Дөрвөлжин эрх чөлөө

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 26

Одоо ч энэ машин цөөрч дээ. Хаа нэг гудамжинд зогсож байхыг нь харахаар хайр хүрч, учир зүггүй тэвэрч үнсдэггүй юмаа гэхэд хүний нүд хариулж байгаад шоо шиг хоншоорыг нь илээд авдаг нь үнэн. Бодоод үзвэл монголчууд бидний итгэл сэтгэлийг ингэтлээ татсан машин тун цөөхөн. Тэр дундаа харах бүртээ хуучин танилтайгаа учирсан юм шиг болдог төмөр хүлгүүдийн нэг бол дөрвөлжин эрх чөлөө Лада билээ. Ладагийн түүх нэлээн хоржоон, бужигнаантай.

1960-аад онд АНУ жилд дунджаар 7.5 сая автомашин үйлдвэрлэж байсан бол италичууд энэ тоогоо 1.5 саяас буулгадаггүй байв. Энэ үед орос иванууд бүтэн жилийн турш ердөө 200-хан ширхэг машин арай гэж үйлдвэрлэж байсан нь “болиоч дээ та нар” гэмээр байлаа. Энэ бүхэнд Зөвлөлт засгийн хаан, зартай коммунист Хрущёв “Бидэнд ийм олон автомашин хэрэггүй. Хувийн автомашинд ихдээ л хоёр хүн өдөр тутам сууж явна. Бензиний зардал гэж найгүй гарна. Түүний оронд нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй” гэдэг байв. Гэтэл коммунист намд өндөр албан тушаал хашиж байсан хувьсгалын эсэргүү нөхөр Косыгин халзан Хрущёвтэй хурал болгон дээр хэрэлдэж, оросууд машин унах ёстой гэдэг байр суурин дээр хатуу зогсдог байж.

1960-аад онд Зөвлөлтийн ард иргэдийн мөнгөн хуримтлал санаж байснаас хавьгүй ихсэж хүмүүсийн гар дээр байгаа их хэмжээний рублийг ямар нэг аргаар буцаан татах зорилгоор нөхөр Косыгины жирийн түмний машин үйлдвэрлэх санааг баталсан юм. Ингээд бүхэл бүтэн улс, үндэстнийг унах унаатай болгох ажлыг нөхөр Косыгин хариуцаж, гаднаас хүчин чадал сайтай, чанартай үйлдвэр оруулж ирэхээр боллоо. Тэгсэн коммунистуудад баруун Германы Volkswagen таалагдсангүй, Францын Renault ч болсонгүй. Тэгж тэгж Италийн FIAT концерн дээр тогтохоор болжээ.

Анхандаа оросууд ард түмний унаагаа хямд өртгөөр тооцож (1 кг нь нэг рубль), эгэл иргэн бүр нийт 1000 орчим рублиэр хувийн авто машинтай болно гэсэн таамагийг Хрущёв нам няцаав. Тэр бүү хэл 1000 орчим кг жинтэй шинэ машин 5600 рублиэр борлуулна гэсэн тушаалыг гаргасан юм. Ингэлээ гээд ард түмэн шантарсангүй. Гурван жилийн цалинтай тэнцэх үнээр 15 гаруй мянган хүн анхны автомашинтай болох уртаас урт дэс дараалалд хөлдөж үхэхийг юман чинээ бодолгүй зогсон Ладагийн манлайллыг ийнхүү эхлүүлсэн аж.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл