А. Миеэгомбо: Туршлага авьяасыг бүтээдэггүй!

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
11 өдрийн өмнө

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомботой ярилцлаа. 

-NTV телевизээр ням гараг бүр үзэгчдэд хүрч буй “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийг та хөтөлж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Анх NTV телевизээс Канадын ийм шоу байдаг, Монгол Улс албан ёсны эрхтэйгээр хийж байгаа найм дахь орон болж байгаа бөгөөд хөтлөгчөөр ажиллах шалгаруулалтанд оролцооч гэж санал тавьсны дагуу шалгуулахад Канад продюсерууд нь “Болно” гэж зөвшөөрснөөр хөтөлж эхэлсэн дээ. Миний хувьд 2013 онд “Ирмүүн” агентлагийн эрхлэн гаргаж байсан National Geographic Kids сэтгүүл NTV телевизтэй хамтарч “Монгол Вундеркинд” хэмээх газарзүйн ТВ олимпиад зохион байгуулахад хөтлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нь давуу тал болсон байж мэднэ. Тус телевизийнхэн тэндээс намайг олж харсан хэрэг л дээ. 2 жилд нэг удаа болдог тэр тэмцээнээс шалгарсан хүүхдүүд хожим Москвад болсон Олон улсын газарзүйн олимпиадад нь амжилттай оролцоод ирсэн байдаг юм. 

За ингээд “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн. Ер нь бол ТВ франчайзинг гэдэг их өөр юм билээ. Канадаас продюсер нь ирээд, нэвтрүүлгийнхээ “библи” буюу дүрэм журам, стандартуудыг нь бүгдийг нь танилцуулаад, ингэж болно, болохгүй гээд танилцуулах маягаар нилээн сургалт явагддаг. Харахад зүгээр нэг сайхан хоолны нэвтрүүлэг юм шиг мөртлөө дотроо маш нарийн олон хэсэг болж задарна. Жишээ нь, хоол хариуцсан продюсер байна, контент хариуцсан продюсер, найруулагч, операторууд, дууныхан гээд баг бүр бүгд тэр стандартыг ягштал барих ёстой. Хөтлөгчийн хувьд бол надад бэлэн зохиол өгчихсөн. Энэ зохиолын хүрээнээс гажиж болохгүй, харин явцын дунд зарим зүйл дээр хөтлөгчийг ашиглана гэдэг ч юм уу продюсерын зүгээс өгсөн чиглэлтэй. Үндсэндээ бол үзэгчид өрсөлдөж байгаа хоёр оролцогч, зааварлаж байгаа хоёр тогоочийг л үзэх нь гол нь. Хөтлөгч бол холбогч хийх л үүрэгтэй. 

-Бүх дүрэм журам, стандартаа танилцуулдаг гэлээ. Хөтлөгчийн үг, үйл хөдлөл бүгд цаанаасаа бэлтэгдсэн байдаг гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. Хамгийн эхний хөтлөлт энэ цэгээс эхлээд тэнд дуусна, дараагийн хөтлөлт нь тэндээс гээд бүх юм нь тодорхой. Тэгэхээр будилаад байх юмгүй яг л хийх юм аа хийнэ гэсэн үг. Гэхдээ нэг гол зүйл нь юу вэ гэхээр нэвтрүүлгийн туршид тэр өрсөлдөж байгаа хүмүүсийн болон тогооч нарын тэр эмоцийг хөтлөгч барьж байх ёстой. Хөтлөгчийн хувьд би тухайн орчинд нь бий болсон эмоцийг унагаж болохгүй. Хэрэгтэй үед нь хөгжилдөх ёстой, зарим үед нь бяцхан садаа болох хэрэгтэй. Ямар сайндаа нэвтрүүлэг гарснаас хойш манай найзууд шинэ дугаар үзээд над руу залгах бүртээ “Дугаараас дугаар бүрт чиний Хоролмааддаг үйлдэл чинь улам л төгсрөөд байна уу даа” гэж шоолдог болох вэ дээ? (инээв)

-Стандарт гээд нэгэнт ярьсных ер нь манай телевизүүд олон улсад өөрийн стандартын дагуу хийгддэг, чанартай шоу нэвтрүүлгүүдийг цөөнгүй хийчихлээ. Үзэгчид ч чанартай контент гэж ийм юм байдаг гэсэн үнэлэмжтэй болж байгаа байх. Чанартай контентийн талаарх таны бодол?

NTV телевиз “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийг Оросоос франчайзаар оруулж ирсэн. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийг Канадаас оруулж ирж байна. Монгол телевиз л гэхэд “Авьяаслаг Монголчууд” сүүлд “Voice of Mongolia” гээд хийж байна. Боловсрол суваг телевиз бас “Яг түүн шиг” гээд шоуг хийлээ. Ингэснээр манай телевизийн салбарт маш том эерэг дохио болж байгаа юм уу гэж би хардаг. Ямар утгаараа вэ гэхээр, бид чинь 1990 оноос өмнө Үндэсний телевиз гэдэг ганц л сувагтай байлаа. Энэ телевиз Орост төгсөөд ирсэн чадалтай уран бүтээлчидтэй, тэр хүмүүс уран бүтээлээ тухайн үеийн оросын телевизийн стандарт руу дөхүүлж, дутахааргүй мундаг ажилладаг байлаа. Гэтэл 1990-ээд оны дунд үеэс “25 дугаар суваг” телевиз, “UBS” телевиз гээд хувийн телевизүүд гараад ирлээ. 2000 оны эхнээс бүр ч олширсон. Өөрөөр хэлвэл хувийн телевизүүд гарч ирснээр өрсөлдөөн эхэлсэн. Харин өрсөлдөөний шатанд бид бэлэн байсан уу гэвэл Үгүй! Бүгд шинэ нийгэм, шинэ орчинд телевизийн нэвтрүүлгийг яаж хийх вэ гэдэг тал дээр туршлага дутаж эхэлсэн. Жишээ нь, Үндэсний телевизэд ажиллаж байсан боловсон хүчнүүд өөрсдийн сурсан хуучин арга ажиллагаагаараа уран бүтээл хийгээд эхлэхээр заримдаа таарна, заримдаа таарахаа байгаад нэг хэсэг будилахгүй юу. Ингээд манайхан хэдхэн жилийн өмнөөс ойлгосон. Юу ойлгосон бэ гэхээр “Аан бидний чадахгүй байгаа тэр зүйл чинь ерөөсөө стандарт юм байна. Орчин үеийн барууны стандартын үлгэр жишээ болсон тийм контентуудыг франчайзаар оруулж ирэх хэрэгтэй юм байна. Түүнээс нь бид суралцах ёстой юм байна” гэдгийг л ойлгосон. Ердөө л тэр.

Үүнтэй нэг их хамаагүй ч гэсэн агуулгын хувьд ойролцоо юм ярья л даа. 90-ээд оны дунд үеэс манайд хип хоп хамтлагууд борооны дарахи мөөг шиг олширсон. Тийм биз? За ингээд тэд мөнчгөрөөрөө дуу хийгээд эхэлтэл мөн л стандартын асуудалтай тулгарчихаж байгаа юм. Өөрсдийнх нь хийж байгаа дуунууд нэг л тиймхэн байгаад байхаар нь гадны хип хоп дуунуудын ая, хэмнэлийг шууд хуулаад эхэлсэн чинь шал өөр болоод л залуучууд дуртай нь аргагүй сонсоод эхлэхгүй юу. Тэгэнгүүт манайхан ч бас судлаад, дагаж суралцаад эхэлсэн. Сүүлдээ ойлгоод өөрсдөө хийгээд ирэнгүүт чанаржаад эхэлсэн. Яг л энэ процесс өнөөдөр манай телевизүүд дээр явагдаж эхэлж байна. Гэхдээ шууд даган дуурайхгүйгээр мөнгийг нь төлж эрхийг нь аваад, түүн дээр нь ажиллаад суралцаж байна шүү дээ. Бас л нэг хувилбар.  

Магадгүй суралцах шат нь дуусаад ойлгоод ирэхээрээ продюсерууд нь ч тэр, уран бүтээлчид нь ч тэр “Ок. Одоо тэгвэл хэдүүлээ үүн шиг монгол контентийг бүтээцгээе л дээ” гээд өөрсдөө ажиллаад эхэлнэ. Товчхондоо өөрсдийн гэсэн монгол контент хийх стандартыг бүтээж эхэлнэ гэсэн үг. Гол нь хэзээ вэ л гэдэг асуудал. Нэг их удахгүй гэж би хардаг. 

-Та бол уран бүтээлийн гараагаа телевизээс эхэлсэн киноны хүн. Кино урлагт ч бас наад захын стандартаас эхлээд ярих ёстой зүйл олон байгаа болов уу?

Кино урлаг дээр ч мөн стандарт бий. Бүр их ч байдаг байж мэднэ. Энэ тухай судлах, мэдэх тусам бидний явж байгаа арга зам буруу юм аа. Бид яг тэр тогтсон системийнх нь дагуу, ном ёсоор нь, тогтсон арга ажиллагаагаар нь киног хийх ёстой юм байна гэдгийг улам бүр ойлгож эхэлдэг. Тэгээд сүүлийн үед би болж өгвөл нэг их ярихгүйхэн шиг, хийж байгаа зүйлээрээ л харуулъя гэж боддог болсон. Ухаандаа кино зохиолоор! Найруулагч С. Бямба ах байна. “Алсын удирдлага”, “Хүсэл шунал” гээд мундаг кинонууд хийсэн. Миний мэдэхээр С. Бямба ах олон жилийн өмнөөс л бас яг үүнийг ярьдаг, хэлдэг байсан. Харамсалтай нь манай киночид ойлгоогүй л дээ. Тэгээд нэг л өдөр мань хүн “За ок. Одоо би ярихгүй, зүгээр л хийж үзүүлнэ” гэж шийдсэн. Тэгээд л “Хүсэл шунал”-ыг хийлээ. Бусаны кино наадмаас шагнал хүртсэн. “Алсын удирдлага”-ыг ч бас хийлээ. Дахиад л кино наадмуудаас шагнал хүртлээ. Одоо С. Бямба ах зохиолч Г. Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн хийх гэж байгаа кино бүр Каннын кино наадамд ч өрсөлдөж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр киноны стандартаа ойлгоод, мэдээд байгаа нэг нь зүгээр түүнийгээ хийгээд үзүүлэх л асуудал юм шиг байгаа юм. Бас нэг юм гэвэл кино найруулагч хүн кино хийгээд л байвал аяндаа сайжирчихна гэсэн нэг буруу ойлголт манайхны дунд их түгээмэл. Энэ олон жил киноны салбарт ажиллахдаа би “Туршлага авьяасыг бүтээдэггүй юм байна” гэдгийг л маш сайн ойлгосон. Манайхан бол “Хийгээд л туршлагажаад байвал суралцчихна, авъяас нь улам өнгө орно” гэсэн бодолтой байдаг. Харин би бол үүнтэй огт санал нийлдэггүй.

-Туршлага заримдаа хүнд тээр болдог гэж уншиж байсан. Туршлага авьяасын урд байх эд биш байх нь ээ?

Суурь өгөгдөл нь өөрөөр хэлвэл өнөөх авьяас буюу тэр торгон мэдрэмж нь байхгүй бол “Туршлага судлаач” маань мянган кино хийгээд ч нэмэргүй. Ахихгүй! Тийм болохоор энэ хүүхдэд авьяас гээч юм үнэхээр байна уу, үгүй юу гэдгийг багш нар бүр оюутны ширээний ард байхад нь олж нээгээд, ойлгуулаад, явуулахыг нь явуулаад, авч үлдэхийг нь үлдээх хэрэгтэй юм байна л даа. Өөрөөр хэлвэл ахмад үе нь дараагийн үеэ зөв чиглүүлж, бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор чанаргүй найруулгатай, муу зохиолтой кинонууд гараад байна гэдэг нь эргээд тэр хүн салбараа алаад, баллаад байгаагаас өөрцгүй. Сайн кино хийчих гээд зүтгэж яваа цөөн хэдээ хорлоод байгаа байхгүй юу. Монгол кино туршилтын талбар биш шүү дээ!

Яваандаа Монгол киногоо үзэх гэж ирдэг хүмүүс ирэхээ болино. Бүхэлд нь харахад үүнээс эхлээд маш олон асуудал ажиглагдана. Ямар ч байсан найруулгын тал дээр манайхан маш учир дутагдалтай байгаа нь үнэн. Яахав кино театрт жилдээ 20-30 Монгол кино гарч байна л даа. Гэхдээ хэн нуруун дээрээ үүрч байгаа юм гэвэл манай үеийнхэн л нэрлэгдэнэ. Найруулагчдаас манай Ж. Сэнгэдорж, З. Батболд, Д. Галбаяр, Д. Мөнхсүх, Л. Бат-Амгалан, Б. Жаргалсайхан, Л. Таванбаяр, Ш. Тансаг, Ч. Хоролдорж, Ж. Жамъянсүрэн, Б. Чингүүн, П. Дэлгэрбаяр оператор гэвэл Б. Баатар, О. Базар, Э. Нэргүй, Д. Ангараг, Б.Отгонзориг  байна. Би бол яахав, кино зохиол талдаа тооцогдвол тооцогдох байх. Кино найруулга руу бол бүр ч орж ирж чадаагүй байгаа нөхөр. Ердөө 10 гаран л хүн байгаа биз? Өмнөх үеэс манай С.Бямба, Д. Золбаяр, Б. Пүрэвдорж гэх мэт цөөхөн хэдэн уран бүтээлчид бий. Доошоо гэвэл манай Б. Тамир, Б. Гийгүүлэн, Ц. Амартүвшин, Г. Гүенбаатар, Б. Нямдаваа нарын цөөхөн хэдэн залуус байна. Тэгэхээр бид дээр ярьсан стандарт гээч зүйлд суралцахаар барахгүй хатуу мөрдөхгүй бол хөгжил ярих утгагүй байна л даа. Сүүлийн үед гадны кино наадамд киногоо явуулна, өрсөлдүүлнэ гэж манайхан их ярих болж. Зөв л дөө, тийм амбиц байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаасаа бидний хийж байгаа кино тэр шалгуурт тэнцэж байна уу гэдгээ бодмоор байгаа юм. Ядаж хүний өмнө үзүүлэхэд нүүр улайхгүй бүтээл хийчихээд дараа нь кино наадамд явуулъя л даа. Тэрийгээ чадахгүй хэвтэж хаа байсан тэр Канн гээд байхаар чинь бас заримдаа ичих юм байна шүү дээ.  

-Саяхан Францад Азийн киноны олон улсын наадам болсон байна. Тэр үеэр Монголын кино өдөрлөг бас болж, хуучны олон киног үзүүлжээ. Найруулагч Г. Жигжидсүрэн гуайг “Монголын Күросава” гэж үнэлсэн байсан?

Сайхан хэрэг шүү. “Ингэн нулимс”-ыг хийсэн найруулагч Д.Бямбасүрэн эгч Францын Везул хотод зохион байгуулагдсан тэр кино наадам дээр энэ кинонуудыг үзүүлэх гээд нэлээн олон сар бэлдсэн. Надтай ч бас холбогдоод энэ тухай дуулгаж байсан. Ийм сайхан үйл явдал, санаачилгад бүгдээрээ талархдаг байх нь чухал. Манай үндэсний кино урлагийг дэлхийд сурталчилж байгаа хэлбэр шүү дээ. Нэн ялангуяа 1990 оноос өмнөх тэр уран бүтээлчдийн кинонууд дунд сайн кино олон бий. Одоо бол бид тэр үеийнхний хэмжээнд хүрч хийж чадахгүй л байгаа шүү дээ. Яагаад гэвэл Социалист нийгмийн үед киноны уран бүтээлчдийг системтэйгээр сургадаг байлаа шүү дээ. Москвагийн Бүх Холбоотны Кино Урлагийн Дээд Сургуульд сураад номын дууг нь сонсоод ирсэн тэр олон улсаас үнэхээр авьяастай нь ялгараад хийх юмаа хийгээд эхэлсэн. Тэр утгаараа би бол Ж Р. Доржпалам гуай, Ж. Бунтар гуай, Б. Балжинням гуай, Б. Сумхүү гуай нарын тэр мундаг хүмүүсийг хүндэлдэг. Яахав, өмнөх үеийн найруулагчид болох Д. Жигжид, Д. Чимид-Осор, С. Гэндэн гуай нар бол цэвэр байгалиас заяасан мэдрэмж өндөртэй, авьяастай хүмүүс байсан болохоор Оросын мэргэжилтнүүдээс суралцаад дагаад хөгжөөд явчихсан. Бүр бүхэл бүтэн нэг үеийг нуруун дээрээ үүрч ирсэн хүмүүс шүү! Тэр үеийнхнийг “Алтан үе”-ийнхэн гэж хэлээд байдаг чинь чухамдаа тийм л учиртай. Хоёулаа өмнөх сэдвээ хөндөхөөс аргагүй нь. 

Стандарт уу?

Тийм. Түүнийгээ дагаад мэргэжлийн байх гэдэг асуудал яригдана. Кино бол тун ярвигтай, их мөнгөөр бүтдэг урлаг. Тайз шиг аргалж болдоггүй. Асар их хүн хүч, төсөв шаарддаг. Түүнийг  удирдаж байгаа найруулагч, продюсерүүд тэр хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Тэгэхээр бас хэн дуртай нь хийж чадах ажил биш. Ийм л учраас мэргэжлийн байх тухай яриад байгаа юм. Салбарт мэргэжлийн бус хүмүүс түлхүү ажиллаад ирэхээр салбарын нэр хүндийг унагаадаг. Уг нь мэргэжлийн холбоод нь салбарын нэр хүндээ бодоод тэр стандарт, шаардлагуудыг маш сайн тавьж байх учиртай юм. Тэгж байж, үнэхээр шалгарсан, шилдэг мэргэжилтнүүд нь ажлаа сэтгэл хангалуун, сайн хийнэ шүү дээ. 

Миний ярьдаг олон стандартын нэг болох мэргэжлийн пост продакшн студи манайд алга. Киноны стандарт, хөгжил ярих гэхээр болохгүй байгаа хэдэн чухал юмыг хэлье л дээ. Кино гэдэг чинь зураг авалт дуусчихлаа, дүрсээ авчихлаа, дуугаа авчихлаа гээд болчихдог юм биш. Жинхэнэ том ажил нь дараа нь гарч ирнэ. Боловсруулалтын үе буюу пост продакшн! Гадны бүх кино үйлдвэрүүд пост продакшнтай байдаг. Дууг нь яг стандартын дагуу янзална. Киноны дуу гээд ярьвал дотроо найм, есөн үе шаттай, технологийн горимын дагуу хийгддэг нүсэр ажил. Зөвхөн чи бид хоёрын яриаг биччихээд болно гэсэн үг биш. Стандартаараа бол дараа нь Foley, Ambience, ADR гэх мэт түмэн ажлууд гарч ирнэ.  

Дүрс гээд яривал бүүр ярвигтай. Бас л олон шат дамжлагтай, шинжлэх ухааны үндэслэлтэй том ажил. Өнгөний хувьд жанраасаа хамаараад ямар тон байх вэ? Хэрхэн баланслах вэ? Нэмэх үү, хасах уу, хэдэн хувьтай байх вэ гээд бүгдийг нь өнгөний тусдаа студид хийх ёстой юм. Яг кинон дээр ажилладаг арга ажиллагаа, шат дамжлагаар нь явбал халширмаар шүү дээ. Ялангуяа кино найруулагч хүн бол бүх процесст эхнээс нь дуустал явдаг тийм хүн. Хамгийн сүүлд өнгөө янзлаад, дуугаа янзлаад рендерээ хийснээр кино театрт өгч найруулагчийн ажил дуусдаг. Нээлт бол зүгээр л нүсэр ажил дууссаны баярын өдөр байхгүй юу (инээв)

Харамсалтай нь үүнийг ойлгож хөрөнгө оруулалт хийж байгаа, миний энэ яриад байгаа зүйл рүү зорьж байгаа хүн бараг байхгүй. Үүнд би нэг тус дэм болъё гээд өнгөрсөн жил найзтайгаа хамтраад Red Epic-W Helium гээд 8K-гаар авдаг кино камер оруулж ирсэн. Мэдээж би өөрийнхөө кинонд ашиглана гэж авчирсан. Гэхдээ миний зураг авалт нэг, хоёр сар л үргэлжилнэ биз. Бусад сард нь түрээслээд ашиглах хүмүүс нь ашиглаг гэж бодсон юм. Жилд хийгддэг 20 киноноос ядаж 2-3 нь ч болтугай аятайхан өнгө зүстэй байг л дээ. Сайхан биз дээ? Гэрлийн хувьд Төөнөө гээд Солонгост кино оператораар сураад ирсэн мундаг залуу өөрийн хөрөнгө оруулалтаар павильон түрээслээд бүтэн тоноглоод рекламны хэмжээнд аятайхан гэрэл гэгээ тавиад эхэллээ. Бидний энэ санаачилга гэхдээ дөнгөж эхлэл л юм. Одоо цаашаа бид “Энэ дууг яах вэ?” гээд явах ёстой. Тэгээд нэг сайхан пост продакшнтай болоод авъя. Дараа нь бид хөгжлийн тухай, тэр кино фестивальд оролцох тухай, өрсөлдөх тухай ярья л даа, тийм үү? 

Хэрвээ би аль нэг кино театрын захирал ч юм уу, байг гэхэд IPTV-ийн захирал байсан бол үүнээс гадна өөр олон сайхан ажлуудыг цогц байдлаар нь хийж бүтээж, хөгжүүлж болохоор санагддаг. Харамсалтай нь манайхан тэрүүхэн тэндээ, аар саар аж ахуйн ажилтайгаа л хутгалдаад байдаг. Уг нь хийе бүтээе гээд зүтгэвэл бидэнд хийх ёстой ажил захаас аваад л байна шүү дээ.  

-Туршлага авьяасыг бүтээдэггүй гэж хэлсэн таны үг рүү буцаад очиж болох уу. Найруулагч гэж ямар хүнийг хэлээд байна вэ гэдгийг нухацтай харах шаардлага байгаа байх?

Найруулагчийн мэргэжил бол өөрийн гэсэн эрх үүрэгтэй нандин бас нарийн мэргэжил. Манайхан зөвхөн эрхийг нь эдлээд байдаг, үүрэг гээч зүйлийг нь мартчихсан. Мэргэжлийн байх, сайн кино хийх тухай бол ярьдаг ч үгүй. Уг нь найруулагч гэж ийм том ажлыг үүрч байгаа хүн түүнийхээ хэрээр сайн байх ёстой. Ерөөсөө найруулагч хүн бол мэдлэгийн түвшин өндөртэй хүн байх учиртай юм.Бүхэлд нь харвал кино бол асар олон юмны нийлбэр. Жүжигчний талаас жүжиглэх урлаг, зохиол талаас утга зохиол, драматургийн онол орж ирнэ. Тайз засал гэхээр зураг, дизайны урлаг орж ирнэ. Нөгөө талаас Операторын урлагийг мэднэ гэвэл гэрэл сүүдэр, өнгө технологийн юмнууд орж ирнэ. За тэгээд өнгө тавина гэвэл өнгөний мэдрэмжтэй буюу уран зургийн талаар ойлголт, мэдрэмжтэй байж таарна. Хөгжим ороод ирвэл хөгжмийн талын мэдлэгтэй байхгүй бол болохгүй. Киноны хувцас гэхэд л загварын талаар төсөөлөлтэй баймаар болно. Энэ бүхэнд төгс байх албагүй л дээ. Гэхдээ муугүй байх ёстой! Манай найруулагчид тийм шаардлагыг хангаж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Найруулагч гэдэг нэрийг, кино зохиолч гэдэг нэрийг зүүж л байгаа бол түүндээ эзэн байх ёстой!

-Мэргэжлийн кино найруулагчдын холбоо гэж өнгөрсөн жил манайд байгуулагдсан гэсэн. Тэр юу болсон бол?

Тэр талаар би мэдэхгүй юм. Нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх Америкийн кино академийн тухай ярья. Монгол, Америк гэхээр тэнгэр газар шиг юмыг харьцууллаа гэх байх. Гэхдээ нэгэнт систем нь тогтчихсон улс гэдэг утгаараа Америкийг ярихгүй бол болохгүй. Америкийн кино академи бол маш том системтэй. Доороо мэргэжлийн холбоодтой. Өөрөөр хэлбэл дээр нь академи, доор нь найруулагч нарын, зураглаач нарын гээд олон холбоо, гильдүүд байна. Энэ гильдүүд чинь мэргэжлийн түвшинд хүмүүсээ сонгон шалгаруулж авна гэсэн үг. Тэдээс доошгүй жил ажиллаж, төдөн кино хийсэн бол манай холбоонд элсэнэ, гишүүний татвараа төлнө гэсэн шаардлага ярина.Тэр олон зуун сая хүнтэй зах зээлд нэг холбоонд нь олон мянган уран бүтээлч гишүүнчлэлтэй байгаа. Америкийн кино академи ийм хүчирхэг холбоонуудаас бүрдэж байж “Оскар”-ын шагнал гардуулах ёслол нь тийм нижгэр болж байгаа хэрэг. Нэр хүндтэй ч байх нь аргагүй. 

Жишээ нь Оскарын наадамд өрсөлдөж байгаа кинонуудад бүх мэргэжлийн холбоодын гишүүдээс төлөөлөл нь орсон 5000 гаран гишүүн санал өгдөг. Ухаандаа Операторуудын холбоонд тухайн жил 40-50 кино яригдлаа гэхэд 5-ыг нь тэр гишүүд сонгоод “Энэ таван кино бол энэ жилийн хамгийн шилдэг зураглалтай кино юм аа” гээд дээш нь нэр дэвшүүлдэг. Тэгээд тэр тавынхаа нэгд нь Оскар өгдөг. Энэ бол тогтчихсон систем шүү дээ. Зарчим ингэж явна, шилдэг нь ингэж тодорно. Тэгэхээр тэр хэмжээнд хүрч ажиллахын тулд тэр хүмүүс чинь бас тодорхой эрэмбэ зиндаатай, шат дараалалтай, мэргэжлийн өндөр ур чадвартай байхгүй бол болохгүй нь ээ дээ? Манайд ийм тогтолцоо байхгүй ч ямар нэг хэмжээгээр шалгуур гэж юм баймаар байгаа юм. Чи хэддүгээр зэрэглэлийн найруулагч юм? Чи хэддүгээр зэрэглэлийн зураглаач юм? Чи холбооных уу, холбооных биш үү? Чи холбооных юм бол гадаад дотоодын кино наадмуудаас мэргэжлийнхээ хүрээнд ямар шагналууд хүртсэн юм? Гэтэл өнөөдөр ийм шалгуур байхгүйгээс дурын нэг хүүхэд “Би Монголын хамгийн лаг найруулагч” гээд гадныхантай уулзаад явж байх жишээний. Систем байхгүй болохоор ингэдэг л юм л даа. 

-Мэргэжлийн холбоодыг хэрхэн хөгжүүлж, кино урлагийг зөв системтэй болгох вэ?

Монголд уг нь Монголын Үндэсний Кино Урлагийн Академи гэж байдаг юм. Кино академи бол дотроо зарчимтай, шалгууртай, мэргэжлийн байх ёстой гэж би хэлээд, залуустайгаа хамтарч тэмцээд, бүр Кино академийнх нь захирал Б. Цогтбаяр гэдэг хүнтэй ярилцаад, муудалцаад ч нэмэргүй юм билээ. Юу ч өөрчлөгдөөгүй. Харамсалтай нь надтай цуг мөр зэрэгцэж тэмцэж явсан залуус маань яваандаа үзэл бодлын хувьд ухарч, тэр хүний зохион байгуулдаг Академи авардсаас нь шагнал авахаар явцгаасан. Одоо мэргэжлийн байх ёстой гэсэн энэ зарчимдаа, үзэл бодолдоо үнэнч үлдсэн хүн гэвэл найруулагч Д. Галбаяр бид хоёр л байх шив дээ.  

-Та хоёрт хаалттай кино наадам уу?

Энэ байгууллага мэргэжлийн өндөр түвшнийх байх ёстой гэж бид хоёр шаарддаг учраас бид хоёрыг оруулдаггүй. Бид хоёр ч ордоггүй тийм л газар. Бусад маань харин очиж шагнал авдаг юм шиг байна лээ (инээв)

-Та 2000-аад оны дундуур та анхны киногоо найруулж байсан байх аа?
2011 онд.

-Түүнээс өмнө бол таны гараас олон зохиол гарчихсан байсан уу?
2006 оноос эхлээд би найзуудынхаа хамт “Ийм нэгэн дурлал” гэдэг кино зохиол бичиж байсан. Одоо “Хүлэгү” пикчерсийн найруулагч С. Баттулга, сая “Чингисийн хүүхдүүд” киног хийсэн Д. Золбаяр найруулагч, зохиолч Д. Гэрэлт-Од, найруулагч Ц. Ганбат гээд бид тав анх нийлж байлаа. Бид нар “Залуучуудад зориулсан кино яагаад хийдэггүй юм бэ?” гэж ярилцаад анх “Ийм нэгэн дурлал”-ыг бичиж, “Тэнгис” кино театрын захирал Э. Зоригт ах өөрийн үүсгэн байгуулсан ZMN продюсерийн компанийхаа анхны кино болгож хийж байлаа. Тэрнээс хойш би бараг 20 орчим кино зохиол бичиж, 3 кино найруулсан байна. 

-Таны хувьд жүжигчний мэргэжлээр суралцаж байсан. Суралцаж байхдаа кино найруулагч болохоор шийдсэн үү?

Миний хувьд жүжигчнээс гадна найруулагчийн мэргэжлээр давхар сургалт авч сургуулиа төгссөн. Анх СУИС-д орохдоо би жүжигчин биш найруулагч болох гэж орсон. Ерөөсөө л би багаасаа кинонд маш их дуртай хүүхэд байсан. Кино найруулагч болох тэр мөрөөдлөөрөө СУИС-д очтол “Найруулагчийн анги хоёр жилийн өмнө авчихсан, дахиад хоёр жил хүлээх хэрэгтэй. Гэхдээ чи хүсвэл жүжигчний мэргэжлээр суралцаж байгаад 3, 4-р курсдээ найруулагчийн сургалт давхар авч болно” гэж хэлсэн л дээ. Тэгээд л орчихсон. Ер нь найруулагч хүний хийх ёстой хамгийн гол ажил бол жүжигчнийг залах шүү дээ. Тэгээд Н. Ганхуяг багшаараа гуравдугаар курсээсээ эхлэн найруулгаа ч заалгаж, бас болоогүй ээ МҮОНТ-д Орчуулгын киноны жүжигчин болж, ажилтай, орлоготой подхийсэн оюутан явдаг байлаа. (инээв) Тэгээд дөрөвдүгээр курстээ UBS видео суваг гэж байсан, чи мэдэх байх. Тэнд бас кинонд дуу оруулж давхар ажилладаг байсан юм даа. 

-Кино найруулагч хүн өөрөө зохиолоо бичих хэрэгтэй гэж хэлэх олон хүнтэй таарч байлаа. Та бас тэгж боддог уу?

Найруулагч хүн өөрийн зохиолоор кино хийж болно. Үгүй ч байж болно. Кино найруулагч хүн өөрөө зохиолоо бичихээр тэр нь зохиогчийн кино болчихож байгаа юм. Энд нэг дутагдал байдаг. Зарим хэсэг дээр үсрээд байдаг. Логикийн хувьд тийм асуудал гардаг гэсэн үг. Яагаад гэдгийг нь тухайн найруулагч мэдэж байгаа. Зураг авалт хийхдээ “Би энэ хэсгийг ингэж авна” гээд дотроо бодчихсон байдаг. Найруулагч нар өөрөө зохиолоо бичдэг нь өгүүлэх гээд байгаа санаагаа өөрөө маш сайн задалж хардаг. Одоо жишээ нь, би чамаар кино зохиол бичүүлчихвэл, чи бид хоёр амьдралын хувьд ч, юмыг үзэх үзлийн хувьд ч өөр хүмүүс шүү дээ. Тийм болохоор чиний зохиолыг өөрийнхөөрөө янзалж л таарна. Чиний бичсэн зохиол дээр миний өнцөг орж ирнэ. Гэтэл би өөрөө зохиолоо бичээд найруулбал яг өөрийн л өнцөг дээр зогсож байх болно. 

Оскарын шагнал гардуулах ёслолыг чи үздэг биз дээ. Тэнд кино зохиолын хоёр төрлөөр шагнал өгдөг. Нэг нь “Эх кино зохиол” буюу Original Screenplay, нөгөөх нь Adapted Screenplay буюу “Сэдэвлэж бичсэн кино зохиол”. “Эх кино зохиол” гэхээр шууд кино зохиолоо биччихсэн гэсэн үг. Харин сэдэвлэж бичсэн гэдэг нь, одоо жишээ нь “Тунгалаг тамир” романаас найруулагч Р.Доржпалам сэдэвлээд кино зохиол бичээд өөрөө хийснийг хэлж байгаа хэрэг. Ийм л юм. Романаас, бестсэллерүүдээс сэдэвлэж бичнэ. Ийм хоёр өөр төрөл учраас л ялгаж салгаж байгаа юм. Хэрвээ энэ хоёр ялгаагүй гэвэл ганцхан л чиглэлээр шилдэг кино зохиол гээд шагначихна. Тэгэхээр энэ хоёр бол хоёулаа байх ёстой төрөл. Аа харин найруулагч хүн бол аль алийг нь бичиж чаддаг байх ёстой. Би бол одоохондоо “Эх кино зохиол” л бичээд байгаа юм. Гэтэл Ж. Жамъяансүрэн найруулагч бол роман, туужуудаас сэдэвлэж кино зохиолыг гайхалтай сайн бичнэ шүү дээ. Надаас хавь илүү. 

-Сүүлд “Бөөгийн домог” романаар кино хийх гэж байгаа гэж сонссон?

Тийм. Мань эр бол сэдэвлэж бичихдээ гаршчихсан. Манай үеийнхэн дунд тэгж гаршсан найруулагч бараг байхгүй дээ. Би бол сэдэвлэж кино бичнэ гэвэл нэлээн зовж, махаа идэж, үсээ зулгаах байх шүү. Их хэцүү.

-Тэр нь юутай холбоотой вэ. Тухайн зохиолоо эвдчих гээд байдаг уу?

Тэр зохиолоосоо илүү сэтгэх ёстой. Тэр зохиолд зохиолчийн харчихсан өнцөг байна. Харин найруулагч нь өөрөө хувь зохиолчийн өнцгөөс ороод ирвэл “Би үүнийг ингэж бодож байна” гээд нөгөө талаас нь харах болдог. Давж сэтгэнэ гэсэн үг!

-Өнөө цагийн монгол зохиолчдын талаар, тэдний уран бүтээлийн талаар та ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг вэ?

Монголд өнөөдөр яг зохиол бичиж, түүгээрээ амьдарч байгаа хүмүүс гэвэл цөөн хэдэн эмэгтэй зохиолчид. Нөгөө л нэг муулаад байдаг Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа, Ц.Оюунгэрэл нар л байна шүү дээ. Дээрээс нь Л.Өлзийтөгс эгч нэмэгдэнэ. Тэд яаж байна? Дандаа бестсэллер бичиж байна. Эрчүүдээс хэн байна гэвэл Д. Урианхай, Г. Аюурзана, Д. Энхболд, До. Цэнджав, Т. Бум-Эрдэнэ гэсхийгээд зогсчихдог. Гэхдээ мэдээж зохиолчдын түвшин гэж байдаг л даа. Ухаандаа нэг хэсэг нь сэтгэлгээний тал руугаа гүнзгийрдэг бол манай энэ бэстсэллер бичиж байгаа хүмүүс бол арай поп маягаар хөнгөхөөн яваад байгаа тал бий. Гэхдээ олонхид зориулж бичдэг энэ хэд маань сэдвийн хувьд илүү гүнзгийрээд түүх, түүхэн хүмүүс рүү ороод явчихсан нь л  зохиолч эрчүүдийн эгдүүг хүргээд байдаг юм шиг байгаа юм. (инээв) 

Үнэхээр бүсгүйчүүлээ голоод байгаа юм бол шүүмжээрээ хяргачих гээд байдаг П. Батхуяг, Г. Батсуурь нар нь бусадтайгаа нийлээд энэ хэдийгээ дэмжээд туслаад явж яагаад болохгүй гэж. Ингэхээр чимээгүй л байх юм билээ. Бодвол дургүй юм байлгүй. 

-Ямар ч зохиолч, уран бүтээлч хүн ер нь түүхэн зохиол руу бяр суусан хойноо орох учиртай гэж боддог юм. Кино найруулагч нар ч ялгаагүй байх?

Би чамд нэг жишээ хэлье. 1995 онд “Хатан зоригтон” гэдэг киноны зохиолыг Мел Гибсон гэдэг жүжигчин бчиээд өөрөө найруулж хийж л дээ. Шотландын босогч Уильям Уоллес гэдэг түүхэн хүний тухай кино. Тэр үедээ Мел Гибсон 39 настай байж. Гэтэл Америкийн киноны ертөнцөд бөөн шуугиан болохгүй юу. “Энэ муу пацаан түүхэн сэдвээр оролдлоо. Шотланд, Британи хоёрын харилцааг хөнддөг энэ хэн бэ? Ийм залуу хүүхдүүд түүхээр тоглож болдог юм уу?” гэж. Гэтэл чамд “Хатан зоригтон” ямар кино гэж санагддаг вэ? 

-Сайхан кино. Гэхдээ арай дараа үеийн бүтээл “Эх оронч” гээд кинонд нь илүү дуртай. 

Барууны ертөнцөд, ялангуяа киноны ертөнцөд нийтээрээ дагаж мөрддөг хэм хэмжээ гэж юм бий. Ухаандаа залуу байхад залуусын кино л хийдэг. Яагаад гэвэл чи өөрөө залуу хүн. Тэр амьдралыг мэднэ. За, харин гуч гараад ирэхээрээ драм хийж болно. Яагаад гэвэл амьдрал үзээд ухаажаад ирэх нь ээ дээ? Лав л хорин хэдтэй үеэсээ юмыг өөрөөр хүлээж авдаг болчихсон байна. Аа харин 45 наснаас хойш бол түүхэн кино хийхэд болохгүй юмгүй. Яагаад гэхээр ертөнцийг үзэх үзэл нь нэгэнт төлөвшөөд түүх, улс төрийн  талаар өөрийн гэсэн байр суурь, үнэлэлт дүгнэлттэй болчихсон, аливаа зүйлийн наадах цаадахыг ойлгодог болчихсон байна. Надад энэ их зөв санагддаг. 

-Залуу байх нь олон талаар сул талтай гэдэг. 

Сул тал мөн. Яахав, дэлхийн киноны түүхэнд Мел Гибсон шиг тэгж хар залуугаараа түүхэн том сэдэв барьж авсан найруулагч нар байхгүй биш, байна л даа. Гэхдээ ихэнх нь алдсан байдаг. Тааруухан хийсэн. Миний хувьд одоо бол сайн драм хийх нас. Мэдээж түүхэн кино хийхсэн гэдэг бодол бий. Гэхдээ илүү сайн бодох, тунгаах хэрэгтэй байна. Өөрийгөө голж байна.

-Та олон жанрын кино бичсэн юм билээ. Жишээ нь, “Дэв” гээд аймшгийн киноны зохиол бичсэн байсан?

“Ийм нэгэн дурлал” бол залуучуудын сэдэвтэй кино. “Миний хөрш: Чөтгөр”-өөс эхлээд инээдэм орж ирж байгаа юм. “Single Ladies” бол романтик, инээдэм төрлийн кино. Хоёрдугаар анги дээр цуврал алуурчны тухай өгүүлэмж орж ирдэг. Тэр бол триллертэй хольж байгаа юм. “Дэв” бол ойлгомжтой, цэвэр аймшигийн кино. Би 2009 онд бичсэн нэг кино бий. Энэ жил найруулах гээд байгаа. Тэр бол тулаант, гэмт хэргийг сэдэвт кино. 2015 онд бичиж байгаад орхисон миний нэг зохиол бий. Тэр кино бол Non-stop action буюу тасралтгүй үргэлжлэх тулаант кино. Bourne шиг. Би ер нь нэгэн хэвийн байх дургүй. Тэгж саваагүйтэж яваад “Мөрдөгч” киноны 4 ангийг, “Саятан болгох дамжаа” киноны 25 ангийн зохиолыг бичиж үзсэн. Амттай л юм билээ. Гэхдээ зохиолчийн бярыг жинхэнэ шалгадаг юм билээ. Энэ жил би загварын кино хийх гэж байна. Энэ бол бүр өөр, Fashion, Drama.  

-Би өөрөө уран зохиолд шимтдэг хүний хувьд кино болгочихоосой гэж дотроо хүлээж байдаг олон зохиол байдаг л даа. Түрүүнд та бид хоёр түүхэн сэдэвт кино гээд ярилаа. Энд жишээ нь, Т. Мандир гуайн “Саран зэв”-ийг би сонирхолтой кино болох болов уу гэж боддог. Миний хувийн бодол л тэр шүү дээ. Таны хувьд энэ тал дээр бодсон юм бий бий байх?

Байлгүй яах вэ. Ч. Лодойдамба гуайн зохиолоос эхлээд С. Эрдэнэ гуай, Ж. Лхагва гуай, жаахан хойшилвол Д. Энхболд ахын ч юм уу До. Цэнджав гуайн зохиол ч юм уу зөндөө сайн зохиолууд бий. Гол нь тэдгээрийг өнөө цагт буулгаж кино болгоно гэдэг л бодолцох асуудлын нэг. Өөрөөр хэлбэл гуч гарчихсан надад бол ёстой гоё зохиол байж болно. Гэтэл 17, 18-тай хүүхдүүдэд үзүүлэх гэж байгаа шүү дээ кино театрт. Тэр хүүхдүүдийн “гоё” гэдэг нь юу юм? Тэгэхээр зохиолын сонголт бас өөрчлөгдөөд ирж байгаа биз? Одоогийн хүүхдүүдийн үздэг “гоё” кино чинь “Game of Throne” шүү дээ. Тэрэн дээр юу гарч байна? Аллага, хүчирхийлэл гарч байна. Мэдээллийн орон зайгаа шүүлтүүргүй, ил задгай нээчихсэн манай улсын зовлон нь энэ. Тэгээд одоо болж байгаа процессийг хар л даа. Тийм киног үнэхээр сайн кино гэж хүүхдүүд үзэж байна. Киноны хувьд, хийцийн хувьд үнэхээр сайн кино, үнэн. Харин ийм киног хэдэн наснаас нь эхэлж үзүүлж эхлэх вэ гэдгийг бодох ёстой. Үзэл бодлын хувьд төлөвшөөгүй үедээ тийм кино хүүхдүүд үзэж болохгүй биз дээ? Нэг талаасаа ийм. Тэгвэл нөгөө талаасаа кино уран бүтээлчид бид “Game of Throne”-той өрсөлдөх шаардлагатай болчихож байгаа юм. Хүүхдүүд монгол кино үздэггүй чинь үүнтэй холбоотой. Тэгээд манайхан чинь их сонин. Гадаад кинонуудыг торрентоор татаад үзчихэж байна. Фэйсбүүкээс үзчихэж байна. Аллага хядлага битүү муу муухайг харуулсан юм үзнэ. Тэгсэн мөртлөө монгол кинон дээр тийм зүйл гараад эхлэхээр “Та нар ингэж болохгүй” гэдэг. Цагдаа хүчнийхэн нь хүртэл оролцоод хянаад эхэлдэг. Харьцангуй байгаа биз? 

Одоо ингээд чи бид хоёрын яриа бодлого руу орж ирж байна. Монголд өрсөлдөх чадвартай, соёлын контент байх ёстой. Харин түүнийг нь бодлогоор хангаад явах соёлын бодлогын яам нь өргөн хүрээнд ажиллаж чадаж байна уу? Соёлын талаар өнөөдөр гадны контентуудтай өрсөлдөх чадвартай дотоодын контент хэрэгтэй байна. Соёл гэж ерөөсөө юу вэ, хотын соёл, нүүдэлчин соёл гэж юу вэ? Өнөө цагийн монгол хүүхдийн мэдэх ёстой соёл гэж юу вэ гээд хийе гэвэл бидэнд өргөн хүрээнд хийх ёстой ч оромдоод өнгөрч байгаа асар олон чиглэл байна шүү дээ. 

-“Монгол контент”-ийн уран бүтээлчид “Маамуу” гээд хүүхэлдэйн кино гаргасан. Бага ч болов юм хийж л байгаа байх?

Хийж байна аа. Үнэн. Үнэлүүштэй сайн хэрэг. Гэхдээ энэ чинь хувь аж ахуйн нэгжийн түвшинд л хийж байгаа ажил шүү дээ. Төрийн бодлогын түвшинд дэмжих ёстой. Тийм дэмжлэг алга байна. Кино урлагийн бодлогод төр оролцох ёстой гэж би хэлдэг юм. Бас л энэ үгнээсээ болж ад болдог хүн шүү дээ би. Миний харж байгаа өнцгийг салбарынхан маань ойлгодоггүй. Хэдэн кинон дээрээ төрөөс санхүүжилт авч хийх гээд байна л гэж харддаг. Миний ярьж байгаа өнцөг бол илүү өргөн хүрээнд харъя л гэсэн юм. Үнэхээр соёлын тал дээр өгөх мөнгө манай улсад байхгүй юм бол, байгаагаар нь Lexus 570 авч унамаар байгаа юм бол ядаж бодлогоор дэмж л дээ? Одоо энэ “Маамуу” шиг соёлын, боловсролын чиглэлээр контент үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг тухайн контент бүтээгдэж дуустал татвараас чөлөөлье л дөө. Үсрээд л 300, 400 сая төгрөгийн контент болж байгаа байлгүй. Тэрнийх нь татвар хэд юм? 30, 40 сая төгрөг л байгаа биз. Энэ хэмжээний мөнгийг хөнгөллөө гээд улс дампуурчих уу? Үгүй ш дээ.  

-За хоёулаа ярилцлагаа ингэсгээд дуусгая. Сүүлийн асуулт. ГХЯ-наас саяхан "Монгол Улсын Гадаад сурталчилгаа: Орчин үеийн урлаг” сэдвээр уулзалт хийсэн. Та тэнд очив уу?

-Очоогүй. Болсных нь дараа л мэдсэн. Уул нь очих л ёстой хүмүүсийн нэг гэж өөрийгөө бодож явсан юм. (инээв) Өнгөрсөн оны гуравдугаар сард би хамт олонтойгоо, “Хөсөгтөн” хамтлагтайгаа нэг баг болж ГХЯ-ны дэмжлэгтэйгээр АНУ, Канадын 11 хотоор 42 хоногийн аялан тоглолт хийж, ардын урлагаа сурталчилж яваад ирсэн. Энэ бол яах аргагүй соёлын сурталчилгаа. Бидэн шиг өөрсдөөсөө зардал мөнгөө гаргаад, соёлын сурталчилгаа хийгээд, газар дээр нь зовлон жаргалыг нь мэдрээд ирсэн хүмүүсийг уриагүйд гайхаж л суулаа.  “Хөсөгтөн Баг Дэлхийн Тайзнаа” нэртэй энэ аялан тоглолтыг хийх гэж бид жил орчмын өмнөөс ажлаа эхэлсэн. Театруудтайгаа тохиролцох, гэрээлэх, сурталчилгаа хийх, сурталчилгаанд оролцох, хөтөлбөрөө бэлдэх, үзэгчдээ зохион байгуулах гээд үй түмэн ажилтай бужигнаж байгаад л явсан. Монголоос анх удаа бааранд биш мэргэжлийн хэмжээний томоохон тайзууд дээр тоглож явсан хамтлаг бол “Хөсөгтөн” байлаа шүү! Уг нь энэ том аялан тоглолтыг хийхэд ГХЯ маань  биднийг бүх талаар тусалж дэмжсэн. Тэгсэн мөртлөө тэр уулзалтан дээр урьж, санал зөвлөгөөг маань сонсоогүйд манай хамт олон их л гайхсан даа.  

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн олз, амжилт ерөөе.