Б.Баатархүү: УБТЗ ХНН дээр прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн

Нийгэм / Н. Сугар
2018 оны 03 сарын 02

Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлагуудын өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас энэ мэдээлэл үнэн болохыг баталлаа. Харин Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс нэгжлэг хийсэн асуудлыг “нуун дарагдуулж” байна.

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга н.Ганболд нарын өрөөнд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн нь үнэн гэдгийг ЦЕГ-аас мэдэгдэв . Гэхдээ ямар баримт материалыг эд мөрийн баримтаар хурааж авсан гэдгийг нууцалж байна. Түүнчлэн тус нийгэмлэгийн дарга нарыг шалгаж байгаа нь үнэн гэж батлаад байхад Улаанбаатар төмөр замын зүгээс “Зохион байгуулалттай худлаа мэдээлэл цацаж байна” гэж тайлбарлалаа.

Д.Жигжиднямаа нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх мэдээллийг АТГ өгс байсан. Тэрээр 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн.  Мөн засварын хөлс, сэлбэг худалдан авах гэх мэт ажил гүйцэтгэсэн нэрээр 2010-2016 онуудад УБТЗ-аас нийт 78 тэрбум төгрөг гаргуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Өнөөдөр хэрэгт холбогдсон хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх талаар шүүх хуралдаан болж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.