Даланзадгад сумын шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Орон нутаг / Time Admin
2018 оны 03 сарын 01

ДАЛАНЗАДГАД СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ 4-Р САРД ЭХЭЛНЭ

Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд 1-р сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төсөл хийгдэж, хоногт 168 м3 бохир усыг 83%-тай цэвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан. Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн уршигаар бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байна.

МХГ-аас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасанд үндэслэж хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барихаар болсон. Энэхүү цэвэрлэх байгууламжийг байгуулах захиалагч, гүйцэтгэгч компаниуд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уулзаж, шинэ цэвэрлэх байгууламж барихтай холбоотой асуудлаар ярилцлаа.

Цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны 8,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулах бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сард эхлүүлж, 2019 оны 5 дугаар сард дуусгана. Шинээр барих байгууламж нь 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж юм.