Ам.долларын ханш буурч байгаа ч эдийн засгийн бодит секторт нөлөөлөхгүй байна

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 02 сарын 20

Ам.долларын ханш буурч төгрөгийн ханш чангарсан өдрүүд

Өнөөдрийн байдлаар Монголбанкны ам.долларын албан ханш 2397 төгрөг байна. Он гарснаас хойш төгрөгийн эсрэг ам.долларын ханш суларсаар байгаа юм. Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулснаар нэгдүгээр сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2425.8 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 хувь, өмнөх сараас 0.3 хувиар чангарчээ. 

Ам.долларын ханш буурч, төгрөгийн ханш чангарч байгаа нь манайх шиг импортлогч орны хувьд мэдээж сайн зүйл. Гэхдээ энэ байдал нь эдийн засгийн бодит секторт, өөрөөр хэлбэр импортын бараа, бүтээгдэхүүний үнийн бууралтанд нөлөөлөхгүй байгаа юм. Уг нь бол Цагаан сарын үед, нэгдүгээр улиралд төгрөгийн ханш 0.8-1.5 хувиар сулардаг. Нөгөө талаас өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1 дүгээр сард өмнөх сараас 1.4 хувь, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахадд 6.9 хувиар өсөөд байгаа юм. Тэгэхээр ам.долларын ханшийн бууралтад эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээс гадна төгрөгийг чангаруулах бодлого харагдаж байгаа учраас бодит эдийн засагт нөлөөлөхгүй байна гэдгийг эдийн засагч хэлж байна.  

Энэ талаар Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэнгийн захирал Д.Амгалан “Валютын ханшийн нөлөөлөл самбарын ханшин дээр буурч байгаа бус бодит эдийн засаг дээр харагдах ёстой. Валютын ханш сулраад, төгрөгийн ханш ийнхүү чангарч байгаа нь эдийн засгийн утга агуулга нь ямар байгааг харуулж байгаа юм” хэмээв.

Өнгөрсөн онд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Жайка, Азийн Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудаас 724 сая ам.доллар орж ирсэн. Хуралдай, Гэрэгэ зэрэг бондуудыг гаргаснаар 471.4 сая ам.долларын ашиг орж ирсэн. Өнгөрсөн онд төлбөрийн тэнцэл 811 сая ам.долларын ашигтай буюу 2012 оноос хойш анх удаа хамгийн өндөр дүнтэй гарсан юм. Эдийн засгийн ийнхүү нааштай байдал нь валютын ханшид эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгийг Монголбанкны Судалгаа, статистикийн газраас мэдэгдэв.