Д.Сумъяабазар: "Оюу толгой" 66 хувь дээр л ногдол ашиг хуваарилж байгаа

Эдийн засаг / Time Admin
11 өдрийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ удаагийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын талаар сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн, олон нийтэд хүргэлээ.

Энэ үеэр сэтгүүлчдийн дараах асуултанд хариулсан юм.

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензиний үнийг нэмчихлээ. Үнийн бодлого цаашид ямар байх вэ. Мөн Роснефть компанитай уулзаж асуудлуудаа ярьсан юм уу?

АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн: -Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж, үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэтгэвэр нэмэхэд Засгийн газраас энэ хэмжээний мөнгө төсвөөс гаргасан. Компаниудын татварыг хөнгөлөөд үнийг нэмүүлэхгүй байвал төсвийн халамжийн зардлууд дутагдах магадлалтай.

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: -Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. Нөөц, хангамж таслалдахгүй.

-"Роснефть" компанитай хийж буй уулзалтаас ямар үр дүн гарсан бэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: "Роснефть" компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна гэж харж байгаа. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хичнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно.

-"Оюу толгой" компани ногдол ашиг хуваарилж байгаа гэсэн. Монголын тал хэзээ ногдол ашгаа авах вэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -66 хувь дээр ногдол ашиг хуваарилж байгаа гэж ойлгосон. 34 хувь хэзээ ногдол ашгаа авах вэ, ногдол ашгаа авахын тулд бид өгөөжөө нэмэгдүүлэх, хүүгийн зардлыг бууруулах тал дээр санал солилцоод, бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа.

-"Оюу толгой" компанид татварын акт тавьсан асуудал дээр байр сууриа илэрхийлнэ үү?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -Татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой гэсэн байр суурьтай байна.

1.УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2017 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр буюу 30.3%-иар өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 9.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр буюу 32.8%-иар, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөгөөр буюу 78.7%-иар, металлын хүдэр олборлолт 1.0 тэрбум төгрөгөөр буюу 20.7%-иар өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.6%-ийг эзэлж байна.

1.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр буюу 36.9%-иар, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум төгрөгөөр буюу 34.1%-иар тус тус өссөн байна. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.1 их наяд төгрөг буюу 67.0%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 8.5 их наяд төгрөг буюу 80.8%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнд Уул уурхай, олборлох салбар 69.7% байна.

1.3.Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 сая тн нүүрс, 1,317.1 мян.тн зэсийн баяжмал, 19.8 тн алт, 5.6 мян.тн молибдений баяжмал, 7.7 сая тн төмрийн хүдэр, 3.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 108.9 мян.тн хайлуур жонш, 55.2 мян.тн хайлуур жоншны баяжмал, 82.7 мян.тн цайрын баяжмал, 14.6 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.

1.3.Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2017 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 1,5 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

- Алт  49.0 тэрбум төгрөг,

- Нүүрс  603.7 тэрбум төгрөг,

- Цайр  63.3 тэрбум төгрөг,             

- Зэс  800.8 тэрбум төгрөг,

- Төмөр 12.3 тэрбум төгрөг,

- Жонш  12.4 тэрбум төгрөг,

- Бусад   53.7 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 847.9 тэрбум төгрөгөөр давж 2.1 дахин өссөн. 

Үүнээс:

- Алт  4.1 тэрбум төгрөг буюу 9.0 хувь,

- Нүүрс  461.5 тэрбум төгрөг буюу 4.2 дахин,

- Цайр  29.0 тэрбум төгрөг буюу 84.5 хувь,

- Зэс  336.3 тэрбум төгрөг буюу 72.4 хувь,

- Жонш  7.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин,

- Бусад   13.0 тэрбум төгрөг буюу 31.9 хувь

1.4. 2018 онд АМГТГ-аас  291,8 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлнэ

АМГТГ-аас 2018 онд 291,8 тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд  үүнээс  газрын тосны экспортын орлогоос 223,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2018 оны 1 дүгээр сард 21,9 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 7,5 хувьтай байна. Газрын тосны экспортын орлогоос нэгдүгээр сард  19,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

1.5. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:

“Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:           2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монголбанк 2018 оны 01 дүгээр сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны 01 дүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,218.97 төгрөг /2018.02.05/ байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна. 

2. БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД

2.1. “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”  

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/67 дугаар тушаалаар “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”  ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайланг боловсруулан манай яаманд хүлээлгэн өгсөн.

Дээрх судалгаанд тулгуурлан хуулиудийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын багц хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Салбарын голлох хуулиудад цэвэрлэгээ хийж, хуулиудын уялдаа холбоог хангаснаар салбарын хууль эрх зүйн давхардал, хийдэл арилж, хууль эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод болно гэж үзэж байна. Мөн хөрөнгө оруулалтын таатай орчин улам бүр тогтворжиж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын итгэл бэхжин, хөрөнгө оруулалтад бодит ахиц гарах ба хуулийн нэр томъёо, зохицуулалт тодорхой болж эрх зүйн зохицуулалтгүйгээс үүсч байсан хүндрэлтэй асуудлууд цэгцлэгдэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тогтолцоо улам бүр баталгаажна.

2.2. Баяжуулах үйлдвэрийн эрх зүйн орчны талаар:

Монгол Улсын Засгийн газрын зүгээс уул уурхайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах бодлого баримталж байгаа билээ. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/131 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төслийг боловсруулан хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон нийтийн санал авлаа.

3. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД

3.1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 7 аж ахуйн нэгжтэй улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр  байгууллаа.

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх гэрээтэй холбоотойгоор 2018 он гарсаар  2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Улсын төсөвт 8.813.807,12 /Найман сая найман зуун арван гурван мянга найман зуун долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг төвлөрүүлсэн байна.

3.2. АМГТГ-т 306 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны 2 дугаар сарын байдлаар 86 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст 2018 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн, 306 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлсэн. Үүнээс  2018 оны 2 дугаар сарын байдлаар 86 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна. 

3.4. Налайх дүүрэгт ажиллаж байгаа талаар

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.12.22-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай №322-А/242 тоот хамтарсан тушаалын дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна. 

4.ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 02 дүгээр сарын 01-ний байдлаар 616.8 мянган баррель буюу 83.6 мянган тонн тос олборлож, төлөвлөгөө 7.6%-тай явж байна. Мөн 558.2 мянган баррель буюу 75.7 мянган тонн газрын тос экспортолж, төлөвлөгөө 6.8%-тай байна. Сарын хугацаанд улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 8.6%-ийн гүйцэтгэлтэй байна. 

4.2.  Газрын тосны хангамжийн  чиглэлээр:

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс  А-80 автобензин 97,  Аи-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.