Хүүхдийнхээ шүдэнд ховил битүүлэгч ломбо тавиулж цоорлоос хамгаалах боломжтой

Нийгэм / Time Admin
2018 оны 02 сарын 11

Манай улсын арван хүүхэд тутмын зургаа нь, 12 настай хүүхдүүдийн 94 хувь нь шүдний цооролтой гэсэн судалгаа гарчээ. Хүүхдийн шүдийг эмчлэх зардлын хувьд ломбо тавих үйлчилгээ 15-20 мянга, цоорлын эмчилгээ 70-80 мянган төгрөгний үнэтэй байна.

Хүүхдийн шүд цоорох нь хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, амьдралын хэвшил, нийгэм эдийн засгаас ч хамаардаг байна. ДЭМБ-ын судалгаагаар буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн шүдний өвчлөл их байдаг нь тодорхой болжээ.

Шүдний эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн 80 гаруй хувь нь шүдээ цоорсны дараа ирдэг байна. Үлдсэн арав гаруй хувь нь л урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Уг нь эрүүл шүдэнд ч ховил битүүлэгч буюу хамгаалах ломбо тавьж цоорлоос хамгаалах боломжтой бөгөөд энэ үйлчилгээ хамгийн хямд буюу 10 мянган төгрөгт багтдаг байна. Гэвч ихэнх эцэг эхчүүд үүнийг мэддэггүй байна.

Хүүхдийн шүдний өвчлөл их байгаагаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл даатгалаараа “Хүүхдийн шүдийг улсын болон хувийн эмнэлэгүүдэд үнэгүй эмчилнэ” гэсэн мэдээллийг хийсэн. Гэвч одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа юм байна. Энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад “Одоогоор хэзээ яаж хэрэгжих журам, чиглэлүүд нь ирээгүй байна. Энэ манай газарт энэ талаар яригдаагүй гэсэн хариултыг өгсөн юм.