Мөснөөс дулаан ялгарна

Энэ гарчгийг би Гонконгийн "Дагун Бао" сонин дээрээс анх уншчихаад бишгүй их гайхаж билээ. Ер нь саяын удаагийн явалтаар бараг физикч, одон оронч болох нь холгүй олон сайхан шинэ зүйлийг ухаж ойлголоо.

Ус ихэнх тохиолдолд 99 градусаас 100 руу шилжих агшинд л буцладаг. Түүн шиг 0 градуст хүрсэн ус мөс болж хувилах нь түүнээс өөрцгүй нарийн физикийн урвал байдаг ажээ. Яг тэр агшинд 80 хэмтэй тэнцэхүйц дулааны энерги сулран чөлөөлөгдөж байдаг. Тэрийг л олон улсын нэртэй эрдэмтэд судлан батлаад угаас овсгоотой хятадууд ажил хэрэг болгоод байгаа нь энэ ажээ.

Доорхи зурган дээр уг төхөөрөмжийг суурилуулсан айлын эзэн "Гэрт маань хорин хэдэн хэмийн дулаан тогтмол маш хямд өртөгтэй ирж байна." хэмээн бахдан ярьж байгаа аж. Уламжлалт нүүрс болон усан цахилгаан станцуудаас өртөг зардлын хувьд хавьгүй хямд, бохир ус, бохир утаа, үнс тортог ялгаруулдаггүй энэ технологийн түүхий эд нь бохир ус ч байж болно гэхээр мөн сонин байгаа биз? Өөрөөр хэлбэл сул урсаж байгаа бохир усыг эргэлтэнд оруулж дулааны энерги гарган авах нь ээ. Бас ус хөлдөхдөө дулааны энерги ялгаруулдаг шиг гэсэхдээ бас чамгүй энерги ялгаруулдаг ажээ. Өөрөөр хэлбэл, нар, агаар, хөрсний дулааны энергийг өөртөө шингээж ялгаруулсан дулаан нь бас л 80 хэм байдаг гэнэ шүү. Тэрийг хурааж хуримтлуулаад айлууд руу очиход хорин хэдэн хэм болдог. Түүнийг айлууд өөрсдөө тохируулах боломжтой байж таарна. Ердөө л ийм энгийн зүй тогтол дээр суурилсан эд гэнэ. Манай нэртэй физикч нар, тэр дундаа засгийн газраас утааны асуудлыг шийдэх талаар үүрэг аваад байсан ШУА-ны ерөнхийлөгч Рэгдэл гуай нар судлаад үгээ хэлээсэй.

Ерөнхий сайд Хүрэлсүх удахгүй Хятад улсад айлчлах юм гэсэн. Тэгэхдээ энэ технологийг эрдэмтэн мэргэдээ байлцуулж байгаад сайтар ултай судлаад монголдоо нэвтрүүлэх талаар Хятадын удирдлагатай ярилцаад нааштай шийдүүлээсэй. Мэргэжлийн нэр томъёо, чухам ямар компани, хаана голчлон хэрэгжүүлээд байгаа энэ тэрийг мөхөс би дуртайяа "Төрийн орчуулагчид" нь хэлээд өгч болно шүү дээ.

Утааны асуудал дээр нэлээд хурц дайн зарлах төлөвтэй байгаа Улаанбаатар хотын захирагч Су. Батболд энэ асуудлыг сайтар судлаж үзээсэй. Болж өгвөл даруйхан хөөцөлдөөд ирэх жилээс энэ технологийг оруулаад ирээсэй. Гэхдээ манай дарга нар иймэрхүү асуудал дээр даанч хөшүүн хойрго л доо. Дэндүү гэмээр санагддаг шүү.