Нууцаар биткойн олборлож байсан цахилгааны төлбөрөө СӨХ-өөр төлүүлж байжээ

Нийслэл / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 02

1600 өрхтэй “Вива сити” хотхоны хонгилын давхарт нууцаар биткойн үйлдвэрлэж байсан нь ил болжээ. Түүгээр зогсохгүй олборлолтод ашиглагдах цахилгааны зардлыг СӨХ төлж байсан нь оршин суугчдыг бухимдуулж байна.   

“Вива сити” хотхоны N4 дүгээр байрны хонгилыг СӨХ-ийн ТУЗ-ийн дарга Ж.Хишигбаясгалан гагнуур хийх зориулалтаар өнгөрсөн наймдугаар сард түрээслэжээ. Харин цахилгааны утсаа СӨХ-ийн буюу нийтийн тоолуурт залгуулсан байна. Түүний энэ үйлдлийг хоёр хоногийн өмнө “MCS states” компани гэнэтийн шалгалт хийж, нууцаар биткойн үйлдвэрлэж байсныг нь илрүүлэн, цахилгааныг тасалжээ.
Хотхоны оршин суугчид сард 17500 төгрөгийг СӨХ-дөө төлдөг. Харин энэ мөнгөнөөс биткойн үйлдвэрлэх цахилгааны зардалд зарцуулагдсанд оршин суугчид бухимдаж байна. Түүнчлэн хотхон даяараа орцгүй, цэвэрлэгээ үйлчилгээ муу, СӨХ-ийн зүгээс дарамт их байдгийг оршин суугчид хэлж байгаа юм. 

Биткойн үйлдвэрлэсэн Ж.Хишигбаясгалан СӨХ-ийн тоолуурт бичигдсэн цахилгааны зардал болох 3.5 сая төгрөгийг төлсөн хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн биткойн үйлдвэрлэх нь ямар ч хууль зөрчөөгүй тул хариуцлага хүлээх үндэслэл байхгүй хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Ямартай ч гагнуурын зориулалтаар цахилгаан холбуулаад биткойн үйлдвэрлэсэн, олборлолтын цахилгааны зардлыг СӨХ төлсөн нь тодорхой болсон. Харин орон сууцны хороололд биткойн үйлдвэрлэх боломжтой эсэх, оршин суугчдын мөнгөөр биткойн үйлдвэрлэсэн эсэхийг мэргэжлийн байгууллага шалган тогтоох шаардлага үүслээ.