Биткойны уналт болон Криптованга

Эдийн засаг / Time Admin
2018 оны 02 сарын 14

Эх сурвалж: Monbit.mn

Сүүлийн 2-3 долоо хоногийн хооронд Криптовалютын зах зээл огцом уналаа. Энэ хооронд маш олон төрлийн мэдээнүүд гарсан бөгөөд онцлох үйл явдлуудыг тоймлож энэхүү мэдээг хүргэж байна.

  • Хятад улс криптовалютыг ДАХИАД л хориглолоо. Хамгийн том 3 биржээ хааж, ICOнуудыг хуулиар хориглож, Хятад улс дотроос гаднын биржүүд рүү хандах боломжгүй болгоно гэв.
  • Швед улс өөрсдийн мөнгөн валютаа Крипто хэлбэр рүү шилжүүлнэ гэдгээ зарлаж, дэлхийн хамгийн анхны Крипто орон болох гэж эрмэлзэж эхэллээ.
  • Bitconnect-ын эсрэг АНУ-ын шүүх хуулийн арга хэмжээ авч эхлэв. Bitconnect-тэй холбоотой данснуудын гүйлгээг зогсоолоо.
  • Вэнэзуэл нефтиэр баталгаажсан Криптовалют гаргаж зарж эхэллээ.
  • Samsung компани криптовалют олборлодог тусгай Chip үйлдвэрлэж байгаагаа зарлалаа.
  • Европын Холбоо $425 сая долларын санхүүжилттэй Блокчейн хөрөнгө оруулалт болон шийдэл судлах хөтөлбөр зарласан.
  • Канад улсад хамгийн анхны Блокчейн ETF борлуулагдаж эхэлсэн.
  • Солонгос улсад өөрийн жинхэнэ мэдээллийг ил тод бүртгүүлэхгүйгээр крипто арилжаалахыг хуулиар хориглолоо.
  • Singapore улсын засгийн газраас Криптовалютыг хуулиар хориглохгүй гэдгээ мэдэгдлээ.
  • АНУ-ын Сенатууд нээлттэй хэлэлцүүлэг хийж, Криптовалютын хөгжлийг зогсоох боломжгүй, мөн ирээдүйд асар хэрэгтэй зүйл учраас дэмжих хэрэгтэй гэсэн өнгө аястай өндөрлөлөө.

Үүнээс гадна өөр маш олон төрлийн мэдээ өдөр бүр, цаг тутамд гарч байгаа бөгөөд криптовалютын талаар сайн мэдээ, муу мэдээ ингэж гарч байгаа нь ердөөсөө тийм сонин үзэгдэл биш юм.

Мөн энэ хугацаанд Биткойны үнэ огцом унаж сүүлийн 3 сарын хугацаанд хамгийн доод цэг дээрээ дөхөж ирлээ. Биткойныг дагаад нийт зах зээл бас унаж байна. Мөн тийм сонин үзэгдэл огт биш. Криптовалютын зах зээл анхнаасаа л ийм савлагаатай байсан, 2010 оноос хойш тогтмол ингэж савлаж байгаа. Үнэ огцом өсч огцом унадаг.

Харин нэг сонин үзэгдэл ажиглагдсан нь сүүлийн 3 долоо хугацаанд Монгол улсад урьд өмнө байгаагүй олон Ванганууд төрлөө. Ирээдүйг 100% бат хэлэх чадвартай эдгээр хүмүүс энэхүү технологийн талаар суурь мэдлэг юу ч байхгүй хэрнэ ирээдүйг нь шууд хэлж чаддаг гэнэ. Эдгээр криптовангануудыг олоход маш амархан. Таны ойр хүрээллийн хүмүүс доорх өгүүлбэрүүдтэй ижил төстэй өгүүлбэр ярьж эсвэл бичиж байвал танд баяр хүргэе. Та өөрийн #КриптоВанга гаа олж чадлаа гэсэн үг.

Криптовангануудын хэлэх дуртай үгс:

  • Яг одоо энэ “shitcoin”-ыг АВ. Зүгээр дуугай ав. Хамгийн багадаа 60%. Би чамд хэлсэн шүү, дараа нь харамсав.
  • Одоо үнэ унана. Ер нь криптовалют дэмий гэж би хэлээд л байсан. Энүүгээр оролдоод хэрэггүй гээд байхад. Ердөөсөө үгэнд орохгүй.
  • Яг одоо бүх Биткойноо зар. Зах зээл унана. Би мэдэж байна. Хамаг юмаа алдахаасаа өмнө зар.
  • Зээл аваад ч хамаагүй Эфириум ав. Яг одоо. Би чамд зөндөө хэлээ биз дээ. Одоо ингээд зах зээл сэргээд буцаад өснө гэж.
  • Одоо бушуухан хамаг юмаа алдахаасаа өмнө наад Биткойноо зар. Наад луйвар чинь удаан явахгүй. Ердөөсөө хүний үгэнд орохгүй.

#КриптоВанга нуудын онцлох шинж чанарууд:

  • 1 мэдээнээс нөгөө мэдээний хооронд байр сууриа 100% өөрчлөх чадвартай.
  • 1-ээс 6 сарын өмнөөс Крипто групп-д гишүүн болж орсон, крипто мэдээ уншиж эхэлсэн.
  • ЭфириумБиткойн хоёрын ялгаа юу вэ? Технологи нь юугаараа өөр вэ гэхэд хариулах чадваргүй.
  • Ихэнх тохиолдолд өөрсдөө огт криптовалют эзэмшдэггүй.
  • Хүмүүсийг загнаж, зандрах дуртай.
  • Огт крипто эзэмшдэггүй, огт сонирхдоггүй хүмүүст хүртэл өөрийн ирээдүйн зөгнөлийг тулгаж байдаг.

Хэдийгээр энэ криптовангануудыг сонсохоор маш хошин юм шиг боловч, харамсалтай нь эдгээр хүмүүс энэхүү чухал салбар манай улсад эрүүл, зөв хөгжихөд нь саад болох шинжтэй байна. Энэхүү уналтаар нэг залуу байраа зараад, бүх мөнгөөр нь Биткойнаваад, үнэ унах үед цагдаад хандсан гэж үнэн худлаа мэдэгдэхгүй цуу яриаг онигоо болгож дамжуулж хүмүүс ярьж байна. Нэг бодлын инээдтэй ч, нөгөө талаар маш эмгэнэлтэй. Манай сайтын коммент хэсэгт хүртэл бүх юмаа зараад Tron авчих уу гэдэг асуулт хүртэл нэг хүн асууж байсан.

Криптовалют бол маш хурдацтай хөгжиж байгаа технологийн салбар бөгөөд олон хүмүүс энэхүү салбарыг сонирхож нэг хэсэг нь болохыг хүсч байна. Гэвч ихэнх хүмүүс нь өөрсдөө судалгаагаа хийхээс залхуурч, өөрсдийн хувь заяаг хамгийн анхны таарсан криптовангадаа даатгахад бэлэн байгаа нь маш харамсалтай бөгөөд аюултай. Өөрийн санхүүгийн хувь заяаг хурдан баяжих шуналдаа хөтлөгдөж интернетээр нэг танихгүй хүний хэлсэн үгэнд итгэж All-in хийж байвал мөнгө алдахгүй гээд яахав дээ.

Манай сайтын хүсэл бол Монголчуудад зөв мэдээлэл олгож, Монголчууд бөөнөөрөө энэхүү зогсоох боломжгүй давлагааг мордож аваад урагшлаасай гэсэн хүсэл билээ. Харамсалтай нь криптовангануудаас болж зарим нэг нь давлагааг мордох биш, давлагаанд даруулж живж байгаа харагдана.

Криптовалют бол хурдан баяжих хэрэгсэл биш. Шинэ хөгжиж буй технологи юм.

  • Алдаж чадах мөнгөө л энэхүү салбар уруу оруул.
  • Өөрөө цаг гаргаж, судалгаа хийж, мөнгө оруулж байгаа тэр зүйлээ хангалттай ойлгосон үедээ хөрөнгө оруулалт хийе.
  • #КриптоВанга нуудыг битгий сонс.
  • Ирээдүйн талаар статистик таамаг л гаргаж болно уу гэхээс бат зөгнөл гэж хэзээ ч байхгүй.

Эх сурвалж: Monbit.mn