“Байгалийн түүхийн музей” хаалгаа барьснаас хойш таван жил өнгөрчээ

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 23

Монгол орны байгалийн ховор нандин олдвор, үнэлж баршгүй баримт бичгийг хадгалж байдаг “Байгалийн түүхийн музей” үндсэн үүргээ биш хуучирч муудсан барилга гэх үзмэрийн үүрэг гүйцэтгэж байна. 65 жилийн настай музейн барилга нурах аюултай учир таван жилийн өмнө хаалгыг нь барьсан билээ. 

Хотын төвд балгас болон үлдсэн музейг шинэчлэн барих талаар багагүй хугацаанд ярьсан ч ажил хэрэг болоогүй. Харин өдгөө энэ талаар дурсдаг ч байгууллага олдохгүй байна. 

Музейн барилгыг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барих шийд гарсан ч газар олдохгүй байгаагаас хэрэгжихгүй байгаа гэх мэдээллийг Боловсролын яамны мэргэжилтэн өгч байна. Харин газрын асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэн өгөх учиртай. 

Уг нь “Байгалийн түүхийн музей” хүүхэд багачуудын хамгийн очих дуртай газар. Музейд зочилсноор байгал, ан амьтны талаар  бодит мэдээлэлтэй болно. Харин барилгагүйгээс үзмэрүүдийг нь хав даран хадгалсан нь багачууд байгалийн холбоог боомилж буй хэрэг юм.