ТАНЬЯ, ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 20

Монгол орны өнцөг булан бүрт хүрч, зэрлэг, ховор ан амьтдын дүрс зургийг архивлах зорилготой “Хүрээлэн” амьд ертөнцийн төсөл хэрэгжиж эхлээд аль хэдийнээ үзэгч бидний дуртай цуврал нэвтрүүлэг болсон билээ. Харин уншигч та бүхэн хүрч очиход бэрх, бартаа саад ихтэй, байгалийн үзэсгэлэнт газрыг төслийн багийнхны аяллаас сонирхож үзнэ үү.

Хөвсгөл аймаг Ханх сум 

Ханх сум нь нийт 5500 км² газар нутагтай. Сумын төв Турт нь Хөвсгөл нуурын хөвөөнд, аймгийн төв Мөрөнгөөс хойш 280 км, нийслэл Улаанбаатараас 1020 км зайтай оршдог. Хөвсгөлийг Хатгал, цаашлаад Жанхай орсон төдийгөөр Хөвсгөл нуурыг үзчихлээ гэвэл харамсалтай нь эндүүрэл.

Хөвсгөл нуурын зүүн эргээр жуулчны бааз бага, хүн мал сийрэг. Нуурын хойд эрэг дээр, Саяны нурууны 3491 метр өндөрт ноён оргил Мөнхсарьдагийн өвөрт орших Ханх сум бол Монголын хамгийн гайхалтай суурингийн нэг. Монгол орны хамгийн хойд талын суурин газар болох Ханх сумын төв рүү авто машинаар хүрэх ганц зам нь Хатгалаас Хөвсгөл нуурын зүүн эргээр 180 км явж очдог. Их Сантын давааны зам бороо цастай үед хаагддаг. Шавар цасгүй, хуурай үед бол энэ 180 км замыг хамгийн хурдандаа 6-7 цаг явж байж туулна. Хамгийн удаан явсан анти рекорд амжилтыг 26 хонож очсон Зил-130 машин тогтоосон гэдэг.

Өмнөговь аймаг Гурван тэс, Хэрмэн Цав

Гурван тэс сум нь нийт 2,9 сая га газар нутагтай. Хойд, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг. Улаанбаатараас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газар. Газар дээрх гандирсын хот гэж Хэрмэн цавыг л хэлэх байх. Энэ бол байгалийн бүтээсэн гайхамшигт архитектур бүхий хот.

Эзгүй говьд сүрлэг байшин шиг харагдах ханан хавцал дундуур алхвал далайн эргийн цамхаг, фараоны хөшөө шиг чулуун дурсгалуудыг сонирхон алмайрах болно.

Чухам өөр бусад үзмэрийг харж ажиглаж чадах эсэх нь гагцхүү таны оюун сэтгэмж, уран дүрслэлээс л шалтгаална. Хэрмэн цав нь хүний хөл, малчны хот, суурин газраас хол бөгөөд эндхийн зам бас л шалгуур ихтэй.

Хаврын хавсаргатай үед салхи шуурга замыг анзаарч харагдамгүй болтол нүдчихнэ. Ус, түлшээ сайн базааж, GPS, газрын зураг, сансрын утас, сайн дугуйтай, найдвартай машинаар л явахгүй бол баларч дөнгөнө. Туршлагагүй аялагч нарт зөвлөхөд, төөрч будлихаас гадна говийн хөрс, элс нурангинаас болгоомжлоорой.

Говь-Алтай аймаг Дарви сум 

Дарви сум нь нийт 344,5 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Алтай хотоос баруун хойш 182 км-т Дарвийн нурууны өвөр хоолой Ихэс нуурын хөвөөнд оршино. Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Дарви сумын нутгаар баруун хойноосоо зүүн урагш 80 км сунаж тогтсон Дарвийн нуруу хэмээх нэгэн сайхан нуруу бий. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2684 м өргөгдсөн Түнгээгийн Шовх уул. Хүрээлэн төсөл ийшээ монгол бөхөн төллөх үеэр явсан юм. Дарвийн нурууны наад Шаргын говь, Хүйсийн говьд дэлхийд ховордсон монгол бөхөнгийн хамгийн том популяц бий. Бас Дарви сумын төвийн хажууд орших Ихэс нууранд реликт цахлай гэж ховор шувуу ч бий. Мөнх цасан малгайтай огцом өндөр уулс хооронд орших говийн шал, хоолойнууд замд бишгүй дайралддаг гэхээр байгаль, цаг уур, зам бартаа нь эрс тэс, хатуу ширүүн байх нь мэдээж. Ялангуяа аадар борооны үеэр гэнэт нэг амнаас ус шаагин бууж, наанги шавартай шал хоолойнуудыг дүүргэж орхино. Бас загийн үндэс, хурц чулуу гээд жолооч, тэрэг хоёроос шалгалт авах “этгээдүүд” их бий... Загийн үндэс бол дугуйны ганц дайсан. Зам бартаагаа харж явахгүй бол ямар ч сайн дугуйг цоо сүлбэж чадах зүйл бол загийн үндэс аж.

Нийтлэлч Нийтлэлч Б. Батпүрэв, зургийг "Хүрээлэн" төсөл
Эх сурвалж: Зарулем сэтгүүл