Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал нь тус сангийн зардлыг өсгөсөн

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 02


Үндэсний Статистикийн Хорооноос Нийгмийн даатгалын сангийн зардлын өсөлтийн талаарх судалгааг хийжээ.  2017 оны байдлаар 1 сая иргэн нийгмийн даатгал төлж байгаа бол, тэтгэвэр авагчдын тоо 388 мянга болж, 2006 онтой харьцуулахад даатгуулагч 2.2 дахин, тэтгэвэр авагч 1.3 дахин өссөн байна. Харин Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын хэмжээ 2006 оноос хойш тасралтгүй өсч, 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр орлого 2,1  их наяд төгрөгт хүрч, 2006 оныхоос 8,9 дахин, зарлага 1,9 их наяд төгрөгт хүрч, 2006 оноос 9,5 дахин нэмэгджээ. 

Тэгвэл ийнхүү Нийгмийн даатгалын сангийн зардал өссөн нь бодлогын алдаа, гажуудалтай холбоотой гэдгийг эдийн засагч хэлж байна. Тухайлбал 

  • 1995 оноос хойш таван жилийн дунджаар тэтгэврийн хувь хэмжээг тогтоодог болсон. Энэ нь иргэдийг цалингаа бүрэн зөв мэдүүлэхгүй байх, мөн бага хэмжээгээр нийгмийн даатгалаа төлж байгаад тэтгэвэрт гарахаасаа өмнө огцом 5 жил өндөр төлдөг байдлыг бий болгосон.
  • 1990-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, даатгуулаагүй иргэдийг нөхөн даатгалд хамруулсан. Ингэснээр тэтгэвэр авах шаардлагагүй, боломжийн орлоготой зарим иргэдийг хүчээр нийгмийн даатгалын санд оруулж, зардал үүсгэхэд нөлөөлжээ.
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль 2015-2016  онд хэрэгжсэн. Их хэмжээний орлогооос шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийг шинэчлэн тогтоосон зэрэг нь тухайн үедээ НДС-гийн орлогыг өсгөсөн боловч эргээд тус сангийн зарлагыг өсгөхөд хүргэсэн байна.
  • Тэтгэврийн доод хэмжээг тогтоодог. Энэ нь иргэдийг орлогоо бага мэдүүлэх, үүнээс бага шимтгэл төлөх хандлагыг бий болгожээ. Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээг авдаг байна.

Тэгэхээр цаашид нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх, тэтгэвэр бодох аргачлалыг илүү нарийвчлалтай, оновчтой болгох шаардлагатай байна. Тэр дундаа цалингийн дунджаас бус нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөөс нь тэтгэвэр тогтоох аргачлал, тооцооллыг хийх нь илүү шударга тогтолцоо гэдгийг эдийн засагч хэлж байна.