Морин хуурын чуулга өнөөдөр Манба Дацан хийдэд тоглоно

Энтертайнмент / Time Admin
2018 оны 02 сарын 23


Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн Хаврын тэргүүн сарын Шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглодог уламжлалтай.

Шашин урлагийн энэхүү арга хэмжээ 18 дахь жилдээ өнөөдөр 12.00 цагт болно.

Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж 18 жилийн тэртээ “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бурхандаа тахил хүндэтгэл үзүүлснээс хойш ийнхүү уламжлал болон тогтсон юм.

Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуваргууд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурж, Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, ард олныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг билээ.