"Хөх сувд 2018" мөсний баярт 15 мянга гаруй аялагч, 2200 тээврийн хэрэгсэлтэйгээр ирсэн гэсэн тойм судалгаа гарчээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 03 сарын 06

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг "Хөх сувд 2018" арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд Хатгал тосгоны Доод модот буланд зохион байгуулагдлаа.

 Мөсний баярт дотоодын 15 мянга гаруй аялагч, гадаадын 132 жуулчин, 2200 тээврийн хэрэгсэлтэйгээр ирсэн гэсэн тойм судалгаа гарсан байна. Энэ үеэр 10 жуулчны бааз, 32 гэр буудал, 35 хоолны газар үйлчилгээ үзүүлж гадаад дотоодын зочид, жуулчдад зориулсан 15 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдав.

 


Баярын нээлтэнд ОХУ-ын уран гулгагч хос оролцож уран гулгалтын гайхалтай үзүүлбэрүүдээсээ сонирхууллаа. “Хөх сувд-2018” мөсний баярын арга хэмжээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Доан Тхи Хыөнг, Их Британийн Элчин сайдын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Иан Кокс, Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны орлогч дарга Олдрик Зажисек нарын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Мөн “Хаант тэнгэрийн Самгалдай” төрийн бус байгууллагатай хамтран соёлын биет өвийг танилцуулах зорилгоор гэр музей байгуулж, “Галын тахилга, бөөгийн зан үйл” арга хэмжээг зохиож, далай ээжийн 13 хайрхадыг 13 лусын эхтэй нь хамт тахиж, аймаг орон нутгаа даатган, нутгийн ард иргэддээ лусын хишиг буян хураасан нь онцлог арга хэмжээ боллоо.