Нохойг хайрла

Нохойн тухай бичихээр энд тэндгүй байгаа тэнэмэл орон гэргүй хүүхдүүд, эсвэл эцэг эхтэй ч тэднийхээ хайрыг бүрэн утгаар нь эдэлж чадахгүй өлсгөлөн зовлонд нэрвэгдсэн өчнөөн хүүхэд байхад юун нялуун юм гэж л битгий хэлээрэй гэж танаас гуйя.

Нохой тэжээж үзээгүй гэрийн ямар нэгэн амьтантай харьцаж үзээгүй хүн хэзээ ч ойлгохгүй байж магадгүй ч би таны анхаарлыг энэ нийгмийн анхаарлыг өнөөдөр гудамжинд өлсөж зовон даарч машинд дайруулж бас нохой устгалаар буудуулж, мөн гайгүй үүлдэр бол хулгайн бүлэг этгээдүүдэд хулгайлагдаж өнчрөл хагацал үзэн зовж яваа үй олон нохойнуудын хувь заяа ямаршуу байгаа руу түр ч гэсэн хандуулахыг хүслээ. 

Хэрэв та нохойн нүд рүү хараад үзвэл тэр хүн адил ухаалаг харцтай болохыг ядах юмгүй мэднэ. Нохой эзэнтэйгээ сэтгэл зүйн харилцаанд ордог хүний хэлээр ярьж чаддаггүй боловч таны уурласан, уйтгарласан, түгшиж зовсон, шаналсан эсвэл баяр хөөртэй байгааг бүгдийг анзаарч мэдээд өөрөө сэтгэл хөдлөлөө хариу илэрхийлдэг ухаалаг амьтан.  Би анх удаа нохой тэжээж үзэхдээ энэ амьтан ямар ухаантай муухан хүнээс илүү эзэндээ хань нөхөр болдгийг олон удаа нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн билээ. Гөлгөн нохой эзнээ ирэхэд шээс алдатлаа баярлан (гөлөг их эрхлүүлдэг хүнээ ирэхээр нь баярласандаа дороо шээчихдэг юм билээ) угтдаг. Охиныг минь ирэхэд байрны хаалгаар ч орж ирээгүй байхад мэдээд хаалга руу ухасхийдэг. Нохой эзэнд нь таагүй байгаа хүнийг хэчнээн инээж жүжиглэсэн ч хуурталгүй “муу хүн” гэж алдалгүй мэдээд мөн таагүй ханддаг. Гэтэл хүмүүс бид худлаа инээсэн гаднаа сайхан дүр эсгэсэн нэгэнд өлхөн хууртагдана. Тэр таныг чин чэтгэлээсээ хайрласан хүнд мөн л чин сэтгэлээсээ хайртай үнэнч байж танаас хэзээ ч урвадаггүй. Гэтэл хүмүүс бидний дунд үнэнч нөхөрлөл хайр сэтгэлээсээ урвах шарвалт ямар их байдаг билээ дээ.

Нохой тэжээсэн хүүхэд хүнлэг хүн болж төлөвших хүмүүжлийн ач холбогдолтой. Комьютерийн хүйтэн дэлгэцээр тоглоом тоглохоос хэдэн мянга дахин таны хүүхдэд хэрэгтэй. Нохойгоо хооллон салхилуулж тэжээнэ гэдэг нэг талаас өөрөөс хамааралтай нэгнийг асарч халамжлах, хайрлах урлаг, хариуцлагад хүүхдийг багаас нь сургаж байгаа хэрэг.     

Хэдхэн сарын өмнө өнгөрсөн зун уулын аялалд хамт явж хань нөхөр минь болсон 6 сартай уулын хоньч гөлгөө хулгайд алдсан юм. Тэгээд цагдаа сэргийлэхэд мэдэгдэн эрж сурсан боловч ямар ч сураг гарсангүй. Олж өгсөн хүнд багагүй шагнал амлан зар тараагаад ч амжилт олсонгүй. Усанд хаясан чулуу мэт алга болсон.  Сураг сонсохнээ нь нохой хулгайлан үржүүлж зардаг бүлэглэл байдаг гэх. Тэд нохойн ороо орох цагаар гадуур явж нүдэлсэн нохойгоо өөр нохойгоор дуудуулан дагуулж зугтаадаг аргатай. Тэр бүлэглэл нь цагдаагийнхантай ч холбоотой байдаг гэх. Бодвол түүнийг минь сайн үүлдрийн гар команд бүгдийг сурсан охин гөлөг болохоор нохойн бүлэг хулгайчид авчихаад өдийд харанхуй нүхэнд хориод хүчээр хээлтүүлэгт оруулж гөлөглүүлэх гэж байгаа биз. Нохой маань эрх дураараа ч дэндүү ухаантай амьтан болохоор тийм тамлал амсаж яваа гэж бодохоор би байж сууж ядах ч үнэндээ үүнийг бичихээс өөрөөр юу ч хийж чадахгүй байна. 

Сэтгэл хөөрлөөрөө хүүхдээ эрхлүүлэх гээд гөлөг худалдаж авчихаад дараа нь арчилж тэжээж чадахгүй залхуурахдаа зүгээр л гудамжинд гаргаад хаячихдаг цэвдэг сэтгэлтнүүд үй олноороо байна. Тэгээд хаягдсан нохой түмэн зовлон амсаж эцэст нь зэрлэгшиж яваад гөлөглөж тэд нар нь бас л эхийнхээ зовлонг эдэлнэ. Охин гөлгийг тоож тэжээдэг ч хүн алга. Уг нь учир мэдэх улс хэлэхдээ жингэр нохой тэжээвэл жинхэнэ буян болдог гэх юм билээ. Манай монголчууд нохойг хүний хань нөхөр болдог тул их хүндэлж ам бүлийнхээ тоонд батгааж явдаг, нохой тэжээх ёс жудагтай ард түмэн. Гарсан гөлгийг нь өөр айлд заавал үрчлүүлдэг. Гэтэл одоо тийм юм алга монгол хүний хүмүүнлэг сэтгэл өдрөөс өдөрт гээгдэн зэрлэгшиж тэр хэрээр үй олон гуринхалсан нохой гудамжаар дүүрчээ. Уг нь соёлтой хүмүүнлэг нийгэмд нохойг хэт үржүүлэхгүй байх, нохойн үүлдэр угсааг хамгаалах зорилгоор үржил таслах мэс ажилбар хийлгэдэг. Энэ нь нэг талаар маш хүнлэг эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй арга юм. Өнөөдөр Улаанбаатар хотын төсөвт нохой буудан алж усгах зардалд маш их мөнгө үрдгийг сонссон. Саяхан гарсан Шарктанк нэвтрүүлэгт орсон залуу энэ талаар маш хэрэгтэй санал гаргасан боловч мэдээж ашгийн төлөө риалити шоунд энэ хүмүүнлэг санал эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэдэг шиг хэний ч анхааралд өртөлгүй замхарсан. 

Ингээд хэрэв нохой тэжээх гэж буй бол эхлээд дараа нь өөрт чинь ирэх хариуцлагыг сайн бод, өөрөөс тань хамаарах тэр амьтныг хамгаалж арчилж чадахгүй бол амьтан зовоож нүгэл үйлдээд хэрэггүй гэж хэлмээр байна. Туулга вакциныг нь журмын дагуу хийлгэж эрүүл байлга. Тэгэхгүй бол орчин бохирдуулж ялангуяа бага насны хүүхдэд халдвар тараах үр дагавартай. Хүүхдийн тоглодог газар буу салхилуул. Ялгадасыг нь авч цэвэрлэж хэвш.  

Мөн амьтны эрхийг ноцтойгоор зөрчин үүлдэр угсаатай нохойг хулгайлан үржүүлж зардаг энэ ажлаа бүр бизнес болгосон нохойн наймаачидтай хууль хяналтын байгууллага тэмцэх цаг болжээ. Миний нохойг хулгайлсан хэрэг дээр томилогдсон байцаагч нэг ч удаа байцаалт мөрдлөг хийсэнгүй. Надад одоо болтол миний өргөдлийн хариуд ямар ч мэдээлэл ирүүлсэнгүй.  

Та эдгээр зургууд дээр эзэндээ гологдож золбирсон ноход ямар зовлон эдэлж байгааг харна. Заримыг нь харахаар нүд хальтирмаар. Нохой дайрчихаад тэр чигт нь орхиод явчихдаг жолооч та хэзээ нэгэн цагт нохой болж төрвөл тэр хувь заяаг эдлэх ч магад.