М.Энхсайханыг Таван толгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгаж байна

Нийгэм / Н. Сугар
2018 оны 03 сарын 06

Дэлхийд гайхагдсан том төслүүд болох оюу толгой таван толгойн гэрээ Монгол улсад ашиггүй хийгдсэн гэх маргаан олон жилийн турш хардлага хэлбэртэй явж ирсэн. Тэгвэл эдгээр төслийн гэрээнд асуудал байгааг нотлогдож эхэллээ. Хууль хяналтын байгууллагууд эхнээс нь шалгаж эхэлжээ. Тухайлбал Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг АТГ шалгаж эхэллээ. Тэрээр 2014 онд Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн байж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Элчин сайд М.Энхсайханыг Шведээс дуудсан байна. 

Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар 2015 онд УИХ-аас Ажлын хэсэг томилогдож дүгнэлт гаргаж байсан. УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд “Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг  анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн. Цаашлаад Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн. Иймд Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэж байжээ. Хариуцлагад татах албан тушаалтнуудын тэргүүн эгнээнд Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд Энхсайхан болж байна.