И.Одончимэг: Дахиад 10 насаар залуу байсан ч болоосой

NTV Нэвтрүүлэг / Time Admin
2018 оны 02 сарын 21

NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлгийн дугаарт жүжигчин И.Одончимэг оролцсоныг хүргэж байна.

- БОЛДОГ БОЛ ХААШАА Ч ЯВСАН ЭЭЖИЙГЭЭ ДАГУУЛААД, ҮРГЭЛЖ ХАЖУУДАА БАЙЛГАМААР БАЙНА-

Шинэ  уран бүтээлийг шимтэн үзсэн. Олон ч хүн уйлсан, уярсан гэж сэтгэгдлээ илэрхийлж байна. Хүмүүс бид эцэг эхийгээ амьд ахуй цагт нь ачилж хайрлая гэж хүн бүхэн боддог ч хожимдсон хойноо ухаардаг. Киноны гол санаа нь энийг л хэлэх гэсэн болов уу?

Ээждээ зориулж дуулаагүй дуучин, ээждээ зориулж шүлэг бичээгүй яруу найрагч гэж байдаггүй байх. Ний нуугүй хэлэхэд би ээждээ зориулж нэг сайхан дуу хийлгэх юмсан гэж боддог байсан. 

Нэг удаа гудамжинд явж байгаад зөрж өнгөрсөн хоёр залуугийн яриа сэтгэл сэртхийлгээд, эвгүй сонсогдсон. “Ээж гэж нэг тэнэг дурак. Ээж миний урдуур ороогүй бол тэгэхгүй байхгүй юу” гээд яриа нь сонсогдсон. Араас нь эргээд харахад аятайхан хувцасласан, өндөр биетэй хоёр залуу байсан. Бодвол тэр хоёр залуу ээждээ хайртай л байж таарна. Гэхдээ хүн гэдэг хайртай мөртлөө хайрынхаа үнэ цэнийг мэдэрдэггүй байх. Мэддэг хэрнээ мэдэггүй, бодоод л байдаг хэрнээ биелүүлж чаддаггүй гэдэг ч юм уу.

Ээж аавыгаа өнгөрсөн нь хойно нь “ингэх минь ч яалаа, тэгэх минь ч яалаа” гэж халаглан, харамсч ярьж байхыг би олон сонссон. Тэр үед л би ээжийн тухай кино хийх ёстой юм байна гэж бодогдож байсан. Хийх хийхдээ ээж бол өнгөрөх ёстой, араас нь харамсах ёстой, магадгүй хүний хамгийн их харамсал үхэлд оршдог юм байна гэдгийг харуулахыг хүссэн.

Яг ээж аавыгаа, хайртай хүнээ алдсан үед л хүний орой руу нь тулж очиж байгаа байхгүй юу. Тийм л учраас магадгүй тэр кино ингэж төгсөх ёстой юм байна гэж бодож байсан. Гэхдээ зохиол олдоно гэдэг уран бүтээлч бидний хувьд ховор завшаан л даа.

Хүмүүс энэ киног үзээд их уйллаа гэдэг юм. Магадгүй илрэл нь, харагдах үйлдэл нь тийм байж болно л доо. Би бодохдоо уйлах бол нэг нэг хэрэг, дотроо хайртай хүнээ амьд байхад нь, дэргэд нь байхад амжиж хайраа илэрхийлээд, хайраа харуулаад, баярлуулах хэрэгтэй юмаа гэдгийг л ойлгоосой гэж бодож байгаа.

Та ер нь хэр ачлалтай охин бэ? Та киногоо хийх мөчид ээжийгээ л бодож байсан гэж хэлсэн. Киног бүтээх цаг хугацаанд энэ талаар бас бодож эргэцүүлж байсан байх?

Би боломжоороо л ээждээ ачтай тустай байх юмсан гэж боддог. Сүүлийн ганц хоёр жилээс дандаа хажууд нь байж баймаар санагддаг болсон. Гэхдээ амьдрал болохгүй л байна. 

Ээж минь болохоор өөрөө “Ямар азаар чи минь ирэв ээ” гэдэг. Ээжийн хэлж байгаагаар их л чухал, мундаг, ачлал энэрэлтэй охин юм шиг байна лээ. 

Мэдээж эх хүн үрийнхээ хайрыг голдоггүй л байх. Намайг халамжлахгүй байна, хайрлахгүй байна гэж их юм хүсдэггүй байх. Ер нь эх хүн чинь үрээсээ хариу нэхдэггүй шүү дээ. Тэгэхээр ээж минь надаас өөрт нь зориулсан өчүүхэн сэтгэлийг далай шиг ихээр бодож байгаа байлгүй хөөрхий. Гэхдээ би санасандаа хүртэл ээжийгээ ачилж чадахгүй л явна. Болдог бол ёстой хаашаа ч явсан дагуулаад л, үргэлж хажуудаа байлгаж баймаар байх юм. Зав болохгүй байна л даа.

Таныг хацраа хонхойтол эрхэлдэг гээд ярьдаг?

Хааяа ээжийгээ ирж хонооч гэж гуйдаг. Хааяа өөрөө очиж хононо. Манай ээж газраар унтах дуртай. Охиныхоо урдуур унтчихъя гээд л. Хамт, миний урд унтаж байгаа хэрнээ л ээжийгээ санаад байдаг. 

Хол байхад санан гэж бас байдаггүй юм шиг байгаа юм. Дэргэд байхад санаад байдаг байхгүй юу. 

Ээж гэрт байх их сайхан байдаг даа?

Ээж гэрт байх шиг сайхан юм байхгүй. Хамгийн сайхан жаргал чинь тэр шүү дээ. Ер нь одоо хүүхэд байхад ээж л байхад хоол ундтай, гэрэлтэй гэгээтэй, халуун дулаан мэдрэгддэг. Их гоё үгээр илэрхийлэх гэхээр үг олдоггүй юм билээ.


- МАГТААЛД ХӨӨРӨӨД БУРУУ МОРИНДОО МОРДООД, БУРУУ ТАШУУРДААД ДАВХИХ ЮМ БОЛ ДУУСНА ШҮҮ ДЭЭ -

Уран бүтээлч хүн үнэ цэнэтэй байх талаар бодлоо хуваалцаач?

Манай Х-Түц продакшны хийсэн бүтээл олон түмэнд сайн хүрдэг гэж боддог. Энэ нь эргээд бидэнд хариуцлага болдог. Бид нар бас тухайн уран бүтээлдэ үнэлж, үнэ цэнэтэй хандах хандлагыг бий болгодог.

Манай Найдаа найруулагч Х-Түц продакшныг байгуулахдаа энд Монголын хамгийн сайн жүжигчдыг цуглуулна гэж байгуулсан юм. Ер нь цагийг дэмий үрж яадаг юм. Ингэж их нойр хоолгүй явж, хөлс хүчээ зарцуулсан цагийг үнэ цэнэтэй өнгөрөөх ёстой. Үнэ цэнэтэй өнгөрөөхийн тулд үнэ цэнэтэй уран бүтээл хийх ёстой. 

“Бид нар 15 хоногт хийсэн ш дээ” гэж ярьж байгаа хүмүүсийг гайхдаг юм. 25 хоног ч гэсэн арай л гялалзуулж байна уу гэж гайхдаг. Би чинь жигтэйхэн хурдан хийгээд байхад л 45 хоног хийдэг. “Солиот эх” яг 48 хоног болсон. Зарим ажиллаж байсан хүмүүс арай л удаан байна аа гэж байсан. Яагаад гэвэл дараагийнх руугаа яараад л, бушуухан мөнгө олох гээд л байгаа харагддаг. Зарим нь шүү. Уран бүтээлдээ жигтэйхэн сайхан цаг зарцуулаад хийж байгаа хүмүүс ч бас байна. 

Ер нь уран бүтээлч хүн үнэ цэнэтэй байх ёстой. Тэгж байж тухайн уран бүтээл нь үнэ цэнэтэй болдог. Хүнд авьяас байна. Авьяас байчихаад өөртөө итгэх итгэл гэж байх ёстой. Авьяас, итгэл, уран бүтээлдээ зориулах дур сонирхол, сэтгэл гэж зүйлүүд байж гэмээнэ уран бүтээлийн үнэ цэнэ бүтэж байгаа юм. Үнэ цэнэ гэдэг нь уран бүтээлчийн чадвар чансаа гэж ойлгоод байна. Тэрнээс биш мөнгөөр хэмжигдэх үнэ цэнэ биш шүү дээ.

Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж яваарай гэж Цэрэндагва гуайн хэлсэн гоё үг байдаг. Одоо бол та их магтуулж байх шиг байна. Гэхдээ таныг магтаалд дуртай хүн гэж бодохгүй байгаа?

Ер нь магтуулах дургүй хэн байхав. Нэг их олон жил амьдраагүй ч гэсэн туулсан амьдралаа харвал ямар ч хүн магтаалд дуртай байдаг юм билээ. Гэхдээ үнэн магтаал, худлаа магтаалыг мэдрэмжээрээ ялгадаг байх хэрэгтэй. Би чинь алчихсан юм байна, би чинь аймар юм байна, би хөөрхөн юм байна гээд хүний магтаалд анализ хийхгүй шууд хүлээж аваад байдаг.

Чи их сайхан сэтгэлтэй хүн шүү гээд магтахаар зарим хүн онгироод сайхан сэтгэлээ харуулаад тусалчихдаг. Ингээд бодохоор магтаал хүнд хэрэгтэй байгаа биз. Магтаалыг сайнаар хэлбэл их урам. Сэтгэл санаа сайхан болоод, нээрэн ч тийм юм шиг санагдаад, сэтгэл санаа өндөр болно гэдэг нь нөлөөлж байна. 

Багшийнхаа хэлсэн үгийг би байнга бодож явдаг. Багш маань ч хэлэх дуртай. Ялангуяа уран бүтээлч хүмүүс олны танил болоод ирэхээр хүмүүсийн магтаал их ирдэг. Буруу мориндоо мордоод буруу ташуурдаад давхичих юм бол дуусна шүү дээ. Маш олон уран бүтээлч тэгж сөнөсөн шүү дээ. Ер нь би магтаалд их хянамгай ханддаг. Би хэзээ ч магтаалд хөөрч үзээгүй. Хөөрөхгүй.

Зэмлэлд бол гомдох шаардлага байхгүй. Манай ээж багш хүн. Ээж маань “Миний хүү зэмлэж байгаа хүн, аашилж байгаа хүнийг буруугаар бодож болохгүй шүү. Хүнд ээж аав нь аашилж зэмлэдэг. Хүн хүний төлөө л бодсон учраас зэмлэдэг юм” гэж хэлдэг. 

Та нэг удаагийн ярилцлага дээрээ хүмүүст үнэнийг хэлж болохгүй гэж боддог талаараа хэлсэн байдаг. Хүмүүс бодит үнэнтэй тулгарах дургүй гэж ойлгож болох уу?

Зарим талаараа тиймш дээ. Бүх юманд үнэн байна гэвэл эвгүй. Бүх зүйлд хэмжээ байх ёстой юм шиг байна лээ. Үнэнд хүртэл хэмжээ байх ёстой.

Би арван жилд байхдаа бүх зүйл үнэн байх ёстой гэсэн үзлээсээ болж багш нартаа ад болж байсан. Багшийн дээдэд хүртэл ирээд радиогоор багш нарыгаа шүүмжлээд балласан ш дээ. 

Би сургуулийнхаа сахилга батын хурлаар орж, 2 авч байлаа. Сурлагаараа биш сахилга батаараа шүү. Би бүх зүйлд үнэн байх хэрэгтэй гээд багш нартаа шулуухан хэлчихдэг байсан. Тэр нь олон багш нарын дургүйг хүргэсэн. Намайг ойлгодог байсан хүн гэвэл манай анги даасан багш Солонго гэж сайхан эмэгтэй байсан. Миний багш л намайг ойлгож, бусадтай муудаж, бусдаас өмөөрдөг байсан. 

Та улстөрч байсан бол нэлээд хол явах байсан юм биш үү?

Ер нь нийгмийн хичээлд их сонирхолтой, сонгож хичээллэдэг хичээл нь нийгэм байлаа. Нийгмийн хичээлд хачин сайн, нийгмийн сонгонд суудаг байлаа. Ер нь хэм хэмжээтэй байх ёстой гэдгийг тэндээс ойлгож байсан юм уу даа.

Гэхдээ миний амьдралдаа баримталдаг зарчим бол аль болох үнэн байх юмсан, аль болох үнэнийг хэлэх юм сан гэж боддог.


- ГАНТӨМӨР ГУАЙГ ХАРСАН ТЭР АГШИН МИНИЙ АМЬДРАЛЫГ ШИЙДСЭН ЧУХАЛ МӨЧ БАЙСАН -

Жүжигчин гэдэг мэргэжлийг Та өөрөө сонгож байсан уу. Таны хүсч мөрөөдж байсан сонголт уу?

Миний амьдралын маш чухал агшин байсан гэж боддог. Сайн мууг шийдэх олон агшин байсан байх. Миний амьдалд, өгөөж буйн хамаг сайхан юмыг авчирсан чухал агшин байжээ гэж боддог.

Би монгол хэл, түүх нийгэм гэдэг чиглэлээр конкурс өгөхөөр бэлдэж байсан юм л даа. Ер нь жүжигчний ангид шалгуулна гэж бодоогүй. 

Би хичээлээ тараад автобусанд суугаад явчихдаг хүүхэд байсан. Цонхоор хараад л юм бодоод яваад байна. Надад их сонин сайхан санагддаг байсан. Аль болох их аятайхан суудал эзэлчихвэл гоё байхгүй юу. Хааяа нэг тэгж тойрдог байсан. Жаахан хүүхэд байсан юм байж яагаад ч тэгж их боддог байсан юм. Жаахан романтик байсан юм уу даа.

Яг тэр зангаараа тэр нэг өдөр автобусаар явж байгаад би өөрөө ч мэдэлгүй номын сангийн буудал дээр буучихсан байсан. Тэгээд драмын театрын барилгын тэрүүгээр явж байгаад жүжгийн офишныг харсан. Гургалдайн дуут шөнө гээд жүжгийн офишнууд гарчихжээ. Тэгээд байж байтал Ц.Гантөмөр гуай цув нь намираад л ирж явна. Хажуугаас нь, ойрхноос хармаар санагдаад л. Бидний үед чинь одоогийнх шиг ийм нүүр хагарсан байгаагүй. Айж эмээдэг байлаа. Би шууд баганын ардуур орчихож билээ. Ганаа ах жүжгийнхээ хуудсыг харж байгаад хүд хүд инээгээд цаашаа явсан. Би хараад л уйлчихсан. 

Ингээд л тэр үед дээшээ сонин болоод л, би жүжигчин л болох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Яг тэр эмоциороо явсаар байгаад гэртээ очоод ээждээ жүжигчин болно гэдгээ хэлж байсан. Би жүжигчин болохгүй л бол насаараа харамсана, тайзан дээр гарч жүжиг тоглож байгаа хүн бүрийг харахдаа харамсана гэдгээ мэдэрсэн. Ээж миний нүдийг хараад “энэ хүүхэд шийдчихэж” гэдгийг мэдэрч байсан гэсэн. Тэгээд л гараас хөтлөөд яваад шалгалт өгч жүжигчин болж байлаа. Энэ ганц хоёр минутын агшин миний амьдралыг шийдсэн агшин байсан.

Олон жилийн дараа таны охин бас тан шиг шийдвэр гаргасан юм байна гэж ойлголоо. “Би жаргалтай байхын тулд жүжигчин болсон” гэж хэлсэн байна лээ?

Надад тэгж хэлээд л Японд сурч байсан сургуулиа хаяад бүртгүүлчихсэн байсан шд. 


- ДАХИАД 10 НАСААР ЗАЛУУ БАЙСАН Ч БОЛООСОЙ -

Цаг хугацаа гоо сайханд өршөөлгүй ханддаг гэнэ. Таны хувьд цаг хугацаа юунд өршөөлгүй зүйл вэ?

Сүүлийн үед цаг хугацаа гэдэг зүйлийг их бодохоор улам давчдаад, бачуурах гээд байдаг болчихоод байгаашд. Хүн нэг их урт настай юм шиг санагдаад байдаг байсан чинь богино юм байна шүү. Би өөрийгөө 10 насаар залуу байсан болоосой гэж боддог. Сүүлийн үед бүр дандаа шүү. 10 насаар дүү байсан бол дахиад хэдэн уран бүтээл хийхгүй юу гэж боддог. Цаг хугацаа зогсохгүй яваад байгаа нь бачуудас төрүүлэх юм. Гэхдээ яахав, жам юм хойно. 

Цагийг үнэ цэнэтэй өнгөрүүлээсэй, цаг хугацаа гэдэг хэзээ ч эргэж олдохгүй зүйл шүү гэдгийг залуучууд бодоосой. Заримдаа цаг хугацааг арай л дэмий, үрэлгэн өнгөрөөж байга харагдах юм.

Нас нэмэхийн хэрээр ухаан нэмнэ гэдэг дээ. Та энэ үгтэй санал нийлдэг үү?

Тийн шдэ. Талийгч Батсүх ах маань гэртээ суудаг болчихсон байхдаа манай өрөөгөөр орж ирээд “Одноо би их ухаан суугаад байна шүү. Би ер нь одоо цол мол хамгаалах гээд юм бичвэл судалж шинжлээд биччихмээр юм шиг байна” гэж билээ.

Нээрэн их ухаан суудаг. Тийм учраас хүн нас яваад ирэхээр их ууч сэтгэлтэй, ухаан суугаад ирэхээр зөөлөн болдог байх.

Би нэг их халуун зун аавтайгаа хамт түгжрэлд явж байсан юм. Аав маань нэг жолоочийг хараад жигтэйхэн баярлаад, нөгөө жолооч ч баярлаад сүйд. Хоёулаа бүр гар хөлөөрөө зангаад, замын хажуу руу зогсоод л. Тэврэлдэж аваад, мөрөө алгадалцаад л. Би ч багынх нь найз юм байна гэж бодлоо. 

Нөгөө хоёр хар халуунд юм яриад бүр явдаггүй ээ. Хүлээж байгаа надад бүр удаан санагдаж байсныг хэлэх үү. Би дотроо бухимдалтай, жаахан уурлаад. Тэгж их удаан ярих ёстой байсан хүн юм уу гээд л жаахан бачууралтай хэллээ. Тэгсэн чинь аав хөхөрч байна. Энэ золиг манай эсрэг талын баазын жолооч гэж хэллээ. Тэгээд хааяа манай аавын баазын гуанзанд орж ирж хоол иддэг байсан юм байна. Тэгэхээр зүгээр зүс үзсэн хүн байж таараад байгаа юм.

Тэгээд аав маань “Энэ нөхөр амьд байгаа юм байна” гээд хоолой нь үл мэдэг чичрээд хэлж байсан. “Миний хүү хүн хөгшрөөд ирэхээр таниж мэддэг хүн цөөрөөд ирдэг юм” гээд хэлэхэд нь нулимс урсч байсан. Хэзээ нэгэн цагт ийм мэдрэмжийг би авна гэдгийг би мэдэрсэн. Аавыгаа их өрөвдөж, хайрласан.

Одоо л гэхэд бидний үеийнхэн, миний үеийнхэн гээд хүн анзаардаггүй юм байна. Бидний дээд үеийнхэн цөөрөөд л байна. Хүнд нэг гуниг, сонин мэдрэмж ирдэг юм байна.

Урлаг их хатуу гэж хэлдэг. Урлагт золиос гардаг гэхэд айхтар хатуу үг байна. Та жишээлбэл юу золиослоод өдий өндөрлөгт гарсан гэж боддог вэ?

Олон хүний амьдралд тохиолдсон болохоор л урлаг бол хатуу гэж хэлж байгаа байх. Үүнийг би үнэн л гэж боддог.

Би тоглолтоор явж байхад л миний аав өнгөрсөн. Одоо хүртэл би харамсч, би чадаагүй шдээ гэж бодож явдаг. Би 4 хүүхэдтэй болохыг хүсч байсан. Би чадаагүй шд. Арай гэж амжиж 2 хүүхэдтэй боллоо. Энэ миний амьдралаа золиосолж байгаа хэлбэр биздээ.

1993 онд байна уу даа, гол дүр авчихсан жүжиг нээлтээ хийхэд хэдхэн хоног дутуу байхад миний ээж маш хүнд аваарт орж байсан. Тэгэхэд тэр олон жүжигчин намайг хүлээж болохгүй учраас би жүжигтээ тоглож байсан. Миний ээжийг унаагаар гэмтэлд авчирч байхад би орой хүртэл очиж чадахгүй л байсан.

Та дөрвөн хүүхэдтэй болмоор байсан гэж хэллээ. Таны хань гурав дахь хүүхдээ төрүүлье гэж танд санал тавьж байсан. Танд төлөвлөгөө байна уу?

Тэрийг хэлж мэдэхгүй байна. Хувь заяаг төлөвлөж, таашгүй. Надад нэлээд хэдэн үлдсэн жил байгаа гэж боддог. Тэр үлдсэн жилүүдэд юу болохыг би таашгүй.

Цаашдаа Таны уран бүтээлийн чиг хандлага ямар байх вэ. Хошин урлаг уу, кино урлаг уу?

Кино урлагт түлхүү оръё гэж бодож байгаа. Театрт жүжигчин болоод залуухан байхдаа чаддаг бол ганц кино хийчих юмсан гэж боддог байсан. Одоо бол миний кино хийх нас ирж байх шиг байна. Хэдэн сайхан уран бүтээл хийх юмсан гэж боддог. 

Цаг зав гаргаж болзсонд баярлалаа.


Нэвтрүүлэг бүрэн эхээрээ