Гадаад өрийн хэмжээ 27.4 тэрбум ам.долларт хүрчээ

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 02 сарын 23

Монголбанкнаас танилцуулсан гадны хөрөнгө оруулалт болон гадаад өрийн нөхцөл байдлын талаарх мэдээг хүргэе.

2017 оны IV улирлын байдлаар манай улсад орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 37 тэрбум 158 сая америк доллар байна. Үүний 47 хувь нь ГШХО, 13 хувь нь багцын хөрөнгө оруулалт, 40 хувь нь бусад хөрөнгө оруулалт байгаа юм. Хамгийн гол нь өнгөрсөн оны IV улиралд Монгол улсын Засгийн газар гадаад зах зээл дээр гаргасан Гэрэгэ бондын 800 сая ам.долларын нөлөө хөрөнгө оруулалт дээр тусчээ. Бусад хөрөнгө оруулалтын хувьд Засгийн газрын гаднаас авсан хөнгөлөлттэй зээл, Төв банкны ОУВС-аас авсан зээлийн хэмжээ бас нөлөөлсөн байна. Мөн Монголбанкны Хятадын Ардын банктай хийсэн юанийн ханшийн өөрчлөлт Гадаад хөрөнгө оруулалтын позицын өсөлтөд нөлөөлжээ. Өнгөрсөн жил ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан Монгол Улсын эдийн засаг сайжирсан байдал нь гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Цаашдаа уул уурхай болон бусад салбарууд дахь хөрөнгө оруулалт сайжирна гэж таамаглаж байна. 

Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “ЗГ-ын үнэт цаасны хүү олон улсын зах зээл дээр харьцангуй буурсан. Өнгөрсөн жил Мүүдис агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг B3 болгож сайжруулсан. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн. Үүнийг дагаад ч хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын тал дээр Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар голлох нөлөөтэй байдгийн хувьд энэ онд орж ирэх хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг уул уурхайн салбар бүрдүүлэх байх. Гэхдээ бусад салбаруудад ч хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь шинээр IPO  гаргаж байгаа компанид Солонгосын компани хөрөнгө оруулж байна зэрэг мэдээнүүдээс харагдаж байгаа юм” гэв.

Харин гадаад өрийн хувьд, 2017 оны эцсийн байдлаар 27.4 тэрбум америк долларт хүрсэн  нь өмнөх улирлаас 5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Өрийн өсөлтийн бүрдэл хэсгийг харвал, Монгол Улсын Засгийн газрын өр 17 хувь буюу 1.76 тэрбум ам.доллар, мөн олон улсын зах зээл дээр гаргасан Гэрэгэ болон Чингис бондын зөрүү, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 460 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Гэхдээ олон улсын зах зээл дээр сүүлд гаргасан бондуудын хүү бага, мөн донор орнуудаас авсан зээл, тусламжийн хүү харьцангуй бага гэдгийг хэллээ. 

Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “ОУВС-гийн хөтөлбөрт орохоос өмнө Монгол улсын Засгийн газрын хүү 10-аас дээш хувьтай байсан. Харин 2017 онд Валютын Сангийн хөтөлбөрт орсноос хойш Монгол улсын Засгийн газар, Монголбанктай хамтран, засгийн газрын бондын хүүг огцом буулгаж чадсан. Хоёр том бондын өрөө дахин санхүүжүүлсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн зээл, Дэлхийн Банкны зээлийн хүү маш бага, донор орнуудын хүү ч дэлхийн зах зээлээс маш бага байгаа” гэлээ.