Авлигачдыг өөгшүүлсэн Эрүүгийн хууль

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 28

Улсаас хоёр  тэрбум төгрөг завшсан Зам, тээврийн хөгжлийн яамны  газрын дарга Р.Ононгийн 644.9 сая төгрөгөөр худалдан авсан тансаг орон сууцыг төр хураан авч чадахгүй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулинд хөрөнгө хураах хуулийн заалт үгүй болсон нь авилгачдыг өөгшүүлж байгаа юм.

Р.Онон гэгчийг хууль бусаар хөрөнгөжсөн шалтгаанаар АТГ шалгахад тендерээс хувь авах, төрийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах зэргээр хоёр тэрбум гаруй төгрөг завшсан нь ил болжээ. Түүнчлэн “Ривер гарден” хотхонд 242 м.кав бүхий тансаг зэрэглэлийн орон сууцыг 644.9 сая төгрөг бэлнээр төлж худалдан авсан байна. Р.Онон шалгалтын явцад тухайн байрыг “Ахынхаа байр” хэмээн худал мэдүүлсэн бөгөөд эцэст ах нь хэргийг нь илчлэн, худал мэдүүлэг өгсөн шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна. Энэ хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хариуцлага тооцоход хүндрэлтэй болжээ.

АТГ-ын шалгалтыг шүүх хэлэлцэн, “хууль бус хөрөнгө” болохыг нь тогтоосон. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөрөнгө хураах хуулийн заалт шинэ хуулинд байхгүй болсон тул тухайн орон сууц эзэндээ үлдэх үндэслэл болоод байгаа юм.

Энэ тохиолдолд, авилгачийн хууль бус хөрөнгийг төрд хураан авах гарц нь прокурорын байгууллага шүүхт нэхэмжлэл гаргах явдал. Өөрөөр хэлбэл, АТГ шалгалтын дүндээ үндэслэн хууль бус хөрөнгийг хураан авах саналыг прокурорт хүргүүлэн, прокурорын байгууллага шүүхт нэхэмжлэл гаргах процесс үүсгэнэ. АТГ хөрөнгө хураалгах саналыг 4 албан тушаалтан дээр гаргасан.

ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ АЛБАН ТУШААЛТНУУД

Нэрс

Эрхэлж байсан албан тушаал

Хохирол

1

Р.Онон

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

644,9 сая төгрөг /Ривер Гарден хотхонд 242м.кав орон сууц худалдан авсан /

2

Л.Амарбат

Улаанбаатар Дулааны сүлжээ компанийн салбарын дарга

10 сая төгрөг /Бусдаас хахууль авсан/

3

П.Болдбаатар

Улаанбаатар Дулааны сүлжээ компанийн салбарын дарга

10 сая төгрөг /Бусдаас хахууль авсан/

4

Д.Баярсайхан

Улаанбаатар Дулааны сүлжээ компанийн Хяналтын инженер

10 сая төгрөг /Бусдаас хахууль авсан/

Үүнд, Зам, Тээврийн хөгжлийн яамны  газрын дарга Р.Ононгийн 644 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, Улаанбаатар Дулааны сүлжээ компанийн салбар хариуцсан дарга Л.Амарбат, П.Болдбаатар, хяналтын инженер Д.Баярсайхан нарын бусдаас хахуулиар авсан тус бүрийн 10 сая төгрөг байна.

Нэмж мэдээллэхэд, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан Э.Хүрэлбаатар өөрийн хамаарал бүхий этгээдийн компанид газар олгуулахаар шийдвэр гаргах ажиллагаанд албан тушаалын байдлаа ашигласан явдалыг АТГ шалгаж байна.