Амирлалын туйл гэгээрэлд хүргэмүй

http://cdn-media-1.lifehack.org/wp-content/files/2012/04/mindfulness_meditation.jpg"Бурханлиг" гэдэг нь яг Бурханыг хэлж байгаа хэрэг биш, "төмөрлиг" гэдгийн үлгэрлэл нь тэр лүгээ адил юм гээд бичсэний дор нэг номын садан тэгвэл "хүнлэг" гэдэг үг бас яг хүн гэсэн үг биш гэж үү хэмээх асуулт тавьсан нь их л бодууштай хэрэг болой. Жинхэнэ хүн, төгс хүн гэдэг ойлголтын үүднээс авч үзвэл хүнлэг гэдэг үг маань түүн рүү дөхүү буюу хүн шиг, хүнэрхүү гэдэг утгыг заасан хэрэг байж таарна. Нангиадад "Богд хүмүүн" гэсэн утгыг "Жинхэнэ хүмүүн" гэсэн үгээр илэрхийлэх тохиолдол цөөнгүй байдаг юм шүү.

Хүмүүжил боловсрол гэдэг үгийн утгыг ч та бүхэн дээрх мэт ухан бодоод үзээрэй. Хүмүүжлийн боловсролын гол зорилго бол хүн болгох явдал юм гэдгийг гайхалтай оновчтой илэрхийлсэн байгаа биз. Бид Монгол бичигтэйгээ байсан бол энэ мэт уламжлал гүн ухааны мэдлэг дотор нь нэвт шувт шингэсэн байдгийг ойлгоход төвөгтэй бус. Гэтэл манай өнөөгийн боловсролын тогтолцоо "Хүүхдийг хүн болгох" гол зорилгоосоо хазайчихсан, "сэтгэл тогтоох" үндсэн арга байдаг тухай дуулж мэдээ ч үгүй. Харин түүний оронд томъёожсон, даалгаваржсан, давтлагажсан, хөтөлбөржсөн маягтайгаар яваад байгааг би цөөнгүй шүүмжлэн бичдэг билээ.

Харин манай ухаант өвөг дээдэс "Биеэ мэдвэл хүн болмуй. Бэлчээрээ таньвал мал болмуй." гэж хэлэлцсээр ирсэн нь хүн байх зам мөрийн чигийг бас л тодорхой сайхан заагаад өгчээ.

Тэгвэл биеэ мэдэх, өөрийгөө танихын тулд яах ёстой вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирнэ ээ дээ. "Би өглөө, өдөр, орой гурван удаа өөрийгөө шинждэг" хэмээх Күнз Богдын үг энэ тал дээр их том юм хэлээд байгаа хэрэг. Өөрийгөө шинжих гэдэг нь үг хэл, үйлдэл болон хамгийн гол нь санаа бодлоо хянаж цэнэх хэрэг байж таарна.

"Ном унших зөв дадал бол Харвардын дипломоос ч илүү үнэ цэнэтэй." хэмээх Билл Гейтсийн үгийг хүүхэд залуус маань бодож явууштай санагддаг. Миний санахад Билл Гейтс бүр бага байхаасаа ном унших зөв дадалтай хүүхэд байсан байж таарна. Түүнийг мэдээжийн хэрэг гэрийн хүмүүжлээр дамжуулан олж авсан болов уу? Сайн номыг зөв уншиж сурвал дотоод сэтгэл амирлаж, түүний гүн рүү өнгийх боломж үүснэ. Жирийн хүмүүс гадаад ертөнцийн юмс үзэгдэлд хэт автаад тэр хэрээр бие сэтгэлийн ядаргаанд орчихоод байдаг бол номч мэргэн хүмүүс тийм байдлаас ангид байдаг болохыг ойлгож ядах зүйл үгүй. Ном уншихын үнэ цэнийг Билл Гейтс энэ утгаар хэлсэн болов уу гэж таамаглаж байна. Нэг их хол зөрөхгүй байх аа.

"Амирлалын туйл гэгээрэлд хүргэмүй" хэмээх гүн утгат үг чих дэлсэж сэтгэлд хоногшсон нь энэ удаа Номхон далайн хөвөөнөөс шүүрдсэн үгэн сувдын том олз хэмээн санагдаж байна. "Ганцаар сууж гагцаар алхахуй нь нирваанд хүрэх зам мөрийн найдвартай сайн анд нөхөр болой." гэсэн үг олж уншсанаа хэд хоногийн өмнө та бүхэнд дуулгаж байсан. Дияаны сургаалаас угшилтай энэ алдартай мэргэн үг энэ бичих сэдэвт бас хамаарах тул энд дахин орууллаа.

Ер нь орчлонгийн далайг гэтлэх, хүлээснээс ангижран тонилох зургаан гол арга байдгийг Мила Богд маань номлосны хоёр нь ганцаараа байх, аглаг уулнаа суух явдал болохыг дурьдсаныг бас л бодож үзүүштэй. "Тонилохуйн мөр" хэмээх нэртэй уг гүр дуулалд:
"Бурханы номд чин сүжиглэх нь тонилохуйн мөр
Буяны садан багшийг шүтэх нь тонилохуйн мөр
Хатуу тангараг ариун болвоос тонилохуйн мөр
Харьж буцалгүй уулнаа сууваас тонилохуйн мөр
Үргэлж ганцаар сууваас тонилохуйн мөр
Үнэн ёсоор бясалгаж чадвал тонилохуйн мөр
Энэ хэмээх нь тонилохуйн зургаан мөр болой." гэсэн байдаг шүү дээ.

Ганцаар суух, гагцаар алхах нь сэтгэлээ анирлаж өөрийгөө таних маш том алхам болдог аж. Та ч гэсэн боломжтой бол энэ талаас нь бодож хэрэгжүүлэх гээд үзээрэй. Харин энэ арга зожиг, ганцаардмал, битүү түгжигдмэл хэмээх амьдралд түгээмэл байдаг ойлголтоос ялгаатай нь гэвэл бэлгэ билгүүний гэгээн зулаар урьдах зам мөрөө гэрэлтүүлсэн ухаалаг зорилготой үйлдэл болохыг ойлгоно буй за. Өөрийгөө ганцаараа, зожиг, түгжигдмэл хэмээн шаналж явдаг ганц нэг хүмүүс байдаг бол байгаа байдалдаа хандах харах өнцгөө эерэг сайн тал руу эргүүлээд үз гэсэн үг л дээ.

Харин дээр дурьдсан зургаан тонилохуйн мөрийн эсрэг биднийг зургаан зүйл хамаг амьтны аль нэг төрөлд уячихаад байдаг зан араншингийн зургаан том чөдөр тушаа байдгийг Мила Богд маань бас шүлэглэн айлдсаныг энд нийтлэж жижиг бичлэгээ өндөрлөсү.

"Харгис урин их болвоос тамын чөдөр
Харам ихт зан болвоос бирдийн чөдөр
Харанхуй мунхаг болвоос адгуусны чөдөр
Ханалгүй тачаангуйт болвоос хүмүүний чөдөр
Дээрэнгүй атаач болвоос асурийн чөдөр
Тэнсэшгүй их омогт болвоос тэнгэрийн чөдөр
Онож өгүүлсэн дээрх зургаан чөдөр нь
Орчлонгоос гэтлэхүйн гол саад болой."