Кэйптауны нэгэн адил ундны усны хомсдолд орох 11 хот

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 12

Дэлхийн гадаргын 70 орчим хувийг ус эзэлдэг боловч дэлхий дээрх нийт усны ердөө 3 хувийг цэвэр ус эзэлж байна. Дэлхийн 1 тэрбум гаруй хүн ундны усанд холбогдох боломж хомс байна. 2.7 тэрбум хүн жилийн нэг сар орчмын хугацаанд усны хомсдолд байгааг судалгаа харуулж байна. 2014 онд дэлхийн хамгийн том 500 хотын дунд хийсэн судалгаагаар 4 хот тутмын нэг нь усны асуудалтай байгаа нь тогтоогджээ. 

НҮБ-ын таамаглалаар, уур амьсгалын өөрчлөлт, хүний зүй зохисгүй хэрэглээ болоод хүн амын өсөлтийн нөлөөгөөр 2030 он гэхэд дэлхийн цэвэр усны хэрэгцээ шаардлага хангамжаасаа 40 хувиар давах дүр зураг харагдаж байна. 

Өмнөд Африкийн Кэйптаун хот хэрэглээний усны хомсдолд ороод байгаа цор ганц хот биш. КэйпТаун хот бол орчин үед ундны усгүй болоход хүрээд буй анхны хот юм. Гэхдээ цэвэр усны асуудалтай бусад хотуудыг та мэдэх үү.

1. Бразилын Сан Паоло

Бразилын санхүүгийн нийслэл, дэлхийн хамгийн олон хүн амтай 10 хотын нэг болох Сан Паоло хотын усны нөөц нь 4 хувьд ч хүрэхгүй байна. Тус хотын 21.7 сая гаруй оршин суугч нь 20 ч хүрэхгүй хоногийн усны нөөцтэй үлдсэн байна. Мөн усны хулгай газар авсан тул цагдаа нар усны машинуудыг хамгаалах хэрэгтэй болжээ. 2014-2017 онд тус хотод ган гачиг нүүрлэснээр усны нөөц буурахад нөлөөлжээ. 2016 онд усны хямрал дуусна гэж үзэж байсан ч 2017 онд усны нөөц 15 хувиар буурсан нь тус хотын усан хангамжийн ирээдүйд эргэлзэхэд хүргэсэн байна. 

2. Энэтхэгийн Бангалор хот

Энэтхэгийн өмнөд хэсэгт оршдог энэ хот техник технологийн өсөлт хөгжлийг дагаад хөгжлийн шинэ үе рүүгээ орж байгаа ч ус болон бохирын усны системийн асуудал нь оршин суугчдын өмнө тулгамдаж буй том асуудал болоод байгаа юм. Тус хот ундны усныхаа бараг тэн хагасыг нь алдаад байгаа аж. БНХАУ-ын нэгэн адилаар Энэтхэг Улс нь усны бохирдолтой тэмцэж байна. Бангалор ч мөн адил. Тус хотын нуурын усны нөөцийн 85 орчим хувийг усжуулалт болоод үйлдвэрийн хөргөлтөд ашигладаг. Мөн ганц ч нууранд ундны болон хэрэглээний ус байдаггүй аж.

3. Хятадын Бээжин хот

Дэлхийн банкны зүгээс, тодорхой байршил дахь хүн амын дунд усны хомсдолтой холбоотойгоор хэрэглээний усны хэмжээг нь тогтоож өгөхдөө, жилд нэг хүн 1000 куб метрээс багагүй хэмжээний усыг хэрэглэнэ гэж зааж өгсөн. Тэгвэл 2014 онд Бээжин хотын 20 сая гаруй оршин суугчид зөвхөн 145 куб метр ус ногдсон байна. Дэлхийн хүн амын 20 хувь нь оршин суудаг Хятад улсад дэлхийн цэвэр усны ердөө 7 хувь нь л байна. 

Колумбын их сургуулийн хийсэн судалгаагаар, БНХАУ-ын усны нөөц 2000-2009 оны хооронд 13 хувиар буурсан байна. Мөн хүн амын асуудал гарч ирсэн. Албан ёсны тоогоор бол 2015 онд Бээжин хотын гадаргын усны 40 хувь нь хөдөө аж ахуй болоод үйлдвэрийн хэрэгцээнд ашиглах боломжгүй хэмжээнд бохирдсон байна. Хятадын эрх баригчид цэвэр усны асуудлыг шийдэхийн төлөө тэмцэж байна. Тэд усыг хэрхэн зүй зохистой ашиглах талаар боловсролын хөтөлбөр гарган танилцуулж, усыг их хэмжээгээр ашигладаг бизнес эрхлэгчдэд усны үнээ нэмэх зэргийн арга хэмжээг авч байна.

4. Египетийн Каир хот

Ниль мөрнийг ч орчин үед үүсээд буй асуудал тойрсонгүй. Египетийн усны нөөцийн 97 орчим хувь нь Ниль мөрөн. Гэтэл хөдөө аж ахуй болоод оршин суугчдын хог хаягдлын гол цэг нь Ниль болоод байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлснээр, усны бохирдлоос үүдэлтэйгээр нас барсан хүмүүсийн тоогоороо тэргүүлж байгаа дунд орлоготой орнуудын жагсаалтыг Египет тэргүүлж байна. 2025 он гэхэд тус улсад усны хомсдол ноцтой хэмжээнд хүрнэ гэж НҮБ анхаарууллаа.

5. Индонезийн Жакарта

Эргийн олон хотуудын нэгэн адилаарИндонезийн нийслэл Жакарта хот далайн усны төвшин нэмэгдэх аюул нүүрлээд байна. Гэхдээ тус хотод үүсээд байгаа асуудал нь хүний гараар үүсгэгдсэн гэж үзэж байна. 10 сая оршин суугчдын тал хүрэхгүй хувь нь хоолойн устай холбогдсон бөгөөд иргэд хууль бусаар худаг гаргах нь ихэсчээ. 

6. Оросын Москва

Дэлхийн цэвэр усны нөөцийн дөрөвний нэг нь Орост байдаг ч тус улс Зөвлөлтийн үйлдвэрийн бохирдлооос үүдэж усны бохирдлын асуудалтай тулгараад байгаа. Энэ нь усны хангамжийн 70 хувь нь гадаргын усанд хамаарч байгаа Москва хотод хамгийн их санаа зовоосон асуудал болоод байгаа юм. Албаныхны тодорхойлсноор, Оросын ундны усны 35-60 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

7. Туркийн Истанбул хот

Засгийн газрын албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр, Турк улс техникийн талаасаа усны хямралтай нөхцөлд байна. 2016 онд нэг хүнд ногдох усны хангамж нь 1700 куб метрээс бага байв. Орон нутгийн экспертүүдийн хэлж байгаагаар, 2030 он гэхэд усны хомсдолын нөхцөл байдал улам дордоно гэсэн байна. 

Сүүлийн жилүүдэд хуурайшилттай, бороо хур багатай саруудад Истанбул хот усны хомсдолд ороод эхэлсэн. Истанбулын нөөцийн хэмжээ нь 2014 оны эхээр 30 –аас бага хувьд хүрч буурсан байна.

8. Мексикийн Мехико хот

21 сая оршин суугчтай Мехико хотын хувьд усны хомсдол нь шинэ зүйл огт биш. 5 хүн тутмын 1 нь 7 хоногт цөөхөн цагт л шугамын хоолойноос ус авч хэрэглэх боломжтой байдаг. Мөн хүн амынх нь 20 хувь нь өдрийн тодорхой хугацаанд урсгал усанд холбогдох боломжтой байдаг аж. Тус хот холын эх сурвалжаас усныхаа 40 хувийг импортолдог ч бохир усыг цэвэршүүлэх ажил хангалттай биш. Усны хоолойн сүлжээнд нь асуудал үүссэний улмаас бараг 40 хувь нь усанд холбогдох боломжгүйд хүрчээ.

9. Британийн Лондон хот

Лондон хот ч усны хомсдолын асуудлыг тойрсонгүй. Жилд дунджаар 600 мм бороо ордог Лондон хот усан хангамжийнхаа 80 хувийг гол мөрнөөс татдаг. 2025 он гэхэд энэ хот усан хангамжийн асуудалд орж, 2040 он гэхэд усны хомсдол ноцтой төвшинд хүрнэ гэж албаныхан анхаарууллаа. 

10. Японы Токио

Токио хотод жилийн 4 сарын турш бороо хуртай байдаг. Гэхдээ борооны улирал төсөөлж байснаас бага бороо орсноор борооны усыг нөөцлөх шаардлага тулгарчээ.
Токио хотын хувийн болон нийтийн 750 байр борооны ус цуглуулах ёстой. 30 сая оршин суугчтай Токио хот гадаргын усны 70 хувьд хамаарах усны системтэй. Засгийн газар бохир усыг дахин боловсруулах, усны хаягдлыг бууруулах үүднээс цэвэр усны хоолойн дэд бүтцэд хөрөнгө оруулж байна. 

11. Америкийн Майами

Америкийн Флорида муж нь жилд хамгийн их бороо хуртай байдаг мужуудын нэг. Гэсэн ч тус мужийн алдарт Майами хотод усны хямрал нүүрлээд байна. Хотын хамгийн цэвэр усны эх сурвалж болон Бискэний уст давхарга нь бохирдсоны улмаас асуудал үүсчээ.Энэ асуудал бүр 1930-аад оноос эхлэн үүссэн байна. Хөрш зэргэлдээх хотууд нь ч энэ асуудалтай тэмцэж байна. Давстай уснаас үүдсэн эмгэгийн улмаас Майамигаас хойш холгүй орших Халандэль нуурын 8 худгийн 6-г хаахад хүрчээ.