Даатгалын салбарын цэвэр ашиг 13.2 тэрбум төгрөг болжээ

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 01

Даатгалын салбарын 2013 оны зорилт

Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн байдлаар Даатгалын салбарын нийт актив 17.4 хувиар өссөн байна. Үүнд нь ердийн даатгалын компаниудын хөрөнгө, орлогын хэмжээ өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ төрлийн даатгалын компаниуд нь даатгалын салбарын дийлэнх хувийг бүрдүүлдэг, голчлон иргэд, ААН-ийн хөрөнгийн даатгал, гэнэтийн ослын, хариуцлагийн, санхүүгийн эрсдэлийн даатгал зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг байна. Харин ердийн даатгалын компаниудын хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүний орлого нэмэгдсэн нь тус салбарын активын өсөлтөд түлхүү нөлөө үзүүлжээ.

СЗХ-ны судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун “Даатгалын салбарын нийт хөрөнгө 2017 оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг ердийн даатгалын компаниуд, 3.2 хувийг урт хугацааны даатгалын компани үлдсэн 17.7 хувийг давхар даатгалын компани эзэлж байна” гэв.

Тэгвэл ердийн даатгалын компаниудын хураамж нэмэгдсэнийг дагаад даатгалын салбарын нийт хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 26.1 хувиар өсч, 144.3 тэрбум төгрөг болсон байна. Мөн тайлант жилд нийт 45.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн нь өнгөрсөн онтой харьцуулахад 31.9 хувиар өсчээ. Нийт нөхөн төлбөрийн 98.0 хувийг ердийн даатгалын компаниуд гаргасан бол 2.0 хувийг урт хугацааны даатгалын компани гаргажээ.

Харин Даатгалын салбарын цэвэр ашиг өнгөрсөн жилээс 15.7 хувиар өсөж 13.2 тэрбум төгрөг болжээ. Цэвэр ашгийн өсөлтийн гол шалтгаан нь давхар даатгалын компанийн цэвэр ашиг 55.6 хувиар өсч 4.3 тэрбум төгрөг болсон нь нөлөөлсөн байна.