Хөрөнгийн зах зээл дээр технологийн компаниуд хамгийн өндөр өгөөжтэй байна

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 02 сарын 21

Сүүлийн гурван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дээр хамгийн ашигтай ажилласан компаниудад нийгмийн сүлжээний акул Фэйсбүүк, Хятадын интернэтийн Вэйбо, хувийн орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн LGI Homes зэрэг компаниуд багтжээ.

Тэгвэл манайд СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй 5 компани гадагшаа арилжаа хийж, үйл ажиллагаа явуулдаг байна. Зөвхөн MIBG компанийн хувьд 2012 оноос эхлэн АНУ, Австрали, Хонконгийн бирж зэрэг дэлхийн 24 улсын хөрөнгийн биржүүдэд арилжаа хийх боломжийг хөрөнгө оруулагчдад олгож байгаа юм. Өнгөрсөн 2017 онд тус компанийн хамгийн өндөр өгөөжтэй багц нь мэдээлэл технологийн багц байжээ. 

MIBG ХХК-ийн судалгаа, хөрөнгө оруулалтын стратегийн газрын дарга Г.Наранчимэг “2017 онд өндөр өгөөжтэй салбарууд банк санхүүгийн салбар байсан. Гол шалтгаан нь дэлхийн эдийн засаг тогтвортой. Мөн банк санхүүгийн салбарт тавьж буй АНУ-ын бодлогын хязгаарлалт суларсантай холбоотой. Харин 2018 онд уламжлалт банкны салбарын хувьцаануудаас гадна финтек, гар утас интернэтэд суурилсан илүү шинэлэг санхүүгийн үйлчилгээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаар байна. Мөн эрчим хүчний салбар 2017 онд ихээхэн хэлбэлзэл өндөртэй байсан. Гэхдээ уламжлалт эрчим хүчний буюу газрын тос олборлолтын компаниудаас илүүтэй эрчим хүчний удирдлагын шинэлэг шийдэл бүхий компаниуд ихээхэн өгөөж өгөх хандлагатай байгаа. Мөн 2017 онд хамгийн өндөр өгөөжтэй байсан багцууд дотор мэдэээлилйн технологийн багц бас бий. Энэхүү багцад гар утасны аппликэйшн, тоглоом хөгжүүлэгч компаниудын хувьцаа нэлээн өндөр өгөөжтэй байсан. 2018 онд ч гэсэн хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татсан салбар байх хандлагатай байна” гэв.

Гадны хөрөнгийн биржийн арилжаанд орсноор,
-    Арилжааны ханшийн зөрүүнээс ашиг хүртэх
-    Худалдаж авсан хувьцааныхаа ногдол ашгаас ашиг хүртэх
-    Валютын ханшаас ашиг хүртэх боломжтой

Гэхдээ нөгөө талаас энэ хандлага нь гадагшаа урсаж буй валютын урсгалын илэрхийлэл болж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэдийгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээл дээрх арилжаа идэвхжсэн боловч энэ салбарт хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хууль, эрхзүйн орчин бүрдээгүй л байна. Тиймээс ч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чаддаг, ил тод, татварын таатай орчинтой зах зээлүүд рүү иргэд, дотоодын хөрөнгө оруулагчид хошуурч байгаа аж.

“Ард капитал групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр “Яагаад гадны арилжаанд оролцоод байна гэхээр, нэгдүгээрт хууль эрхзүйн орчинтой холбоотой. Гадны хөрөнгийн биржүүд,  Нью-Йорк, Хонконгийн бирж дээр л гэхэд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг маш ихээр хамгаалдаг. Тэнд компани мэдээллээ яаж олон нийтэд нээлттэй болгох, ямар тохиолдолд мэдээллээ гаргах болон дотоод мэдээлэл эзэмшигчдэд хувьцааны үнэ ханшаар савлуулж, манипляц хийх боломж олгодоггүй.  Эдгээрийг тодорхой журмаар хязгаарласан, бүх зүйл нь тодорхой байдаг. Хоёрдугаарт, татварын таатай орчинтой. Манай маш олон харилцагчид Хонконгийн биржийн арилжаанд оролцдог. Учир нь Хонконг өөрөө санхүүгийн төв болохын тулд хөрөнгө оруулагчдад татварын таатай орчин бүрдүүлэх үүднээс хувьцааны ашгийг татвар, ногдол ашгийг татварыг авдаггүй. Гэтэл манайд энэ хоёр төрлийн татварыг авдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сан хаана тэдний эрх ашиг хамгаалагдаж байна. Хаана татварын таатай орчин байгаа газар луу явдаг”