Найман хувьцаат компани 3.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 02 сарын 20

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 220 компани байдаг. Жил ирэх тусам ногдол ашиг тараах компаниудын тоо нэмэгдсээр байгааг Монголын Хөрөнгийн Биржээс мэдээлж байгаа юм. Учир нь компаниудын засаглал, менежмент сайжирч байгаа, нөгөө талаас ногдол ашиг тараах нь эргээд тухайн компанид дахин хөрөнгө оруулалт татахад үр өгөөжтэй байдаг байна. 

2017 онд 28 ХК 69.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. Харин 2018 оны хувьд, өнөөдрийн байдлаар 8 хувьцаат компани 3.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байна. Энэ жилийн хувьд хувьцаа эзэмшигчдэд тараах ногдол ашгийн хэмжээ ч өндөр байх болов уу гэж таамаглаж байгаа юм.

Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн Т.Нямдорж “Энэ жил 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах болов уу гэсэн шинжээчдийн таамаг байна. Учир нь орон нутгийн өмчид Тавантолгой ХК жилийн эцсийн байдлаар 140 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тус компани цэвэр ашгийнхаа 80 орчим хувийг тараадагтай холбоотойгоор энэ таамаг бараг биелэх болов уу гэж бодож байна. Мөн МИК Холдинг, Гутал ХК, АПУ зэрэг компаниуд өндөр ашигтай ажиллаж, ашгаа хувьцаа эзэмшигчидтэйгээ хуваадаг” хэмээв.

Одоогийн байдлаар ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн компаниудын хувьд, “Мах импекс” ХК 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилж, аравдугаар сарын 1-ээс эхлэн компанийнхаа байранд бэлнээр олгох юм байна. “Талх чихэр" ХК нэгж хувьцаанд 170 төгрөгийн ногдол ашгийг ирэх долдугаар сарын 1-ээс олгоно. “Монгол шуудан” ХК 2017 оны цэвэр ашгийн дүнгээс 30 хувиар тооцож, нэгж хувьцаанд 2.74 төгрөг буюу нийт 273 сая 464 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилна. 

“Адуунчулуун” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг буюу нийт 409 сая төгрөг, “Тахько” ХК нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128 сая төгрөгийн ногдол ашиг тараана. “Улаанбаатар хивс” ХК нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар болоод байна.