилсан Холбоо намын даргын үүрэгт ажлаа ч  үргэлжлүүлэн хашихаар төлөвлөж байгаа ажээ. [Montsame.mn]