Т.Тамир: Жижиг улсын жижиг компани ер нь “довтолж тоглох” ёстой юм байна

NTV Нэвтрүүлэг / Time Admin
2018 оны 02 сарын 13

“Бизнес Өрөг” шинэ цувралынхаа эхний дугаараар 2017 онд түүхэндээ хамгийн өндөр ашиг буюу 20 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамирыг онцолж ярилцлаа.

Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлээд 62 дахь жилтэйгээ золгож байгаа “МИАТ” компанид 800 хүн ажилладаг. 2017 оны байдлаар “МИАТ” Монгол Улсад 6.3 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалд 6.2 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Өнгөрсөн онд “МИАТ” олон улсын есөн чиглэлд, орон нутгийн нэг чиглэлд нийтдээ 2003 удаагийн аяллаар 16200 цагийн нислэг үйлдэж, 592 мянган зорчигч тээвэрлэжээ.

Өнгөрсөн онд “МИАТ” компани Бусан, Бангкок хотууд руу нислэгийн чиглэлээ нэмж, нислэгээс гадна олон улсын агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нислэгийн код хуваах зэрэг орлогын эх үүсвэрүүдээ ч нэмжээ. Т.Тамир нь өмнө нь Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ажиллаж байв.

Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр “Жуулчин ворлд турс” компанийн захирал Ш.Нэргүй, “Эйр транс” компанийн захирал З.Ганболд нар хүрэлцэн ирсэн юм.

-МАНАЙ КОМПАНИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУД ЭНЭ ЖИЛ ГАДААДЫН 50 ДАХЬ ОНГОЦОНДОО ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ-

Б.Болорчимэг: Өнгөрсөн онд “МИАТ” компани 20 хувийн орлогын өсөлттэй ажилласан байна лээ. Орлогын өсөлтөнд юу нөлөөлөв?

Т.Тамир: Миний хувьд “МИАТ” ХК-д  захирлаар томилогдож ирээд гурав дахь жилдээ ажиллаж байна. Анх ажлаа авч байх үед манай компанийн өөрсдийн боловсруулсан болон    гадны компаниудаар  боловсруулсан бизнес төлөвлөгөөнүүд  байсан. Гадаадын судалгааны багийнхан ирээд  бизнес төлөвлөгөө гаргахдаа  “Танай компани болохгүй байна. Нислэгээ хумь,  хоёрхон  онгоцтой байхад болно ” гэх зэргээр зөвлөдөг байсан. Энэ нь  манай нөхцөлд хөрсөн дээр буухгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд бид өөрсдөө төлөвлөгөө боловсруулах ёстой гэж үзээд  дунд хугацааны бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан юм. Төлөвлөгөөний явцыг гаргаж аваад, цаашид ямар боломжууд байна, яах ёстой вэ гээд захирлуудын зөвлөлөөрөө шийдээд өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнд нь өнгөрсөн онд ашигтай ажилласан гэж бодож байна.

Б.Болорчимэг: Таныг ирэхэд байсан бизнес төлөвлөгөө бүрэн өөрчилсөн гэсэн үг үү?

Т.Тамир: Бүрэн өөрчлөөгүй. Хэрэгжүүлэх боломжтойг нь хэрэгжүүлээд явсан. Гэхдээ тэнд бас нэлээд том том асуудлууд байсан. Тухайлбал, компани санхүүгийн дарамтанд орчихсон байсан учраас зээл авч үйл ажиллагаагаа зохицуулдаг байсан. Юун түрүүнд тэр байдлыг шийдсэн.

Б.Болорчимэг: “МИАТ” компани бизнес талаасаа орлогоо зөвхөн нислэгээр хязгаарлахгүй  ОХУ, БНСУ, Тайвань зэрэг орнуудад агаарын хөлгийн засвар үйлчилгээ үзүүлэх, нислэгийн код хуваах зэрэг үйлчилгээгээрээ орлого олдог юм байна? Бид агаарын тээврийн компанийг зөвхөн нислэгээс л орлого олдог байх гэж боддог.

Т.Тамир: Манай компани орлогын хувьд зөвхөн зорчигч тээвэрлэлтээсээ хэт хамааралтай болчихсон байсан. 100 хувь нислэгээсээ орлого олсоор ирсэн. Энэ бол маш эрсдэлтэй зүйл юм л даа. Тиймээс энэ хамаарлаас бага ч болов салах хэрэгтэй гэж үзээд бид 2016 онд онлайн борлуулалтын боломжуудыг нилээд судалж байгаад зарим нэг хэлэлцээ хийж борлуулдаг болсон. 2016 оноос өмнө онлайн борлуулалт манай орлогын нэгхэн хувийг бүрдүүлдэг байсан. Үүнийг өсгөх зорилго тавьсан. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, агаарын хөлгийн засвар үйлчилгээг тодорхой хэмжээнд сурталчилсан. Бид зөвхөн өөрсдийнхөө онгоцонд засвар үйлчилгээ хийдэг байсан бол өнгөрсөн хугацаанд манай хүний нөөц чадавхжиж, мэргэшсэн гэдэг утгаараа гадагшаа ажиллъя гэж зорьсон. Гадны авиа компаниудын онгоцонд хийсэн засвар үйлчилгээний орлого манай орлогын 5 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн 12 дугаар сард бид гадны 50 дахь онгоцондоо засвар хийсэн.

Б.Болорчимэг: Та бид хоёр танай компанийн засвар үйлчилгээний төвд ирээд байна. Энэ аль улсын онгоцыг засаж байгаа вэ?

Т.Тамир: Энэ ОХУ-ын  “ЮТэйр” гээд компанийн онгоц. Шинэ оны анхны онгоцондоо засвар үйлчилгээ хийж байна. Одоогийн байдлаар засвар үйлчилгээ 90 гаруй хувьтай явж байна. Ойрын хугацаанд үйлчилгээнээс гарчихна.

Б.Болорчимэг: Засвар үйлчилгээ хийх ажлаа хэрхэн олдог вэ?

Т.Тамир: Яг энэ чиглэлээр тусдаа үзэсгэлэнгүүд болдог. Солонгос, Бээжин, Оросын хотуудад  үзэсгэлэнгүүд гарна. Тэнд өөрсдийн сурталчилгааг хийгээд, үйлчүүлэгчээ татдаг. Тэндээс манайхыг мэдсэн хүмүүс хүрч ирээд манай энэ ангар(онгоц засварын газар)-ийг үзээд гайхдаг шүү. Үнэхээр энд стандартын дагуу ажиллаж үйлчилж байна, туршлага байна гэж тэд үнэлдэг. Америкаас саяхан манайд “Боинг”-ийнхон ирсэн. “Танайх мундаг байна аа” гэж хэлж байна.  Энэ бол 1996 онд ашиглалтад орсон ангар. Одоо 21 жил болсон байна.

Б.Болорчимэг: Гадны компаниуд “МИАТ”-аас засвар үйлчилгээ авч, үйлчлүүлэх сонголтонд юу нөлөөлөх вэ? Инженер техникийн ажилтнуудын ур чадвар уу, үнэ үү?

Т.Тамир: Ур чадвар мэдээж байна. Гол нь бид олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг нь үзүүлж байгаа.

Б.Болорчимэг: Олон улсын агаарын хөлөгт засвар үйлчилгээ үзүүлж байна гэдэг бол техникийн үйлчилгээг бид импортолж чадаж байна гэсэн үг биз дээ?

Т.Тамир: Тэгэлгүй яахав. Одоо бол бид экспорт хийж, дотоодын үйлдвэрлэгч нар болж байгаа юм. Нисэх буудал бол гаалийн татваргүй бүс шүү дээ. Энд бид үйлдвэрлэл явуулаад доллараар ашиг олж байна гэдэг чинь улсдаа тодорхой хэмжээний валют шууд авчирч өгч байгаа хэрэг. Мэдээж энэ бол өрсөлдөөнтэй зах зээл. Одоо урагшаа Хятадад өчнөөн мянган том компани байна. ОХУ-д, БНСУ-д ч өөрсдөө хийж байгаа. Сүүлд солонгосчууд өөрсдөө нэгдсэн агаарын хөлгийн том засварын төв барьж байна гэсэн. Тэр нь удахгүй ашиглалтад орох юм бол тодорхой хэмжээнд өрсөлдөөн нэмэгдэж л таарна.

Б.Болорчимэг: Засвар үйлчилгээний газарт хэчнээн хүн ажиллаж байна?

Т.Тамир: 150 гаруй хүн ажиллаж байна.

Б.Болорчимэг: Хүний нөөцөө хэрхэн бэлтгэж, сургаж байгаа вэ?

Т.Тамир: ШУТИС-ийн Механик Инженерийн сургууль байна. Энэ сургууль бол Иргэний Нисэхийн ерөнхий газраас гэрчилгээжсэн ганц сургууль. Тэндээс залуу мэргэжилтнүүд бэлтгэгдэж ажиллаж байгаа. Дээр нь өмнөх үеийнхэн нь ОХУ-д бэлтгэгдсэн байдаг. Мөн АНУ-д сурсан цөөн хэдэн хүн байна. Энд ажиллах сонирхолтой инженерүүд маш их байдаг. Цалингүй ч байсан ажиллъя гэдэг. Тэгээд дадлагажаад түр тушаалтай болоод, сонгон шалгаруулалт болоход ур чадвар, хэл ус, мэдлэг чадвартай бол жинхлээд авдаг. Ер нь бол манайх улам өргөжиж байна.

-ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ХОЁРХОН ХӨРШТЭЙ УЛСАД БОЛ АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАР МАШ ЧУХАЛ-

Б.Болорчимэг: “МИАТ” компани Германы хөлбөмбөгийн Боруссиа Дортмунд багийн маркетингийн сурталчилгааны ажлыг авсан. Энэ бол “МИАТ” компани төдийгүй, Монгол Улсын маркетинг болох боломжтой. Энэ гэрээг яаж хийв?

Т.Тамир: Анх бол бид ярьж байхад боломжгүй юм шиг асуудал байсан. Германы хөлбөмбөгийн номер хоёр багтай гэрээ хийх боломж байдаг юм болов уу гэж эргэлзсэн. Тэгээд манай компанийн ажилтнууд холбогдсон. Боруссиа Дортмунд баг бол Азид хамгийн том буюу 86 сая хүнийг багтаасан фэн клубтэй баг. Тэгээд бас Азиас нэлээд олон тоглогчтой. Дээр нь Боруссиагийн уриа нь “Бид одуудыг худалдаж авдаггүй. Бид одуудыг төрүүлдэг” гэдэг. Энэ утгаараа манайх шиг өсөж дэвжиж байгаа компаниудыг бас дэмжих сонирхолтой байдаг юм билээ. Мөн Боруссиагийн давуу талууд зөндөө байна. Жишээ нь, орчийн үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн сургуультай. Бид боломж байвал монгол хүүхдүүдийг сургаад, тэр хүүхдүүдэд авьяас чадвар нь байвал Европын том хөлбөмбөгийн багт тоглох боломж байна уу гэдгийг бас ярилцсан.

 Б.Болорчимэг: Азидаа хэчнээн компанитай хамтарч байгаа юм бол?

Т.Тамир: Ганцхан манайхтай хамтарч байгаа.Бид тэднээр дамжуулж өөрсдийн компаниа Европт сурталчилна. Германд таниулна. Герман луу нисэж байгаа шүү дээ.

Б.Болорчимэг: Бид хоёрын сууж байгаа энэ онгоц ямар үйлдвэрийн, ямар онгоц вэ?

Т.Тамир: Манайх зургаан онгоцтой. Энэ бол Боинг 737-800 гэдэг онгоц. 2002 онд үйлдвэрлэгдсэн.  Анх шинээр нь “Боинг” компаниас түрээсээр авсан. Одоо 16 дахь жилдээ ашиглаж байна. Ирэх жилээс энэ онгоц маань “тэтгэвэрт” гарна. Шинэ онгоцуудаар солино. Яг энэ онгоцны хувьд Ази, Европ бүхий л чиглэлд ниснэ. Ер нь онгоцнуудын хувьд хөдөлгүүрийн жин, хүчин чадал бүгд ондоо байдаг. Түүнээсээ хамаараад хаашаа нисэх нь ч ялгаатай. Тэгэхээр тийрэлтийн хүчин чадал, гаргаж байгаа дуунаасаа ч хамаараад хаашаа онгоцоо явуулах вэ гэдэг нь яригдана. Яагаад гэхээр дуу их байх тусам татвар нэмэгддэг. Одоо жишээ нь, Токио руу нисэхэд татвар төлнө. Энэ мэт нарийн ширийн асуудлууд бий.

Б.Болорчимэг: Одоо бол зогсолтгүй нислэг үйлдэж байгаа юм байна. Тийм үү?

Т.Тамир: Одоо бол зорчигчийн урсгал сайн байна. Энэ онгоцууд ээлжлээд хэдэн чиглэлдээ нисэж байна даа.

Б.Болорчимэг: Өнгөрсөн жил Бангкок руу шууд нислэг үйлдэж эхэлсэн байх аа. Ер нь энэ нислэгийн чиглэлийг тогтоохдоо бизнесийн ашигтай байх зарчмаар тогтоодог уу? Төрийн өмчит компани учраас төрийн бодлого оролцоотойгоор тогтоодог уу?

Т.Тамир: Би томилогдсоноосоо хойш сайд нарт шууд хэлдэг байсан. Энэ компани дээр улс төрийн нөлөө гаргаж болохгүй гэж. Улс төрийн шийдвэрээр явбал компани алдагдал хүлээдэг өмнөх жишээнүүд байна. Үүнийг давтаж болохгүй шүү гэж хэлсэн.

Б.Болорчимэг: Берлиний чиглэлд 20 жил алдагдалтай ажиллаж байсан гэсэн?

Т.Тамир: Тийм. Нисэж болно, гэхдээ энд чинь тодорхой хэмжээнд судалгаатай, бэлтгэлтэй хандах ёстой. Тавдугаар ээлжээр нисэж байгаа юм чинь Бээжингээс зорчигч авах, сурталчилгаа хийх, бэлтгэл нэлээд хангаж байж нээх ёстой болохоос шууд улс төрийн шийдвэрээр нислэг үйлддэг болж болохгүй.

Б.Болорчимэг: Ашиггүй биш юм гэхэд алдагдалгүй ажиллах ёстой биз дээ?

Т.Тамир: Агаарын тээврийн бизнес бол маш эмзэг. Эдийн засгийн уналтаас шууд хамааралтай байдаг. Өнгөрсөн онд эдийн засаг бага зэрэг сэргэлээ. Түүнээс хамаараад зорчигч, урсгал өсөөд явчихаж байгаа юм. Аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа бодолтой байх хэрэгтэй. Далайд гарцгүй,  хоёрхон хөрштэй улсад бол агаарын тээврийн салбар маш чухал.

-МАНАЙ НИСГЭГЧ НАРТ  ОЛОН КОМПАНИУДААС АЖЛЫН САНАЛ ИРДЭГ-

Б.Болорчимэг: Та “МИАТ” компанийн захирлаар ажилласан гурван жилийн хугацаанд компаниа ашигтай ажиллуулж чадсан. Мөн энэ хугацаанд шийдэмгий шийдвэр гаргаж, өөрчлөлтүүд хийсэн байна. Ямар зарчмаар ажиллаж байна?

Т.Тамир: Анх би ажлаа авах үед маш олон бизнес төлөвлөгөө байсан гээд би өмнө хэлсэн дээ. Үйл ажиллагааг тэлэх үү, хумих уу гээд. Тэгэхээр манай компанийн хувьд жижиг улсын жижиг компани учраас ер нь бол довтолж тоглох ёстой юм байна. Хамгийн сайн хамгаалалт бол довтлох гэдэг дээ. “МИАТ”-д дотоодын нислэг үйлдэх сонирхол ч байсан. Жижиг онгоцууд оруулж ирээд ойрхон ахиу нислэг хийх боломж бол манайд байна. Жишээ нь, Эрхүү, Улаан-Үд, Хөххот, Ордос руу нислэг үйлдэх боломжтой. Тэгэхээр бусад жижиг компаниудынхаа боломжийг хаагаад байгаа юм. Гэхдээ энэ тал дээр бол зогссон. Жижиг компаниуддаа боломжийг нь олгосон. Харин агаарын хөлгийн засвар үйлчилгээний хувьд нэг компанид базагдаж байх ёстой. Тэгж байж гадны бусад компаниудтайгаа ижил түвшинд харилцаж чаддаг.

Дээр нь шинэ нисэх буудлын 49 хувийг Монголын тал эзэмших хэрэгтэй. Шинэ нисэх буудлын гол үйлчлүүлэгч нь манай компани. Гадны компаниуд бол нислэгээ хийж буучихаад буцаад нисээд явчихна. Манайх бол 24 цаг, долоо хоног, 365 өдөр тэнд байна. Тийм учраас бид тодорхой хэмжээнд хувь эзэмших ёстой. Газрын үйлчилгээг бид хийнэ. Газрын үйлчилгээ гэдэг чинь тэр нисэх буудлын бас нэг гол цөм нь шүү дээ. Тэр утгаараа бид тэнд оролцох ёстой юм. Гэх мэт асуудлыг ярьж болж байна. Ер нь бол бид шийдэмгий байж, зоригтой алхамууд хийсэн үү гэвэл хийсэн. Шинэ чиглэлүүд нээх ёстой. Анх “МИАТ”-д ирээд Банкокыг нээе гэсэн. Мэдээж тооцоо судалгаан дээр үндэслэж шийдсэн л дээ. Зах зээлээ хамгаалахын тулд Солонгос руу хоёр дахь чиглэлийг нээсэн. Одоо өвлийн улиралд зорчигч урсгал бага байгаа ч зундаа бол дүүрэн л явж байна. Банкок руу бол өдөрт хоёр нислэг явж байна. Бид тооцоолсноос илүү ашигтай ажиллаж байгаа. Дээр нь өвлийн улирал гээд ярьсных манайх зуны улиралдаа тохируулаад онгоцуудаа түрээслээд авчихдаг. Мэргэжлийнхэн нь “Тэмээний бөх” гэж ярьдаг юм. Одоо яг тэр тэмээний бөх шиг хавар, зун өндөр болоод намар өвөл гээд зогчихдог.  Зун бол тэр онгоцуудаа бүрэн ашиглаад байдаг. Бусад үед тэр онгоцуудаа хаашаа хийх вэ болдог. Зогсож байвал тэр онгоцны түрээс, даатгал гээд зардал мөнгө нь яваад л байна. Тийм учраас онгоцуудаа ашиглаж байж, зардал мөнгөө хаая гэсэн бодлогоор өвлийн улирлын чанартай нислэг хийж байгаа. Дээр нь бид нойтон түрээсээр гадны компаниудад түрээслүүлж байна.Нойтон түрээс гэдэг нь онгоцоо нислэгийн багтай нь хамт түрээслүүлэхийг хэлж байгаа юм. Сая бид Чилид явуулсан онгоцыг Португалийн нэг компанитай өрсөлдөж байж ялж гарч ирсэн. Үнийн ч хувьд, шаардлага стандартын хувьд ч илүү байсан учраас ялсан. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд олон улсын нислэгийн зах зээл дээр үнэлэгдэж чадаж байна л гэсэн үзүүлэлт.

Б.Болорчимэг: Монголын нисгэгч нарыг гадны агаарын тээврийн олон компаниас ажиллуулах санал тавьдаг гэсэн. Манай боловсон хүчний чадвар өндөр байна гэсэн үг үү?

Т.Тамир: Нисгэгч нарын хувьд тийм асуудлууд байдаг. Хятадад агаарын тээврийн салбар хөгжөөд “бүүм” болж байна. Маш олон авиа компаниуд байгуулагдаж байна. Нисгэгч нарын хэрэгцээ маш өндөр байгаа. Манайхаас тийшээ ажиллахаар явсан хэд хэдэн нисгэгч бий. Одоо дахиад явах гэж байгаа ганц хоёр нисгэгч ч байна. Тэр хүмүүст бол бид, “Та Монголдоо ажилла. Гэр бүлтэйгээ ойрхон бай” гэж ярих нь холгүй юм ярьж байж тогтоож байгаа. Дээр нь цалингийн хувьд бид бусад компаниудтай өрсөлдөхөд бас ч тийм их муу биш. Үндсэн цалин хэдэн сая төгрөг авна, нислэг үйлдээд бас цалин авна. Гэхдээ Хятадын компани жилийн 330 мянган доллар өгнө гэвэл хүмүүс тийшээ явах нь аргагүй. Дээр нь Хятадад дуртай цагтаа ниснэ, байр орон сууц, бусад хангамж маш сайн. Манай компанийн хувьд төрийн өмчит компани учраас хангамж амлаж чаддаггүй. Гэхдээ яахав бид нисгэгч нараа гадны улсуудад сургахдаа гэрээ байгуулдаг. Тогтвортой ажиллах ёстой гэсэн үүрэг хариуцлагыг нь тусгасан гэрээ байгуулна.

Б.Болорчимэг: Таны хувьд “МИАТ”-д хэрхэн томилогдсон бэ. Төрийн өмчит компанийн захирлууд улс төрийн томилгоогоор ирдэг. Харин таны багийг харахад улс төрийн өөрчлөлтөд тэсвэртэй үлдэж чадсан?

Т.Тамир: Мэдээж энэ чухал салбарыг авч явах улс төрийн бодлого байдаг байх. Энэ томилолтын тухайд тэр бодлого бас харагдсан болов уу. Яагаад гэхээр тухайн үеийн нөхцөл байдлыг харахад салбар тун ээдрээтэй, эмзэг байсан. Гадны өрсөлдөгч компаниуд орж ирэх гэж байсан гэдэг ч юм уу. Эдийн засгийн уналтанд манай улс орчихсон, сонгууль, улс төр гээд бүх юм тун эгзэгтэй үе байсан. Энэ бүхэн бол аливаа компанид маш их нөлөөлдөг. Ямар ч байсан томилгооны хувьд миний дээр ТУЗ бий. Тэнд Төрийн өмчийн хорооноос эхлээд яам агентлагийн төлөөлөл оролцоно. Хараат бус гишүүд ч байна. Ер нь бол өмнөх захирал нь тэтгэвэртээ гарах болчихсон, дараачийн хүнийг нь хэн байх вэ гээд харсан юм билээ. Тэгээд “Энэ хүн Хонконгд компанийн үйл ажиллагааг сайн авч явж байна” гэж хараад миний нэрийг оруулсан байх. Эрх бүхий хүмүүс нь тэгж шийдсэн.

Б.Болорчимэг: Таны хувьд “МИАТ”-д ирэхээсээ өмнө АТГ, ТЕГ-д бэлтгэгдсэн шүү дээ?

Т.Тамир: Бэлтгэгдсэн ч юу байхав, ажиллаж байсан.

Б.Болорчимэг: Тэнд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулсан байх?

Т.Тамир: Төрийн байгууллагад ажиллах мэдээж чухал. Гол нь тагнуулын байгууллагын хуульд гол чиг үүрэг нь шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг үнэн зөв мэдээллээр хангах юм. Бас бичиг цаасны голдуу ажил хийнэ. Анализ, дүн шинжилгээ хийх ажил их. Тэр талын чадваруудыг бол тэнд ажиллаж байхдаа сурсан гэж боддог юм.

Б.Болорчимэг: Таны өмнөх ярилцлагуудыг судалж байхад НҮБ-ын ажлын саналаас татгалзаад “МИАТ”-ыг сонгосон юм байна гэж ойлгосон. Тэр шийдвэрт юу нөлөөлсөн бэ?

Т.Тамир: Татгалзах ч юу байхав. 2012 оны сүүлээр би магистраа хамгаалчихсан байсан. Тэгэхэд надад “МИАТ”-д ажиллах боломж байна, шийдвэрээ гарга гэсэн. Тагнуулаас ч тэр, АТГ-аас ч тэр гарахаар болоход үнэмлэхээ өгөөд гарна гэдэг бидний хувьд бас том чээлэнж юм даа. НҮБ-ын тухайд гэвэл би өөрөө олон улсын байгууллагад ажиллах сонирхол өндөр байсан. НҮБ ч бас хэлтэй, тэгээд хуулийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг авах сонирхолтой.  Тийшээ орсон бол Судан, Сомали гэдэг ч юм уу улсууд руу очиж ажиллах байсан байх. Тэгэхээр хүн бас эргэлздэг юм билээ. Залуу байсан, эхнэр маань Монголд хүлээж байлаа. Хүн бас нэг сурсан мэдсэн зүйлээ улсдаа зориулъя гэсэн шалтгаан байна. Тэр мэт зүйлүүдийг авч үзээд Монголдоо ирсэн. Яахав одоо энэ компаниас гарлаа гэхэд НҮБ-д хүсэлт тавибал ажиллах боломжтой л байх. Ер нь бол зөвхөн олон улсын байгууллага биш үндэсний корпорацид ажиллаад үзье гэсэн сонирхол надад бий.

-МИАТ КОМПАНИ БҮТЦИЙН ХУВЬД ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДДАА ИЛҮҮ АНХААРААД ЗАХИРГАА САНХҮҮГИЙН ТАЛ НЬ ЦОМХОН БАЙХ ХЭРЭГТЭЙ. ГЭВЧ ҮҮНИЙГ БИ ГАНЦААРАА ШИЙДЭЭД ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ-

Б.Болорчимэг: Та өөрөө бизнесийн удирдлагын мэргэжилтэй хүн. Томилогдож ирснээс хойш “МИАТ” компанийн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, менежментийг нь хараад  бизнесийн байгууллагын ашигтай байх зарчмаар өөрчилж хөгжүүлье гэхээр төрийн өмчит компани учраас зорьсноор болохгүй байх тохиолдол байна уу?

Т.Тамир: Байлгүй яахав. Төрийн өмчит компани бол уян хатан биш. Хувийн компанитай харьцуулахад шийдвэр гаргахад удаан. Тийм сөрөг талууд бий. Жишээ нь, компанийн бүтэц зохион байгуулалтыг ч би хүссэнээрээ өөрчилж чаддаггүй. Яагаад гэхээр би ТУЗ-дөө танилцуулна, Төрийн өмчийн хороо, яамнаас санал авна. Зарим нь болохгүй. Уг нь бол компанийг аль болох нүсэр том бүтэцтэй биш инженер техник тал дээрээ илүү анхаараад захиргаа санхүүгийн тал нь цомхон байх, бүтэц зохион байгуулалт нь арай өөр хайрцагнуудтай, олон улсын компаниудын жишигтэй байлгах сонирхол надад байгаа. Гэхдээ тэр нь мэдээж зөвхөн миний саналаар шийдчих зүйл биш.

Б.Болорчимэг: Ярилцлага эхлээд л хоёулаа “МИАТ” компанийн ашигтай ажиллагаа  гэхээр л төрийн оролцоог нэлээн шүүмжиллээ. Дотор нь ажиллаж байгаа таны байр суурьд гайгүй байгаа? (Инээв)

Т.Тамир: Гайгүй ээ. Төрийн ажил мэдээж өгөө аваа байна. . Одоогийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол миний бодлоор зөв явж байгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл хүнтэйгээ гэрээ байгуулдаг, үр дүн ярьдаг болсон. Жишээ нь, компанийг ашигтай ажиллуулах ёстой, хууль дүрэм гээд янз бүрийн шаардлагуудаа тавьдаг. Сүүлийн гурван жилд манай компани ашигтай ажиллаж байгаа.  Яахав улс төрийн дарамт байх үе байдаг л даа. Би  өөрөө нам бус. Аль болох төвөөс зайдуу байхыг боддог хүн. (инээв)  

Б.Болорчимэг: “МИАТ” компанийн захирлыг урьчихаад нислэгийн үнэ асуухгүй бол болохгүй байх. МИАТ-ын нислэгийн үнийг үргэлж өндөр үнэтэй байдаг гэдэг. Гэтэл танай зүгээс  2011 оноос хойш билетийн үнэ огт хөдлөөгүй гэдэг. Яагаад ийм өндөр үнэтэй байна? Нислэгийн үнийг яаж тогтоодог юм бэ?

Т.Тамир: Үнэн. Манайх 2011 оноос хойш үнэ тарифын ямар ч өөрчлөлт оруулаагүй. 2011 онд доллар 1400 орчим төгрөг байсан бол одоо 2400 гаруй төгрөг байгаа. Энэ мянган төгрөгийн зөрүүг компани өөрөө даагаад явж байгаа. Тарифын тухайд манай маркетингаас үнэ гаргаж, ТУЗ-өөр баталж байж шинэчилнэ. Дээр нь манайх руу нисэж байгаа гадны компаниудийн дундаж тариф гэж байна. Дунджаас харвал манайх хамгийн хямд нь байдаг. Дундаж тариф манайх 240 ам.доллар бол гадны нэг компани 260 ам.доллар ч юм уу байгаа. Ер нь бол код шэйр, тарифуудыг бид шинэчилж байгаа.  Ирэх хавар гэхэд Amadeus системд бүрэн шилжинэ. Энэ бол зорчигч нарт маш том эерэг өөрчлөлт байх болно. Онлайн бүртгэл, суудлаа захиалах боломж, дамжаад ниссэн ч өөр компаниудын онгоцонд суудлаа зохицуулаад явах боломжтой. Miat.com-оор захиалбал очоод авснаас илүү хямд байдаг ч юм уу. Ийм байдлаар онлайн борлуулалтыг бид идэвхжүүлж байгаа. Онгоцны нэг суудалд оногдох зардал гэж байгаа. Тэнд нь онгоцны түрээс, даатгал, нисэх буудлын такс, ауюлгүй ажиллагааны такс гээд зардлууд орж бүх юм нь билетний үнэ болж байгаа. Бас нэг зүйл нь нэг доллар зараад хэдэн доллар олж байна вэ гэсэн тийм үзүүлэлт байдаг. Тэндээс харахад манайх дэлхийн авиа компаниудын яг дундаж л байгаа. Бид 1 ам.доллар зараад 1 ам.доллар 02 цент ч юм уу олж байгаа. Тийм бага байдаг.

Б.Болорчимэг: Магадгүй “МИАТ” хувьчлагдаж үнийн чөлөөт өрсөлдөөн бий болвол тийзний үнэ буурах боломжтой юу?

Т.Тамир: Ер нь тийм боломж байхгүй. Энэ тал дээр аялал жуулчлалын ч юм уу, бусад компаниуд нэлээд шахалт үзүүлдэг л дээ. “Танайх нээлттэй бол. Хэтэрхий хамгаалсан бодлого баримталж байна” гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн манай компаниас хамаарахгүй шүү дээ. Аялал жуулчлал бол жишээ нь энэ том секторын тодорхой нэг хувь нь л юм. Бүгдийг бид зохицуулах боломж байхгүй.

-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БҮХ БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ-

“Жуулчин ворлд турс” компанийн захирал Ш.Нэргүй: 2020 оны захиалга өдөр судартайгаа, ирэх хүний тоотойгоо бидэнд байна. Тэгэхээр тэр хүмүүсээ авах гэхээр “МИАТ”-тайгаа хэл амаа ололцож чадахгүй байх үе байдаг. Аялагчид авиа компаниас хөнгөлөлт хүсээд байдаг. Тэрийг нь өгч чадахгүй  болохоор нөгөөдүүл чинь “Кореан Эйр” ч юм уу гадны компаниас хөнгөлөлт авчихдаг. Бидний хүсэж байгаа зүйл юу гэхээр цаашдаа томоохон  аялалын компаниудыг  багц аяллуудаар хангах боломжууд байгаа юу?

Т.Тамир: Багц аяллуудын тухайд гэвэл манайх шиг төрийн өмчит  компаниудын хувьд шийдвэр хурдан  гаргах тал дээр учир дутагдалтай байдаг. Энэ талаар жуулчны компаниуд их гомдол гаргадаг л даа. Албан хүсэлт тавихад түүнд нь хариу өгөхгүй удаж байна гэдэг ч юм уу асуудал байна. Бидэнд эртнээс захиалга өгвөл багц аялал гаргах мэдээж боломжтой. Зуны цагт ачаалал нэмэгдэж, онгоцны шаардлага ихэсдэг. Тэр үед манайд бас онгоцны хүрэлцээний хүндрэлүүд гарна. Гэхдээ аль болох бидэнд дэмжлэг үзүүлж байгаа тур компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллахыг хичээдэг. Манай дотоодын компаниуд хоорондоо уялдаж ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Гаднаас ирж байгаа жуулчдад  жишээ нь, Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөн гэсэн нислэгийн билет бичих боломж байдаггүй. Заавал энд ирж бууж байж бичдэг. Энэ тал дээр хамтын ажиллагаа байхгүй байгаа л гэсэн үг. Тэгэхээр авиа компаниудтайгаа эхний байдлаар уулзаад, зах зээл дээр яаж ажиллах вэ, бие биедээ саад болохгүйгээр хэрхэн хамтарч ажиллах боломж байна вэ гэдэг талаас нь ярилцсан. Билетийн борлуулалт  жилийн өмнө эхэлчихдэг болохоор гадны компаниуд эртнээс төлөвлөөд суудлуудаа блоклочихдог. Гэтэл манайх онгоцныхоо 70 хувийг групп суудлууд тавьчихдаг. Харин 30 хувь нь ганцаарчилж явж байгаа хүмүүст зориулагддаг. Ачаалал ихссэн үед хомсдол үүсээд байгаа нь үүнтэй бас холбоотой. Аль нэгийг нь багасгаад эсвэл нэмээд шийдье гэхээр бас асуудал үүснэ. Тэгэхээр эртхэн захиалбал хямд байна аа гэж хэлээд байгаа юм.

“Эйр транс” компанийн захирал З.Ганболд: Хамгийн багадаа зургаан сарын өмнө захиалбал хамгийн хямд тасалбар тухайн жилдаа авах боломжтой гэсэн олон улсын судалгаа байгаа.

Б.Болорчимэг: Яг бизнес талаасаа танай гурван түвшний нэгж байгууллага нэгдээд нислэг гаргах боломжтой юу?

Т.Тамир: Боломжтой.

Ш.Нэргүй: Манай компанийн хувьд 2008 онд Хонконг руу 10 чартер /захиалгат/ нислэг авч байсан. “МИАТ” бидэнд нэлээд хөнгөлттэй үнэ өгсөн. Бид ч зоригтой маркетинг хийж байсан. Дараа нь бид Хайнаны аяллыг зарлаж байсан. Одоо ч гэсэн бид Т.Тамир даргатай ярьж байна. Бид Гуанжугийн нислэгийг авъя. Бид маркетинг нь хийе, хүнийг нь бид олъё гэж байгаа. Иймэрхүү маягаар боломж хайж, хамтрахад бол бэлэн байна. Дээр нь олон эвентүүд бид хийдэг. Мөсний баяр, Бүргэдийн баяр гэх мэт. Энэ үеэр чинь үнэхээр онгоц олдохгүй байгаа юм аа. Дотоодын нислэгийн онгоц нь 50 хүний суудалтай. Тэр нь дүүрчихээр чартер нислэг хийе гэхээр үнэ нь өндөр байдаг.

З.Ганболд:  билетийн борлуулдаг агентлагуудын  хувьд системээр бүх суудлаа зардаг. Нэг онгоц дүүрчихээд байхад билет нэмж зараад байж болохгүй шүү дээ. Бид систем талаасаа бүх нөхцлийг нь бүрдүүлээд, “МИАТ” компани тээвэрлэгчийн хувьд онгоцоо нисгээд, аялал жуулчлалын компаниуд жуулчнаа олоод хамтрахад бүрэн боломжтой.

Т.Тамир: Ер нь шинэ чиглэл нээхэд авиа компани дангаараа эрсдэл даагаад явахад хэцүү. Эхний үед шууд чартер / захиалгат/ нислэгүүд туршдаг. Хонконгийн нислэг бол нэлээд өвөрмөц байсан. Шууд чартер нислэгүүд үйлдэж эхэлсэн. Нисэж эхлэхдээ л ашигтай байх ёстой. Тухайн үед “Хүннү Эйр” орч ирээд өрсөлдөөний явцад ашиггүй болж эхэлсэн. Сая жишээ нь ярианы явцад харагдаж байгаа нэг зүйл байна. Тал талд маркетингийн зардал гараад явж байснаас нэгдэх үедээ нэгдэж байвал хэн хэндээ ашигтай, үр дүнтэй байх.

З.Ганболд: Нислэг л байвал бидний хувьд билетийг нь бичээд байх боломжтой.

Ш.НЭРГҮЙ: “МИАТ” ГУАНЖУ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙНЭ ГЭВЭЛ МАНАЙ КОМПАНИ ДАНГААРАА 10 ЧАРТЕР НИСЛЭГ АВЪЯ

Б.Болорчимэг: Төрийг харахгүйгээр, төрийн бодлого дэмжлэгийг хүлээхгүйгээр хийж болох хамгийн эхний алхам бол компаниуд нэгдэх юм байна. Тэгвэл нэгдээд дараагийн хийх зүйл нь юу вэ?

Ш.Нэргүй: Одоо жишээ нь ирэх жил Гуанжу руу нислэг үйлдвэл би дангаараа 10 чартер ч хамаагүй авъя гэж байгаа юм. Алдвал алдъя, ажиллавал ажиллъя. Гэхдээ бид мэдээж эрсдлээ тооцсон. “МИАТ” жишээ нь ирэх жил Гуанжу руу 10 нислэг хийнэ гэвэл манай компани дангаараа авъя. Эрсдлийг бид хүлээе гэж байгаа юм.

Т.Тамир: Тогтвортой бодлого алга байна гэдэг шүүмжлэл олон жил гарч байгаа. Тэр тогтвортой бодлого нь байвал манай компанид ч гэсэн хэрэгтэй байна. Бид одоогоор 2-3 жилээ төлөвлөж байгаа ч ядаж 5 жилд ийм зүйлд хүрнэ гэсэн тогтвортой байдал хэрэгтэй. Тийм байвал шинэ чиглэл нээнэ гэдэг ч уу яриа байж болох юм. Жуулчны компаниудтайгаа ч бид тогтвортой ажиллахыг эрмэлзэж байгаа. Энэ компаниуд чинь цаанаа бас аялал жуулчлалын компаниудтай холбоотой байгаа. Зөвхөн эндээс жуулчин авах биш, тэндээсээ бас жуулчин авчрах гэх зэргээр хамтраад ажиллаж болно. Гол нь бодлогын шийдвэр, тогтвортой байдал чухал байна.

Ш.Нэргүй: Тамир захирлаас миний асуух зүйл юу гэхээр цаашдаа бид хамтарсан ажлын хэсэг гаргаад туршлагаа хуваалцдаг уулзалтын цагтай болбол хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Ийм боломж бий юү?

Т.Тамир: Үүнийг манай компани дээр ярилцаж байгаа. Салбарт ажиллаж байгаа компаниудтайгаа байнга санал солилцож брэйнсторминг гэдэг дээ тийм зүйл хийе гэж ярьж байсан. Эхний ээлжинд бид авиа компаниудтай уулзаад эхэллээ. Цаашдаа илүү өргөн хүрээнд ярьж, зөвлөлдөөд эхэлбэл илүү үр дүнд хүрнэ.

Б.Болорчимэг: Ядаж л аль аль талдаа маркетингийн зардал танагдахаас эхлээд боломжууд бий болно шүү дээ?

Ш.Нэргүй: “МИАТ”-д ямар зовлон байна. Аялал жуулчлалын компаниудад ямар зовлон байна вэ. Зовлонгоо ойлгоод урагшаа явна гэдэг чухал.

“МИАТ” АЗИДАА ХАМГИЙН ЗАЛУУ ХӨЛГҮҮДТЭЙ АГААРЫН ХӨЛГИЙН ПАРК БОЛНО

Б.Болорчимэг: “МИАТ” компанийг хувьчлах ёстой гэж ярьдаг л даа. Та өөрийн ярилцлагадаа ч бас тэр талын байр суурийг дэмжсэн байсан. Ер нь хувьчлагдвал “МИАТ” чөлөөт өрсөлдөөнд бэлэн үү?

Т.Тамир: Бидний өнөөдрийг хүртэлх хийж байгаа ажлууд бол ерөнхийдөө чөлөөт өрсөлдөөнд бэлдэж байгаа хэрэг юм. Парк шинэчлэлийн гэрээнүүдээ байгуулчихсан. Онгоцоо шинэчлэх, системээ шинэчилж байна. Нислэгийн шинэ чиглэлүүд бас нээж байна. Давтамжаа нэмэгдүүлж, одоо жишээ нь БНСУ руу зун өдөрт хоёр нислэг хийдэг. Ингэж өөрийн чадамжаа нэмэгдүүлж, агаарын хөлгийн засвар үйлчилгээ гэхэд бас тодорхой хэмжээнд зах зээлтэй болоод танигдчихлаа. Энэ бүхэн бол манай компани цаагуураа өрсөлдөөнд бэлдэж байгаа л хэрэг юм. УИХ-аас гаргасан Агаарын тээврийн салбарт баримтлах Төрийн бодлогын бичиг баримт байгаа. 2020 он хүртэлх хугацаатай тэр баримт бичигт “Үндэсний агаарын тээвэрлэгч байна”, “Үндэсний агаарын тээвэрлэгчээ бодлогоор хамгаална” гэж байгаа. Тэгэхээр тэр бичиг баримт 2020 онд дуусна. Одоо ч гэсэн бид нэмэлт өөрчлөлт оруулах гээд ажлын хэсэг гарчихсан явж байна. Тэгэхээр 2020 оноос өмнө ч юм уу, 2020 оноос хойш чөлөөт өрсөлдөөнд орно гэсэн дохио өгч байгаа.

Шинэ нисэх буудал ашиглалтад ороход гадны олон компани нислэг үйлддэг болно. Тэр нь ч зөв. Гэхдээ тэр хооронд манай компани тодорхой хэмжээнд оршин тогтнох чадвартай болж байж өрсөлдөөнийг нь нээж өгөх хэрэгтэй юм.

Б.Болорчимэг: 2019-2020 оны хооронд “МИАТ” компанийн онгоцны тоо дөрвөөр нэмэгдэх юм билээ. Энэ нь танай компанийн орлого болон нислэгийн чиглэлүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Т.Тамир: 2011 онд манайх “Боинг” компаниас гурван онгоц худалдан авах шууд гэрээ хийчихсэн байдаг юм. Тэгээд 2013 онд онгоц нь орж ирсэн. Гэтэл тэр онгоцнууд нь одоо манай компанид санхүүгийн хувьд нэлээд дарамт учруулж байгаа. Тэгээд дахиад хоёр онгоц нь хүлээгдээд байсан. Тэрийг бид яах вэ гэдгийг шийдвэрлэсэн юм. Боинг-737 NG (New generation) гэдэг онгоц авах ёстой байсан. “Үүнийг авбал манай санхүүгийн ачаалал дахиад нэмэгдэх юм байна, бид даах чадваргүй юм байна аа” гээд “Боинг”-той ярилцсан. Улмаар 60 сая ам.долларын хоёр онгоц байсныг нь 51 сая ам.доллар болгосон.  Дээр нь үйл ажиллагааны түрээсийн нөхцөлд шилжүүлэх тохиролцоонд хүрсэн. Ингээд 2019 оноос 2020 онд дөрвөн онгоц орж ирнэ. Ингэснээр манай агаарын хөлгийн парк бол Азидаа хамгийн залуу хөлгүүдтэй нь болно.

Б.Болорчимэг: Бидний урилгыг хүлээн авч нээлттэй сайхан ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 


Нэвтрүүлгийг бүрэн эхээрээ