“Мартын 8”-нд 16 эмэгтэй, 178 эрэгтэй эрүүлжүүлэгджээ

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 09

Image result for эрүүлжүүлэх

Олон  улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, түүний тулд дуу  хоолойгоо гаргахаас илүүтэй хавтгайрсан найр болгон тэмдэглэх хандлага ажиглагдах болсон. Олон нийтийн газар болон орон гэртээ агсам тавьж танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 16 эмэгтэй өчигдөр албадан эрүүлжүүлэгдсэн байна.  

Эрхээ хамгаалуулах өдрөө ийнхүү өөрийгөө ч хамгаалах чадваргүй болж төрийн хамгаалалтад орсон эмэгтэйчүүдийн тоо энгийн өдрийнхөөс хоёр дахин нэмэгджээ. Эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүд ихэвчлэн цагдаагийн алба хаагч өөртэй нь ёс бус харьцсан, зүгээр байхад нь хүчээр авчирсан гэх уцаартай эндээс гардаг байна. 

Эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэхэд хүндрэл их байдаг. Зодоонд оролцсон эмэгтэйг авчрахын тулд гавлах шаардлага гардаг. Ингэснээр гар нь хөхөрч, өглөө нь зодуулсан мэтээр ярьдаг. Ариун цэвэр, ая тухыг нь алдагдуулахгүй байх гээд хүндрэл их байдгийг  цагдаагийн алба хаагчид хэлж байлаа. Төмөр замын цагдаагийн газар дахь “Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр”-нд жилд дунджаар 3000 эмэгтэй албадан эрүүлжүүлэгддэг. Өөрөөр хэлбэл өдөрт найман эмэгтэй энэ байранд хонож, өглөө нь эрүүлжин гэртээ харьдаг. 

Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр эрүүлжүүлэхт морилсон эрчүүдийн тоо ч энгийн өдрөөс 4 дахин нэмэгдэж, 178-д хүрчээ.