Б.Баасанбат: Отор хийсний дүнд малын гарзгүй онд орлоо

Орон нутаг / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 06

Малын шүлхий өвчин тархах нэг үндэс нь отор, нүүдэл байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Харин нутагт нь идээшлэх бэлчээр, өвсгүйн улмаас аргагүйн эрхэнд отор хийдгийг малчид хэлж байна.

Завхан аймгийн Их-Уул сумын залуу малчин Б.Баасанбат дөрвөн төрөл малаа тууварлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд нүүдэллэн ирж, оторлон өвөлжжээ. Нутагт нь зуншлага муу, өвсний гарц тааруу байснаас ийнхүү хол нутагт оторлосон нь шангаа өгч, өнчин ишигний гарзгүй онд орсон байна. Б.Баасанбатынх урин цагтай энх золгосон учир төрөлх нутагтаа буцаж явна.  Тэрбээр отор хийсний дүнд малын гарзгүй онд орлоо хэмээн хэлэв.

Харин отор орсон нутгийн малчид бэлчээрээ харамлан, нүүдэлчдэд таагүй ханддаг.  Мөрөн сумын Есдүгээр багийн малчин Д.Даваажавынх л гэхэд энэ өвөл хоёр ч оторчин айлын малаар өвөлжөөгөө идүүлснээ хэлж байлаа. Азаар хадлан тэжээл сайн бэлдсэнээс малаа зутраагаагүй байна.

Малчид хэзээнээс дөрвөн цагийн эргэлтэд дураараа нүүдэллэн, мал сүргээ өсгөн үржүүлж ирсэн. Харин малын хөлөөр өвчин тархах эрсдэл сүүлийн жилүүдэд өндөр болсон. Мал сүргээ хугацаанд нь вакцинжуулснаар халдварт өвчний гайгаар амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэлээс хамгаалж чадах юм.