Трампын бодлогын зөвлөх албан тушаалаасаа огцров

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа огцорч байгаа талаар Цагаан Ордон мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын чөлөөт худалдааг дэмжигч ноён Кон ажлаасаа огцорч байгаа нь хөнгөн цагаан болон гангийн импортод татвар тогтоох гэсэн Трампын төлөвлөгөөтэй холбоотой гэж зарим ажиглагчид дүгнэж байна. Цагаан Ордоноос хийсэн мэдэгдэлд Гэри Кон, “Улс орныхоо төлөө хүчин зүтгэх нь нэр төрийн хэрэг байлаа. Америкийн ард түмэнд ашиг тусаа өгөх эдийн засгийн өсөлтийн үр дүнтэй бодлогыг батлах ажлыг гардан хийж байсандаа баяртай байна. Надад энэ боломжийг олгож байсан ерөнхийлөгчдөө талархахын сацуу түүнд болон түүний засгийн газарт ирээдүйд өндөр амжилт хүсье” гэж онцолжээ.

“Goldman Sachs” банкны хуучин ерөнхийлөгч, 57 настай Гэри Кон өнгөрсөн оны сүүлээр Д.Трампын татварын шинэчлэлд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Гэсэн ч түүнийг ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатай гэж үздэггүй юм.

Харин Дональд Трамп албан тушаалаа хүлээлгэн өгч буй эдийн засгийн зөвлөхөө “ховор авъяастай” хэмээн тодорхойллоо. Мөн “Гэри бидний ажилд хувь нэмэр оруулах гайхалтай ажлыг хийсэн. Түүхэн татварын таналтыг хийхэд тусалж, Америкийн эдийн засгийг сэргээн шинэчлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэр бол маш ховор авъяастай нэгэн” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Дональд Трампын туслахуудын нэг Хөүп Хикс албан тушаалаасаа огцорсон. Тэрээр ерөнхийлөгчийн харилцааны албаны даргаар ажиллаж байсан 4 дэх хүн байсан.