ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН


Хятадууд эртнээс нааш дээдийн номыг хүнд ойлгомжтой уран зохиолын хэлээр уран зурагтай хослуулан хүргэж байсны нэг жишээ нь "Баруунш зорчсон тэмдэглэл" зохиол билээ. Энэ удаа Тайваньд нэг сар гаруй амрах хугацаандаа "Улбар алтан эрдэнийн өмсгөл" нэрт зохиолыг орчуулах явцад энэ бодол маань бүр лавшрав. Өөрөөр хэлбэл манга зурагт номын хэлбэрээр жирийн хүмүүс Бурхан болон гэгээрэх үйл явцыг гайхалтай урнаар зураглан үзүүлсэн байх юм. Би орчуулж дуусаад өөрт төрсөн сэтгэгдлээ товч өгүүлвээс: 

01. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэхүйн таван эрхтэнг хүн болгон мэднэ. Эдгээрээр дамжин мэдрэгдэж байгаа мэдрэмж мэдээллүүдийг ерөнхийд нь нэгтгэн боловсруулаад нэгдсэн цогц ойлголт өгөх үүргийг сэтгэлийн эрхтэн гүйцэтгэж таарна. Эдгээрийг бүхэлд нь "Зургаан эрхтэн" гэдэг ажээ. 
Зургаан эрхтэнгээр дамжин бидэнд шууд мэдэгдэж мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдийн шашны нэр томъёо нь "Зургаан чуулган" юм байна. 

02. Хүний мэдрэхүйн зургаан эрхтэнд ирж байгаа мэдээллүүд идэвхигүй ганц удаа гялсхийгээд алга болчихож байгаа биш гэрэл зураг шиг өнө мөнхөд хадгалагдаад үлдчихдэг ажээ. Тэрхүү хадгалагдсан мэдээллүүдийг "Тийн мэдэл" гэж нэрлэдэг. Таван тийн мэдэл, зургаан тийн мэдэл гээд бичвэл одоо та бүхэнд ойлгомжтой байна уу? Тийн мэдлийн сан нь зөвхөн энэ нас төдийгүй урьд өмнөх төрлүүд, тэрч байтугай олон галвын турш хуримтлагдсан бодол мэдрэмжүүдийн сан, далай шиг арвин юм байж таарна аа даа. 

03. Түүнээс улбаалаад "Тийн мэдлийн далай" гэсэн шашны нэр томъёо үүссэн юм байна шүү. Тоолшгүй олон галвын мэдээллийг агуулсан тийн мэдлийн сан нь далай юм бол давалгаалж байх нь мэдээж. Өөрөөр хэлбэл олон үеийн өмнө хадгалагдсан янз бүрийн мэдээллүүд хүний сэтгэлд байн байн үймцэрсэн бодол хэлбэрээр илэрч байдгийг "тийн мэдлийн давалгаа" хэмээх болой. Энэ үүднээс авч үзвэл хүн сэтгэлдээ маш хүнд ачаа тээж явдаг хэрэг байх нь ээ. Бас тэр хүнд ачаа маань үймцэрсэн бодол хэлбэрээр илрэх тоолондоо биднийг зовоож байдаг нь хичнээн амаргүй хэрэг байх билээ. Энэ үүднээс үзвэл "тийн мэдлийн далай", "тийн мэдлийн давалгаа" туйлын зовлонтой, хүнд ачаа байж таарна. 

04. Тийн мэдлийн далай нь гадна орчны үзэгдэл юмс лүгээ хүртэж мэдэрч байдгаас үүдэлтэй, тэр хэрээр байнга нэмэгдэн зузаарч байдаг болохыг ухаж ойлгоход төвөгтэй биш. Энэ талыг бодолцож түүнийг бас "Тийн мэдлийн талбай" гэж нэрийдсэн нэр томъёо байдаг юм байна. Би дээр тийн мэдлийн далайг дааж давшгүй, байнга нэмэгдэн зузаарч байдаг хүнд ачаа, зовлонтой эд гэдэг талаас нь бичлээ. 

05. Тэгвэл түүнд хандах харьцах өнцгөө өөрчлөөд сайн талаас нь ажиглан харж яагаад болохгүй байх билээ? Өөрөөр хэлбэл олон төрөл, тоолшгүй олон галвын турш хурааж хуримтлагдсан мэдлэг мэдээлэл тэрхүү "Тийн мэдлийн сан", "Тийн мэдлийн далай", "Тийн мэдлийн талбайд" агуулагдаж байгаа шүү дээ. Сонин байгаа биз? Зохиолч Юй Си энэ номондоо "Сансрын гэрэл зургийн дуран авай", "Цаг хугацааны машин" зэрэг зүйрлэлийг олонтоо дурьдсан нь туйлын оносон хэрэг болох нь та бүхэнд одоо там тум ойлгогдоод ирж байгаа байх аа. 

06. Тэгвэл урьд өмнөх үеийн мэдлэг мэдээллийн сан хөмрөг болсон "Тийн мэдлийн далайд" аялах сонирхолтой аяллыг хаанаас юунаас эхлэвэл зохих вэ? Би бараг түүний нууцыг дээр цухас хэлчихсэн дээ. Жирийн хүмүүс гадаад орчны үзэгдэл юмсад автаад тэр хэрээр тийн мэдлийн далайгаа зузаалаад түүнийг таньж мэдэхгүйн эрхээр зовж шаналаад байдаг. Тэгвэл гадагшаа хандах биш дотогшоогоо ханддаг, өөрөөр хэлбэл сэтгэлээ ажиглаж байнга шинжиж эхлэх нь алс холын сонирхолтой аяллын анхны алхам болдог аж. Гадагшаа биш дотогшоо хандаад эхлэвэл тийн мэдлийн зузаан тоосыг дахин нэмэхгүй, харин ч урьд өмнөх үеийн мэдлэг мэдээллүүд тийн мэдлийн далайгаас зөв бодол, ухаарал, сайн авьяас зэрэг хэлбэрээр илэрч эхлэх нь "Тийн мэдлийг бэлгэ билгүүнд урвуулж" буй гайхалтай том арга байж таарна. Энэ нь нэг бодлын өнгөрсөн үе рүү цаг хугацааны машинд суугаад аялж байгаагаас огт өөрцгүй хэрэг. Ер нь тийм боломж бүрэн байх юм гэсэн бодол маань энэ удаа их лавшрав. 

07. Тийн мэдлийн давалгаа амирлаад, тийн мэдлийн далай шавхрах сайн цаг ирэх нь тодорхой бөгөөд түүнтэй залгуулаад сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг таньсанаар одоо буюу орчлон ертөнцийг бүхэлд нь тольдон харах боломжтой болдог аж. Өнгөрсөн одоо хоёр цагийг таньж мэдсэн хүний хувьд ирээдүй цагийг алган дээр тавьсан мэт угтан харах боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэх хэрэг юу байх билээ. 

08. Миний үеийн дунд, ахмад насныхан ертөнцийн үнэн мөн чанарыг таньж мэдэх үүднээс энэ номыг уншиж болох юм. Тэгвэл залуучууд танин мэдэхүй, гүн ухааны талаас нь сонирхон үзээд маш их ухаарал нэмэх боломжтой. Харин хүүхдүүд уг зохиол дээр гардаг хөөрхөн багачуудтай хамт сансрын далайд хийж байгаа сонирхолтой аяллын зургийг сонирхон үзэж байгаль дэлхийн гоо сайхан, түүнийг нандигнан хайрлахын утга учрыг ойлгох боломжтойгоороо энэ ном хүүхэд багачууд, аав ээж, өвөө эмээ нар гараас гарт дамжуулан уншиж болох ховор чухал бүтээл болжээ. 

09. Би энэ удаа номын агуулгын тун өчүүхэн хэсэг буюу "Тийн мэдэлтэй" холбогдох өөрт сонирхолтой санагдсан хэсгийг товч өгүүллээ. "Хавар, зун, намар, өвөл" хэмээх дөрвөн цуврал энэ ном цаад утгаараа хүүхэд, залуу, идэр дунд, өтөл хэмээх хүмүүний амьдралын дөрвөн үеийг төлөөлж байгааг гярхай уншигч та төвөггүй ойлгож байгаа байх аа. Энэ удаа миний хувьд хүн болгоны сэтгэлийн гүнд нуугдаастай байдаг "Дияаны арга номын" талаар чамгүй их зүйлийг ойлголоо. "Баруунш зорчсон тэмдэглэл" нэрт сайхан бүтээлтэй удтал ноцолдсон маань ч ийм их зүйлийг ухаарч ойлгох том хөрс суурь болсон байж таарна. Ойлгосон зүйлсээ нүүр номоороо дамжуулан нийтлэж та бүхэнтэйгээ хуваалцана гэдэгт эргэлзэх юун.