Монгол Улсын жолооны анхны дүрэм

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 21

1920-д оны эхэн үе. Монголчууд хэдийнээ авто машин гэгч төмөр хүлэгтэй танилцаад, унаагаа болгосон байв. Түүгээр ч зогсохгүй Нийслэл хүрээний чимэг болсон цөөн хэдэн чийчаан удаа дараалан осол гаргаад амжив. 

Харин иргэн Цогбадрах Цэргийн яамны жолооч Сыциковыг автомашинаар хэт хурдтай явж байгаад хүүг нь дайрч гэмтээснээс болж анхны гомдол гаргаж 845 янчаан нэхэмжлэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа Шүүх явдлын яаманд мэдүүлжээ. Тухайн үед үүнтэй холбоотой шүүх эрх зүйн тогтолцоо байгаагүй тул Шүүх явдлын яам уг хэргийг нэлээн удааж байж эцэст нь автомашины хөдөлгөөнийг журамлах шаардлагатай гэж үзэв. Ингээд үүнээс хойш Шүүх явдлын яам аливаа автомашины хөдөлгөөнийг журамлах, ялангуяа хурд хязгаарлах талаар дүрэм тогтоолгох хүсэлтийг Засгийн газарт уламжилснаар 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын 18 дугаар хурлаар “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” нэртэй 21-н зүйл бүхий манай улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг батлан гаргаж байж.

Тухайн үед манай улсад Америк болон барууны автомашинууд зонхилж байсан учир автомашины хурдыг миль/цаг-аар илэрхийлдэг байжээ. Энд өгүүлсэн 10 миль/цаг нь ойролцоогоор 16 км/цаг юм. Өөрөөр хэлбэл Шүүх явдлын яамнаас автомашины хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 16 км-ээс хэтрүүлэхгүйгээр тогтоож, холбогдох дүрмийг боловсруулан баталж мөрдүүлэх саналыг тус 18 дугаар хурал болохоос өмнө Засгийн газарт тавьж байсан ажээ. Засгийн газраас тэрхүү саналыг сайшаан дэмжиж, дүрмийн төсөл боловсруулах ажлыг холбогдох газруудад даалгасан байна. Уг даалгавар амжилттай хэрэгжиж дүрмийн төслийг 21 зүйлтэйгээр төлөвлөн зохиосныг Шүүх таслах зөвлөлийн хурлаар хянан хэлэлцсэнийхээ дараа Шүүх явдлын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулан батлагдсан байна.

Өнөөгийн бидний нэрлэж заншсан “автомашин”-ыг тухайн үед “Гал усны уурын хүчээр явдаг тэрэг” буюу товчоор “Уурын тэрэг” гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нэр томъёог тэр үеийн баримт бичгүүдэд түгээмэл хэрэглэдэг байжээ.

Харин албан хэллэгт “Уурын тэрэг” гэсэн нэр томъёог 1940-өөд он хүртэл хэрэглэж байсан байх ба үүнээс хойш “Тэрэг хөсөг”, “Оньсон тэрэг”, “Машина хөсөг”, “Автомобиль”, “Авто техник”, “Авто хөсөг” гэх мэтээр нэрлэж байгаад 1970-аад оноос “Автомашин” гэсэн нэр томъёог өргөнөөр хэрэглэх болжээ. Үүнээс гадна “Зам тээвэр”, “Зам тээврийн осол”, “Замын хөдөлгөөн”, “Тээврийн хэрэгсэл” гэх мэт өнөөгийн бидний хэрэглэж заншсан олон нэр томъёонууд эхэн үеийн баримт бичгүүдэд огт байхгүй байна.

Анхны замын хөдөлгөөний дүрмийн нэрнээс харахад “Замын хөдөлгөөнийг журамлан зохицуулах” баримт бичиг гэхээс илүү “Автомашиныг хэрхэн яаж хэрэглэх тухай” зааварчилгаа гэж ойлгогдохоор тусгасан нь “Замын хөдөлгөөн” гэсэн нэр томъёог хэрэглэдэггүй, ийм ойлголт ч байхгүй байсантай холбоотой юм.