М.Бадарч: Ямар ч байсан монгол бөхийн ноён оргил руу зүтгээд үзье

Ярилцлага / Time Admin
2018 оны 02 сарын 22

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Эрэлт Импекс ХХК-ны бөх, улсын шинэ залуу харцага М.Бадарчийг урьж ярилцлаа.

 -Улсын цол авсан бас цолоо мялааж, анхы түрүүгээ авсанд давхар баяр хүргэе?

-За баярлалаа. Бөхийн өргөөнд харцага цолтойгоо хоёр дахиа барилдаад түрүүллээ. Ямар ч байсан өөрийнхөөрөө сайхан барилдсан. Яваад барилдчихъя гэсэн бодолтой гарсан. Тэр бодсоноороо барилдаад л тэр. Тухайн өдрийн од бас байсан байлгүй дээ.

-Ганцхан од орсных гэвэл учир дутагдалтай биш үү? Ер нь шинэ харцага наадмаас хойш энд тэнд олон л барилдсан дуулдсан. Тэр хэрээр бэлтгэл ч гэсэн сайн байсан хэрэг биз дээ?

-Би ер нь бэлтгэл таслах тун дургүй. Наадмын маргаашаас л бэлтгэлдээ орно гэсэн зорилготой байдаг. Хөдөө орон нутагт ойрхон наадмуудад хэд барилдсаан, барилдсан.

-Харцага цолтойгоо анх хаана зодоглов?

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд анх барилдав шив дээ. Хоёр ч жижиг наадамд нь... Ер нь нэгэнт л барилдах гэж зорьж яваа хүн чинь барилдаан таарвал барилдаж л байя гэж гэдэг хүн. Зарим хүмүүс наадмын дараа амраач л гэдэг юм. Надад бол хайран цаг хугацаа алдчих гээд байгаа юм шиг санагдаад хөнгөн ч гэсэн бэлтгэл хийгээд наадам таарвал барилдаад явахыг боддог.

-Бат-Өлзий сум чинь танай аав, ээжийн хэнийх нь нутаг гэлээ?

-Манай ээж Бат-Өлзий сумын хүн л дээ. Тэгээд ч манай Цэнхэр Бат-Өлзий хоёр ойрхон болохоор тэнд наадам болвол очоод л барилдчихдаг юм. 

-Тэртусмаа улсын харцага гээд дуудуулаад гарах бас гоё биз?

-Улсын харцага гэдэг цол өөрөө сайхан л даа. Мэдээж аймгийн цолноос өөр байлгүй яахав. Даваа, оноолт, ам авах боломж гээд арай л хөнгөрөөд ирж байгаа юм уу даа. Аймгийн арслан байхад бол дор тунавал тунаад, дээшээ гарч ирж чадвал тэр, чадахгүй бол үеийнхэндээ дор унаад л явчихна шүү дээ. Харин сэтгэл зүй бол нэг их өөрчөгдөөд байгаа юм мэдэгдээгүй. Би өөрөө ямар ч үед сэтгэл зүй өндөртэй барилддаг. Анхнаасаа л тийм байсан. Би чинь дээрээ таван ахтай. Тэд нартаа л нухлуулж өслөө ш дээ.

-Юм юм үзэж өслөө гэдэг шиг үү?

-Наад зах нь ах нараасаа алганы амт үзэж л өссөн хүн шүү дээ /инээв/.

-Долоон хүүтэй айлын бага гэлүү?

-Миний дор нэг дүү бий. Дандаа залуучууд байгаа даа. Манай ах нар бүгд барилддаг юм. Хоёр нь сумын цолтой. Тийм болохоор багаасаа л ах нартайгаа барилдаж өссөн дөө. Ах нарыгаа даваад наадам явдаг л байлаа. Бэлтгэл гэж хийх биш, жаахан хүүхэд гавьтай барилдахгүй ээ. Заримдаа ганц хоёр давна, давчихвал баярлана. 

-Ах нарыгаа давж байв уу?

-Насны ялгаа гэж байлгүй яахав. Ах нарыгаа арай дийлэхгүй ээ. Гэхдээ халшрахгүй ноцолдоод л байдаг байсан юмдаг. Ихэвчлэн радиогоор бөх сонсоно. Зургаан залуу зааныг л шүтэж явлаа. Бас Рагчаа багшийн барилдаанд их дуртай. Сүүлдээ Санжаадамба, Пүрэвдагва ах нарыг гарч ирэхэд нь бас барилааныг их үзнэ. Ер нь нутгийнхаа бөхчүүдийн барилдааныг л их үздэг хүүхэд байсан даа.

-Ах нар чинь хот руу ирж бэлтгэл хийж барилдах гэж үзээгүй юм уу?

-Тухайн үедээ амьдралын шаардлагаар л бөхөөр тууштай хичээллэх боломж гараагүй байх. Тэрнээс биш надаас том, биерхүү шүү, бүгдээрээ.

-Бөхийн удамтай юу?

-Байна аа. Аав, ээжийн аль аль талдаа удамтай. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ. Аавын талд орон нутагтаа сайн барилдаж явсан сумын цолтнууд бий.

-Нэлээд эрх хүүхэд байсан гэж сонссон...?

-Аа, эрхэлнэ ээ, эрхэлнэ. Ээж маань бага дүүгээс илүү намайг л эрхлүүлээд байдаг байсан ш дээ. Гэхдээ гайгүй байх аа, бүр болохоо байчихсан эрх биш байх аа /инээв/.

-Ер нь яагаад бөх больё гэж бодсон юм бол...?

-Бөх үү...? Бөх гоё ш дээ. Миний хувьд хамгийн гоё спорт. Хобби л юм даа. Анх манай нэг ах Д.Хишигдорж заантай тааралдаад “Миний нэг дүү бий. бөх болгомоор байна гээд хэлсэн чинь “Аваад ир харая” гэсэн юм билээ. Тэгээд явахдаа намар яваад очоорой гэсэн. Би ч араас нь 11 сарын 26-нд хот орж ирсэн.

-Хэдтэй байв, тэр үед?

-Тэр чинь 2010 он ш дээ. 21-тэй хот орж ирсэн юм байна. Одоо бодоход жаахан оройхондуу л бөх рүү орсон байгаа юм. Хот орж ирээд эхлээд Бөхбилэгт дэвжээнд Хишигдорж заан дээр очсон. Удалгүй Болдоо багштайгаа танилцаад, тэрнээс хойш Болдоо багшаасаа салаагүй дээ. Одоо хүртэл хамтдаа бэлтгэл хийгээд, гэр орноор нь орж гараад, хаана л бол хаана цуг явж байдаг юм.

-Нэг сумын, ийм багш байгаа гэж өмнө мэддэг байсан юм уу?

-Хишигдорж заантай уулзахаас өмнө манай ээж Болдоо багш руу утсаар яриад намайг шавь болгоно гээд ярьсан юм билээ. Хүрээд ирээ л гэсэн. Тэр үед манайхан өөрсдөө бүгд хөдөөний хүмүүс болохоор “Намайг хот мэдэхгүй, ганцааранг нь хот руу явуулна, явуулахгүй” гэцгээж байгаад Хишгээ зааныг очихоор нь ярилцаад явуулахаар шийдэж байсан юм. 

-Анх хотод ирэхэд хэцүү санагдаад буцмаар, харимаар санагдах үе байв уу?

-Өөрөө дуртай юм болохоор хэцүү санагдаж байгаагүй ээ.

-Анхны цолоо хаана, хэзээ авсан билээ?

-Хөдөө байхдаа 2009 онд байх аа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд сумын начин цол авсан. Анхны минь цол л доо.

-Сумын заан цол авч байв уу?

-Аваагүй ээ. Сумын начингаас шууд аймгийн арслан болсон. Бэлтгэл хийж эхэлснээсээ хойш жил хагасын дараа юм уу даа. Архангай аймгийнхаа наадамд түрүүлсэн. Тухайн үедээ их л хурдан л арслан болчихсон санагддаг юм. Тэр чинь 2012 он ш дээ. Түрүүлнэ гээд л наадмын бэлтгэл дээрээс аймгийнхаа наадам руу явж байлаа. Бэлтгэл ч гайгүй байсан. Одоо энэ аймгийн Мөнх-Эрдэнэтэй үзүүр түрүүнд үлдэж байлаа. Арслан болсноосоо хойш харин нэлээд удаж байж улсын цол авлаа шүү.

-Анх зааланд улсын цолтой бөхчүүдээс хэнтэй барилдаж үзсэн бэ?

-Пүрэвжав харцагатай анх зааланд таарч барилдаад унаж байсан. Гурван удаа таараад гурвууланд нь унасан. 2011-2012 оны үед чинь томчуудын барилдаанд  аймгийн начин багтахгүй гэдэггүй байлаа ш дээ. Одоо л бөх ихсээд чанар чансаатай болчихоод байгаа болохоос... Харин хамгийн анх зааланд давж үзсэн улсын цолтон гэвэл Соронзонболд заан даа. 2012 оны хавар Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд хоёрын даваанд таарч давчихаад их л баярласан даа. Заан чинь мундаг бөх ш дээ.

-Бөх болно гэж бодохоос гадна өмнөө ямар зорилготой ирж байв?

-Монгол бөхийн ноён оргилд хүрнэ дээ гэсэн зорилготой л бөх рүү орсон доо. Одоо ч тэр зорилгынхоо төлөө л явж байна.

-Одоо тэр зорилгынхоо хэдэн хувьд нь хүрээд явж байгаа гэж бодож байна?

-За даа. Нэлээд бага хувь дээр нь яваа байх /инээв/. Их л хичээх хэрэгтэй байна. Сурах зүйл, хүсэл мөрөөдөл мөн ч их байна даа. Ямар ч байсан зорилгодоо хүрэхийн төлөө хичээнэ ээ. Нэгэнт л зориод хөдөлмөрлөж эхэлсэн хүн чинь юундаа хойшоо суух билээ. Өөрт байгаа бүх л зүйлээ дайчлаад зүтгэнэ дээ.

-Энэ жилийн наадмын тухай ярилцах уу. Ер нь ямархуу барилдаанууд болов?

-Би энэ жилийн хувьд бэлтгэлээ маш түлхүү бараг цөмөлж хийсэн л дээ. Жирийн барилдаанд бол яах вэ, наадмаар л сэргэхээр тохируулъя гэж багштайгаа яриад хөдөлмөрлөсөн. Наадмын бэлтгэл дээр ч гэсэн сайхан байсан. Гарьд Рагчаа багш маань ч гэсэн “Чи энэ жил их сайхан байна шүү” гэж хэлж байсан. Наадам бол сайхан болсоон. Мэдээж даваа болгонд хариуцлагтай, хянамгай байлгүй яахав. Өөрийнхөөрөө яваад л барилдсан.

-Цол авчих байх гэсэн мэдрэмж, зөн совин хэр байв?

-Итгэл байсан шүү. Ер нь жил жилийн наадмаар л цол авна гэсэн итгэлтэй барилддаг юм. Болдоггүй жил бол болдоггүй л юм билээ.

-Жишээ нь ноднин гэхэд бараг давж яваад л унаж байгаа харагдсан. Бо.Батжаргал начинд, дөрөв дээр...?

-Ноднин би наадмын өмнө хатгаа авчихаад тэрийгээ мэдэлгүй бэлтгэлээ цөмөлчихсөн тал бий. Хүний бие чинь цаанаасаа тийм зовиуртай болохоор явдаггүй юм билээ л дээ. Давчихаар л хүнд унасан... Боломж бол их байсан.

-Анх улсад барилдсан жилээ дөрөв давсан биз дээ?

-Тэгсэн. Балжинням аваргаар дөрөв даваад тав дээр Мөнхбаатар арсланд унаж байсан. Дараа жил нь дахиад тав дээр Оюунболд арсланд унасан. Энэ жил Содномдорж арсланд  гээд түрүү бөхчүүдэд л унаад байгаа.

-Нээрээ Оюунболдтой барилдахаар гарахдаа “Бид хоёрын давсан нь түрүүлнэ” гэж хэлээд гарсан гэж дуулсан. Тэр үнэн үү? Хүмүүс нэмэр хачир хийсэн үү?

-Оюунболдыг түрүүлдэг жил бол надад тийм бодол орж ирсэн юм аа. “Оюунболд бид хоёрын давсан нь түрүүлчих юм биш үү”... гэж. Ер нь ганц надад ч биш, хүн болгонд л тийм мэдрэмж төрдөг байх оо. Түрүүлчих юмсан гэж... Энэ жилийн хувьд Содном сайн байсан. Гэхдээ давчихсан бол юу ч болох байсан юм билээ, тийм ээ?

-Эргээд бодоход ямар алдаа гаргасан байна?

-Би өөрөө жаахан яарчихсан юм аа. Өөрөө түрүүлж шахаж татах гээд хөл тавих агшинд л хавирчихсан. Жаахан хүлээгээд барилдчихсан бол яах ч байсан юм билээ. Гэхдээ түрүүлэх хүн цаанаасаа өөр л дөө. Тухайн өдрийн од гэж байна. миний хувьд санасан барилдаанаа хийж чадаагүй. Уг нь гарангуутаа түргэн шуурхай сайхан барилдчихъя гэж бодсон.

-Заан цолны даваанд барилдаж үзнэ гэдэг бас л том шүү?

-Заан сайхан цол. Уначихаад “Ер нь маргаашнаас эхлээд бэлтгэлээ хийнэ дээ. ирэх жилийн наадамд энэ давааг гэтлээд түрүү үзүүрт зогсож байх ч юм билүү” гэж бодсон. Бүх юм надаас л шалтгаална. Хичээгээд явж байхад болох байлгүй дээ.

-Угаасаа том зорилготой барилдана гэдэг өөрөө бас чухал байх л даа?

-Миний хувьд төрийн наадмын дэвжээнд нэг сайхан аварга бөх болчих юмсан гэсэн зорилготой. Бас мөрөөдөл минь юм даа. Мөрөөдөж байхад болох байх аа. Гэхдээ дан ганц мөрөөдөх биш. Мөрөөдөл рүүгээ зорилго тавиад тэмүүлэх хэрэгтэй. Зүгээр байгаад байвал тэр зорилго өөрөө биелчих биш. Тэгэхээр нас залуу байгаа дээрээ хөдөлмөрлөж л байя.

-Наадмын өмнө нервтэх үү?

-За даа би ч бараг нервтэж үзээгүй дээ. Хоёр бөх барилдахад нэг нь давж нөгөө нь ундагаас хойш... Гараад л сайхан барилдана даа, хэнтэй ч... Уналаа гээд бүх юм дуусчих биш. Дахиад л барилдаан болно, наадам болно.

-Наадмаар хэн хэнтэй таарах талаар бодож, тооцож байв уу?

-Улсын заанууд хавьцаа таарна гэсэн бодолтой байсан. Яг л таарсан. Би Соронзонболд заантай улсын наадмын дөрвийн даваанд хоёр удаа таарч барилдлаа. Өмнө 2015 онд бас дөрөв дээр таараагүй юу. Манай Соронзон заан чинь мундаг бөх шүү дээ. Тал нийлдэг болохоороо барилдахад арай дөхөм юм болов уу даа.

-Улсын цолны босгоор алхах тэр мөч гоё биз...?

-Сайхан, сайхан. Хүссэн болгон цол аваад байх биш. Гэхдээ хичнээн сайхан байсан ч баярлаж, хөөрч үсэрч харайж гүйе гэж бодоогүй. Зүгээр барилдаж байгаа юм шиг л байя гэж бодсон.

-Ер нь сэтгэл хөдлөлөө нэг их ил гаргаад байдаггүй байх аа?

-Гайгүй шүү. Бат-Эрдэнэ гарьдаар тав, Батчулуун начнаар зургаа давсан даа. Батчулуун начин бид хоёр өмнө нэлээд хэд барилдсан хоёр. Өгөө аваатай л байсан. Бас л бяртай бөх ш дээ, том ч хүн. Эгзэг таарах үед нь тахимдах мэхээр давсан.

-Ер нь ямар мэхийг түлхүү хийсэн бол, наадмаар...?

-Тахимдах мэхийг түлхүү хийлээ дээ. Барилдаан болгон дээр хийдэг л мэх.

-Хэдэн настай улсын цолны эзэн болов?

-Би 1990 онд төрсөн. 27 настайдаа улсын цол авлаа.

-Юунаас хамгийн их урам авдаг вэ?

-Барилдаан болгоноос, давсан даваа бүрээсээ л урам авна ш дээ. Хааяа багшийгаа магтвал урам авна. 

-Тэгвэл өөрийгөө ихэрхэн ирлэдэг бол...?

-Болдоо багш маань намайг их ирлэдэг хүн дээ. Заримдаа муу үгээр чиг л хэлнэ. Заримдаа аашилж загнана. Заримдаа аргадаж үзнэ. Төдийгөөс өдий хүртэл хоёулаа хамт зүтгээд л байгаа. Намайг анх хотод орж ирэхэд наашаа гэсэн хүн бол Болдоо багш шүү дээ. Аавын минь оронд аав болж, бүх л зүйлийг зааж сургаж яваа хүн дээ. Миний өдий зэрэгтэй яваа минь багштай салшгүй холбоотой.

-Багшаасаа магтаал зэмлэл алийг нь түлхүү сонсож байна?

-Зэмлэхдээ зэмлэнэ, магтахдаа магтана. Гэхдээ магтахаас илүү зэмэлж байвал зүгээр л дээ. Магтаал ихэдвэл хүн чинь буруу тийшээ явчихна. Тийм болохоор аль болох зэмлэж л байвал зүгээр ш дээ /инээв/.

-Зан чанарын хувьд нэлээд нээлттэй юу?   

-Манайхан чинь гэртээ олуулаа өссөн. Тэр зан чанар маань нөлөөлдөг байх. Аливаа хүн хичнээн цол аваад дээшээ амжилт гаргалаа гэхэд байгаагаараа байх шиг сайхан зүйл хаа байхав.

-Өөрөөрөө бахархах үе гарна биз?

-За даа, санасан мэхээ хийгээд сайхан давчихаад, барилдсан барилдаандаа түрүүлчихээд явж байх шиг сайхан юм хаа байхав. Тэр л хамгийн сайхан даа. Бахархалтай.

-Унасан тохиолдолд ямар зан чанар илэрдэг вэ?

-Мэдээж шар хөдлөлгүй яахав. Гэхдээ шар хөдөллөө гээд нэгэнт унасан юм чинь яахав. Сайхан элэг бүсээ тайлаад ном ёсоор нь тахимаа өгч аваад явахыг боддог. Хаана ч, хэзээ ч монгол бөхийнхөө ёс жудгийг сахиж явах ёстой, бөх хүн. Дараа дараад нь тэр алдаанаасаа суралцаад шат ахина ш дээ, хүн чинь.

-Наадмын өмнө цэргийн наадам болдог. Тэр наадам энэ жил ч тэр, ноднин жил ч тэр нэлээд хэл ам дагуулав бололтой, таны хувьд...?

-Аа, дагуулсан дагуулсан. Хүмүүс зарим нь буруу зөрүү ойлгосон юм шиг байна лээ.

-Ноднин гэхэд түрүү булаалдах гээд гарах үед чинь тань руу чиглэсэн хүмүүсийн өөр хандлага байсан тийм ээ?

-Байсан, байсан.

-Тэр үед яг яаж шийдсэн юм бэ? Зарим хүмүүс “Бадарч тэр ярианд автчихсан, өгчихсөн...” гээд л яриад байсан...?

-Үгүй, үгүй. Би тийм ярианд автаагүй. Тухайн үед би жаахан яараад л уначихсан хэрэг. Уг нь цэргийн хурц арслан болчихвол эрэмбэ ахина, бодох зүйл их ш дээ. Даанч жаахан яараад. Дараа нь харамсалтай л байсан. Давчихаар газар өөрөө яарч мэх хийж хүний мэхэнд орж унана гэдэг... Миний л хариуцлагагүйнх. Сэтгэл зүйн асуудал л даа.

-Тэр хэл ам, яриа наадмаар сэтгэл зүйд нөлөөлөх, дарамттай тал байсан уу?

-Хүмүүс бол янз бүрээр л хэлж ярьж байсан л даа.

-Тэрийг яаж хүлээж авахаас л болох байх, тийм ээ?

-Тэгнэ. Яаж хүлээж авахаас л болно. Би барагтай хэл ам, яриа хөөрөөг тоодоггүй ш дээ. Тэр нь ч амар байдаг юм. Ярих нэг ярьж, муулах нэг нь муулж л байг. Тэд нар тэглээ гээд би муудчих биш. Хүний амьдралд чинь зөндөө л их зүйл тохиолдож байгаа шүү дээ.

-Ямар мэхийг түлхүү хийж байна?

-Монгол бөхийн мэх арвин юм даа. Бүгдийг нь хийж сурах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байна. Санаагаар болохгүй юм аа. Гэхдээ надад яг даалгаад хийчихдэг, тогтмол хийдэг, дагнасан мэх гэж байдаггүй. Тухайн үед толгойд ямар мэх орж ирнэ. Тэрийг л хийчихдэг юм. Ер нь тэгж барилдвал зүгээр юм шиг санагддаг.

-Мэх сурахдаа хэр авьяастай бол...?

-Би өдий хүртэл мэх давтаж үзээгүй хүн дээ. Барилдаж байхад л толгойд орж ирсэн мэхээ хийчихдэг ш дээ. Болчихмоор юм шиг санагдсан мэхээ л хийчихдэг. Зарим нь болохгүй, мэхэндээ орооцолдоод унаж байсан тохиол зөндөө л бий.

-Мэхийг давтахгүйгээр сурчихдаг гэхээр онцгой юм биш үү. Багш нар чинь “Чи энэ мэхийг сураач, чамд тохирно” гээд шахах үе байдаг байлгүй дээ?

-Байгаа, байгаа. багшийн хэлсэн мэхийг сурахыг бодолгүй яахав. Ихэвчлэн барилдаан дээр хийж байтал болчихдог ш дээ.

-Саяны барилдаан дээр Батсуурь арсланг сүрхий хавирчээ. Арслан өөрөө барьцтай, барьцгүй бас тэгээд л хавирчихаж байгаа харагддаг. Таниас тийм мэх ирнэ гэж санаагүй л зогсож байсан байх даа?

-Мэдэхгүй /инээв/. Татсан чинь хяраад байхаар нь л хавирчихсан...

-Хангайтай хийсэн барилдааныхаа талаар... Та хоёр ч хоорондоо олон барилдсан даа. Та сая мушгиад бяралхаад л давах шиг санагдсан. Хангай ч барагтайд бярдуулахааргүй өөрөө бяртай бөх дөө?

-Хангай бяртай, бяртай. Би ч нэг их илүү бяртайдаа биш байх оо. Тухайн өдрийн байдлаас л би давсан байх /инээв/.

-Үндэсний бөхийн бэлтгэл, штангийн бэлтгэл хоёроос алийг нь түлхүү хийж байна?

-Аль алиныг нь л түлхүү хийж байна даа.

-Биеийг ийм болтол нь хөгжүүлэхэд багагүй л хөдөлмөр орсон байгаа даа?

-Ер нь хичээсэн л дээ.

-Анх хотод орж ирж байхдаа хэдэн кг жинтэй байв?

-97-98 орчим кг байсан байх аа. Жин нэг их бага байгаагүй юм аа.

-Одоо өндөр, жин хэд байна?

-Жин 129 кг, өндөр 180 орчим юм уу даа.

-Хүчний үзүүлэлтүүд хэр вэ?

-Гайгүй ш дээ.

-Ер нь бярныхаа хэмжээг шалгаж үзэв үү. Тэр багцаа бол өргөчихнө дөө.. гээд?

-Байна аа, байна. Суулт бол 300, нуруу таталт 300, цээжний шахалт 270-280 орчим шахчихна аа.

-Дундажаас лав дээшээ юм байна ш дээ. Сайн юм байна аа,үзүүлэлтүүд...?

-Гайгүй байх аа. Болдоо багштайгаа л хамт зүтгээд байгаа. Загнуулахдаа загнуулаад, магтуулахдаа магтуулаад /инээв/. 

-Хүчний бэлтгэлдээ дуртай биз?

-Миний хамгийн дуртай бэлтгэл. Бараг л хобби. Гоё байдаг юм.

-Барилдааны онцлог гэхээр ер нь түргэн шуурхай барилдчихдаг бололтой?

-Ер нь нэг их удаад байхыг боддогүй юм аа. Золгоонд, барьц сонгоонд хүрээд удаад байсан нь цөөхөн байх. Аль болох хурдан л барилдаанаа дуусгахыг боддог ш дээ.

-Одоо ид барилдаж байгаа бөхчүүдтэй бүгдтэй нь шахуу л барилдаад үзчихсэн байгаа байх. Барилдаан таардаггүй, хамгийн эвгүй барилдаантай бөх гэвэл хэн байна, таны хувьд...?

-Барилдаан таардаггүй бөх гэж байхгүй дээ. Тааруулаад л барилдчихна.

-Бөхөөс өөр зүйл сонирхож байна уу?

-Бараг алга даа. Ойрын хэдэн жилдээ сургууль соёл гэхгүйгээр бөхөө л дагнана гэж бодож байгаа. Сурах боломж бол дараа олдоно. Барилдах нас маань богинохон юм чинь... Би одоо 27-той гэдэг чинь дахиад 10 жил барилдчихвал болох гээд байна шүү.

-Ер нь аль болох залуудаа авах цолоо аваад явчихбал дараагийн амжилт хурдан ирдэг юм шиг ээ. Ид барилдаж байгаа та нарын хувьд өөрийн эрхгүй яарах, цолонд шунах, тэрэндээ нервтэж алдах гээд янз бүрийн л зүйл байдаг болов уу?

-Яг цол бодоод би одоо л энэ цолыг авна... гээд хэтэрхий шунаад бодоод байвал тэр бодолдоо дарагдаад нервтээд барилдаан нь гардаггүй юм шиг байна лээ. Тийм болохоор аль болох цол бодохгүй л барилдчихдаг хүн дээ, би. Аяндаа цаг нь ирвэл болох юм болдгоороо л болдог байх.

-Чөлөөт цагаа яаж өнгөрөөж байна. Дандаа л бөх бодоод, бөхөөр амьсгалаад яваад байна гэж үгүй болов уу?

-Би авто засварт бас сонирхолтой хүн л дээ. Цаг зав гарвал машин тэрэг ухах дуртай /инээв/. Гэртээ байхаараа ихэвчлэн телевизээр спортын сувгууд их үзнэ. Болж өгвөл унтаж амрахыг илүүд үздэг. Гадуур дотуур нэг их яваад байхгүй ээ.

-Ямар, ямар авьяастай вэ?

-Бүх л төрлийн авьяас байна даа /инээв/. Дуулвал дуулчихна, бүжиглэвэл бүжиглэчихнэ. Харин хөгжим тоглох нь байхгүй юм байна аа.

-Хэзээ нэг өдөр ямар нэг мэргэжил эзэмжих, сурах төлөвлөгөө бий юу?

-Одоохондоо тийм бодол алга аа. Тухайн үедээ болох биз. Эхлээд ямар ч байсан монгол бөхийн ноён оргил руу зүтгээд үзье.

-Сэтгэлд бол багтаад байна уу?

-Багтаж байна шүү.

-Хөдөө өссөн хүмүүст багаасаа адуу малтай ноцолдох, хожим тэр нь барилдахад дөхөмтэй байх гээд давуу талууд бас байна аа?

-Байна аа. Манайх чинь мал малын л захтай. Таван хошуу малын дөрөв нь бий. Хөдөө байхдаа адуу малтай бишгүй л ноцолдсон. Одоо харин жаахан халгаад, бэртэл гэмтлээс айгаад тэр болгон эмнэл хангалтай ноцоод байхгүй болчихож. Гэхдээ хотын хүүхдүүдийг бодвол хөдөөний хүүхдүүд өлчир шүү. Багаасаа түлээ мод бэлдэх, эмнэг догшин сургах гээд хар бор ажил хийгээд сурчихсан байдаг. Алсыг харах хараа, бодол нь арай тэнүүхэн байдаг юм уу даа гэж боддог.

-Олуулаа өссөн хүүхдүүд гэртээ оногдсон ажил, үүрэг гэж байдаг. Харцагад ямар ажил түлхүү оногддог байв?

-Ах нартаа зарагдаад бүгдийг нь хийдэг байсан даа. Малдаа явна, түлээ модоо бэлдэнэ, ус зөөх гээд ажил мундахгүй ээ. Тэгж ажил хийж сурсаны хэрэг одоо бас байгаа байлгүй дээ.

-Биеийнхээ аль хэсэгт арай илүү бяртай бол... өөрт мэдрэгдсэнээр...?

-Тэнцүүхэн байх аа.

-Таны бахархал юу вэ?

-Намайг төрүүлж өсгөсөн ээж минь, хотод орж ирсэн цагаас минь өдий хүртэл аавын минь оронд аав болоод тусалж дэмжиж, зааж сургаж яваа багш хоёр минь байна даа. Энэ хоёроороо их бахархана аа. Бас таван сайхан ах минь, дүү минь байна. Аав минь 2000 оны үед бурхан болчихсон. Тэрнээс хойш ээж минь гадаа гарч эр, гэрт орж эм болж долоон хүүгээ өсгөх гэж хамаг хүчээрээ зүтгэсэн. Тийм болохоор ээжийнхээ хөдөлмөрч зангаар хамгийн их бахархдаг юм.

-Ээж нь хүүгээ бөх болно гэхэд яаж хүлээж авсан бэ?

-Эхэндээ бол дэмждэггүй л байлаа ш дээ. Ирж малаа хар... л гэдэг. Аймгийн арслан болсоны дараа ч тэгж л байсан. Тэгэхэд би нэгэнт зорьсон юм чинь зорьсондоо хүрэхийн төлөө гээд өөрийнхөөрөө л явсан. Алдаагүй байхаа. Ээж маань одоо бол “яваад бай, бэлтгэлээ сайн хий” л гэдэг болсон.

-Монгол бөхөөс өөртөө юуг шингээж, сурч авч байгаа вэ?

-Монгол эр хүнд байх олон сайхан чанарыг шингээж авсан гэж боддог. Наад зах нь одооны залуучууд ахмадаа хүндэлж мэдэхгүй байна.

-Хааяа өөрөөрөө онгирмоор үе гарах уу. Би чадчихлаа, би чадна ш дээ... гэх мэтээр...?

-Тийм үе байна, байна. Тийм үед өөрийгөө аль болох дарж л явахыг хичээдэг ш дээ. Одоо чинь сошиал орчин хэт хөгжчихсөн. Буруу хазгай гишгэх л юм бол элдвээр бичээд их хэцүү. Тийм болохоор өөртөө хянууртай, цэнээд явж байхад гэмгүй юм даа.

-Сошиал гэснээс фэйсбүүкт нэлээд идэвхтэй байх аа, харцага?

-Идэвхтэй байсаан. Тэндээс авах ч юм бий, гээх ч юм бий. Сурах юм ч бий. Бас мэдээллээс хоцормооргүй байна ш дээ. Гэхдээ би сүүлийн үед фэйсбүүкт орохоо цөөлөөд байгаа. Цаг завны гарз санагдаад...

-Нээрээ зарим нь “тахар” Бадарч гээд л нэрлэсэн дуулдах юм. Тэр яагаад гараад ирсэн нэр вэ. Энэ нэрэнд яаж ханддаг вэ? 

-Зарим хүмүүс тэгээд бичсэн байгаа л харагддаг. Энэ нэрний үүсэл манай өндөр аварга, багш хоёроос л үүдэлтэй байх. Анх хөдөөнөөс орж ирээд “чамайг хэн гэдэг юм гэхээр нь Бадарч гэдэг гэсэн чинь л “тахар” Бадарч гээд эхэлсэн /инээв/.

Биднийг ярилцаж байх үеэр Л.Болдбаатар багш нь орж ирсэн бөгөөд харцага “багшаас ав, багшаар яриул” гээд өөрөө зарим асуултнаас бултах маягтай болоод ирэв. Болдоо багш шавийнхаа тухай ийн ярив...

-Манай Бадарч чинь их цоглог оо. Хамгийн гол нь хөдөлмөрч, зоримог, шулуухан. Бэлтгэлдээ их дуртай. Орж ирээд нөгөө төмөрнүүд рүүгээ хараад л, инээд алдаад л, барьж авч үзээд л... Дуртай хүн чинь шантардаггүй, залхдаггүй байхгүй юу. Намайг нэг их зовоогоогүй ээ. Эхэндээ жаахан яаруу хүүхэд байлаа. Бушуухан л хүү, хаа гээд дуусгачих гээд байдаг байсан. Одоо бол засарсаан. Улсын цол авчихлаа. Хамгийн гоё чанар нь хэзээ ч шантардаггүй, ухардаггүй. Хатгаатай байсан ч гараад л барилдаж байсан. Би ганц Бадарчид ч биш намайг гээд зориод ирсэн хүүхэд болгонд хэлдэг. Ерөөсөө л “хөдөлмөрч бай. Хүн хөдөлмөрлөж байж амжилт гаргадаг, чи махаа идэж байж бөх болно. Чи хөдөлмөрлө, би чамд тусална...” ингэж л хэлдэг.   Одоо миний дэргэд 20-иод хүүхэд байна. Улсын арслан Пүрэвдагва харцага Бадарч хоёр том нь. Яахав, аль болох бүтэхээр нь зааж зөвлөөд, чадах хэмжээндээ тусалж дэмжээд явж байна... гэсэн юм.

Болдбаатар багш нь одоо гэрийнхээ хашаанд бэлтгэлийн заал барихаар хундаамаа цутгачихсан барилгын ажил эхлээд явж байгаа юм байна. “Өөрөө байр савтай болъё гэхээс илүү энэ хэдэн шавь нартаа бэлтгэл хийх заал бариад өгчихье. Том биш ч гэсэн өөрийн гэсэн заалтай бол эд нарт минь л хэрэгтэй. Би яах вэ, амьдрал болж л байна...” гэж байгаа багшийнх нь сэтгэл үнэхээр том юм.

 

                              Эх сурвалж: БӨХ сонин

Ярилцсан: С.Бадамгарав