Ипотекийн зээлдэгчдийн 35.9 хувь нь 2 саяас дээш орлоготой

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 02 сарын 23

-    2018 оны есдүгээр сард ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжинэ -

Банкны системийн хэмжээгээр нийт зээлийн 13 хувийг ипотекийн зээл эзэлж байна. Нэгдүгээр сарын байдлаар 93 мянга гаруй иргэнд 4,3 их наяд төгрөгийн зээл олгогдоод байгаа юм. Харин зөвхөн 1 дүгээр сард 497 зээлдэгчид 34,9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосон байна. Тухайн сард  нэг зээлдэгчид дунджаар 70,3 сая төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хувьд харьцангуй сайн үзүүлэлттэй байгааг Монголбанкнаас онцоллоо. Нийт зээлд эзлэх хувиар нь харвал, 96 хувь нь хэвийн, 2,2 хувь нь хугацаа хэтэрсэн, 1,8 хувь нь чанаргүй зээл байна. 

Монголбанкны статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэнгийн хэлснээр нийт зээлдэгчийн тоо нэгдүгээр сарын байдлаар 93191 байгаагийн 64.1 хувь нь 2 сая хүртэлх төгрөгийн орлоготой, 73 хувь нь Улаанбаатар хотод байршилтай орон сууц худалдан авчээ.

Харин ипотекийн зээлтэй иргэдийн хувьд зээлийн эргэн төлөлтөө сайн хийдэг боловч эргээд төлсөн хэмжээгээ харахаар хүүндээ илүү их төлөлт хийсэн, үндсэн зээлийн үлдэгдэл нь их хэвээрээ байдаг гэдгийг шүүмжилдэг. Энэ нь олон нийтийн дунд ипотекийн зээл нь иргэдийн нуруун дээр ачаа болж байна, зээл авдаггүй байж гэх хандлагыг бас төрүүлж байгаа юм. Тэгвэл зээлийн эргэн төлөлтийн график нь зээлдэгчид төлөх дарамтыг бууруулж байгаа зарчмаар явдаг гэдгийг тайлбарлаж байна. 

Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал  А.Энхжин “Банкууд олгосон зээл дээрээ хүүгээ яаж авдаг вэ гэхээр, зээлдэгч тухайн сард ямар хэмжээний зээлтэй байна. Түүнд нь таарсан зээлийг авдаг. Эхний ээлжинд тухайн хүний авсан зээл нь өндөр байгаа учраас хүү нь өндөр байдаг. Харин зээл нь аажимдаа буураад ирэхээр аажимдаа байр нь солигдоод явдаг.  Энэ нь банкууд илүү хүү авч байна гэсэн үг биш. Хүү тооцоод зээлдэгчид үзүүлэх дарамтыг нэгэн жигд байлгах учраас ингэж гарч байгаа юм” гэв.

Тэгвэл ипотекийн зээлийн хүүгийн хэмжээний хувьд 8 хувь байгаа нь ТБҮЦ-ны хүү 11 хувь байгаатай болон бусад зээлтэй харьцуулахад Монголд хамгийн бага, боломжийн хүүгийн түвшин гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бусад улс орнууд, тухайлбал АНУ-тай харьцуулахад, АНУ-ын Төв банкны бодлогын хүү 1,5 хувьтай байхад моргэйжийн зээл нь 4-5 хувийн хүүтэй байдаг байна. 

Харин цаашид ипотекийн зээлийн хүүг бууруулах нэг боломж нь уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 9 дүгэр сард Ипотекийн зээлийн хөтөлбөрийг ЗГ-т шилжүүлэхээр одоо ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар тодорхой шийдлүүд гараагүй байгаа боловч урьдчилгааг 25 хувь болгох, дахин суурьшлын бүсэд орон сууц авбал зээлийг хүүг бууруулах зэрэг саналууд яригдаж байна. Санхүүжилтийн хувьд одоогийн байдлаар сардаа 16 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс буцаан банкуудад тарааж байгаа бол, Засгийн газраас 2018 оны төсөвт 120 тэрбум төгрөгийг суулгаад байгаа юм. Энэ нь тухайн банкны эх үүсвэрээс гадна зээлийн эргэн төлөлт, ЗГ-аас сардаа 26 тэрбум төгрөгийг ипотекийн зээл хэлбэрээр гаргах боломжийг бүрдүүлээд байна.