Хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлнө

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 02

Хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй зургаан албан тушаалтан байгааг АТГ мэдээлсэн. Хариуцлагын тухайд СЕХ-ны гишүүн Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлөх бол ИТХ-ын гурван төлөөлөгчид хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байхгүй байна. Энэ мэт хуулийн цоорхой албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн зөвтгөл болж байна. 

Хөрөнгө орлогын мэдүүлэг ирүүлээгүй зургаан албан тушаалтны нэгд нь хариуцлага тооцохгүй юм байна. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр мэдүүлгээ ирүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. Шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоосон нь түүнийг хариуцлагаас мулталсан байна. 

Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд нар мэдүүлэг ирүүлээгүй ч хуулийн цоорхойгоор хариуцлага хүлээгүй өнгөрөх нь. 40 мянга гаруй төрийн албан тушаалтны хөрөнгө орлгын мэдүүлэг ирэх дөрөвдүгээр сараас олон нийтэд ил болно.