Д.Төрмөнх: Ерээд онд ганзаганд хүн бүр явдаг байсан бол одоо бүгд улс төрийн ганзагачид болжээ

Ярилцлага / Time Admin
2018 оны 03 сарын 12

 Чөлөөт уран бүтээлч Д.Төрмөнхтэй ярилцлаа.

Image result for Д.Төрмөнх
 
-Таны охин Т.Номунзул зохиолыг нь бичсэн “Амьдрал”  кинонд  иргэд ам сайтай байна.  Киноны нээлт  дээр та охинтойгоо байхыг ч нүүр номоос харлаа. Та өмнө нь “Лардьма” гэж кино бас бичиж хоёуланг Ж.Сэнгэдорж найруулагч кино болголоо. Та зохиолыг нь харсан л байх. Энэ тухай… бас та нам жим л байх юм.Та өөрөө юу хийгээд байнаа?
 
- Тийм надад харуулсан их сүрхий зохиол байсан киног ч сайн хийсэн байна билээ. Миний охин эртнээс бичдэг байсан. Г.Аюурзанын гаргаж байсан “ Өчигдөр ” сонинд ч ажиллаж байсан юм шүү дээ. Британид сурч байхдаа ч хөөрхөн юм хааяа бичээд сэтгүүлд нийтлүүлж ч байсан. Харин сүүлийн үед яг кино зохиолоор овоо явмаар ч юм шиг харагдах боллоо. “Цагаан хадаг” одоо энэ “Амьдрал”. “Эрхий мэргэн” гээд маш сонин кино хийх гээд ажиллаж байгаа юм байна. Арваад залуус ажиллуулаад Холливиудын технологиор график хийх эх бэлтгээд их л ажилтай байх болж. Лардьмагийн тухайд бол энэ кинотой холбоогүй л дээ. Яахав хоёр адилхан жүжигчин тоглосон бас хоёул эмэгтэй хүний амьдрал болохоор ойрхон байж болно.
 
- Охин чинь бас тантай адил бясалгал хийдэг тэр нь үйлийн үр гэх сэдвийг сонгоход нөлөөлсөн байх гэж ярих юм?
 
- Тун магадгүй. Гэхдээ эхлээд Сэнгээ сунаж мөргөсөн хүний тухай зохиол бичүүлмээр байна гэж захиалсан юм билээ. Тэгээд одоо цагт бол хүүхдийнхээ төлөө эх хүн л ингэж мөргөж чадах байх гээд зохиолоо бодсон нь энэ л дээ. Бид бурхан багшийн нээж өөрөө түүгээрээ гэгээрсэн випасяна бясалгал хийдэг. Би  арав гаруй жил болж байна охин маань ч гэсэн таван жил элбэг өнгөрсөн байх ёстой.
 
- Саранцацралт зураачийн хийдэг нэг бясалгал бил үү?
 
- Тийм бид хамт Мьянмар орж бясалгалд сууж мөн Гоенка багштай сүүлчийн удаа уулзаж ч байлаа. Одоо манайд энэ бясалгал чимээгүй маш их дэлгэрч байна даа. Суусан хүмүүсийн тоо 30 мянга хол давсан байх. Удахгүй шинэ том төв баригдах ажил ч яригдаж байна. Бурхны ном дэлхий дахинд  яг жинхэнэ утгаараа хар хүмүүсийн дунд маш хүчтэй дэлгэрч байгаа ч тэд өөрсдийгөө нэг их зарлаад байх нь ховор байх юм. Аргагүй л дээ тэгш амгалан сэтгэлтэй даруу байхыг сурч байж  би гээд зарлаад байхгүй л дээ. Твиттерын эзэн Жак Дорсэй хүртэл он удаан жил випясанагаар хичээллэж байгаагаа саяхан Энэтхэгийн ерөнхийлөгч нэг өдрийн бясалгалд суух үеэр харин зарласан. Далай лам ч саяхан манайд ирэхдээ самади бясалгал гэхээсээ випасяна бясалгал л жинхэнэ ориг нь юм гэж хэлээд явсан шүү дээ.
 
- Ер нь үйлийн үр гэж яг юуг хэлдэг юм бэ? Та арваад жил бясалгасан хүн тайлбарлаад өгөөч ялангуяа залуучуудад .
 
- Тийм энэ бол товч тайлбарлах аргагүй их том ойлголт. Тэр нь танаас өөрөөс чинь хамааралтай үргэлжлэх явц юм.  
Нэгдүгээрт үйлийн үр гэдэг дандаа муу муухай зовлон гэж ойлгох нь буруу бөгөөд сайн үйлээс сайн л үр төрнө гэдгийг огт мартаж болохгүй. Та хэзээ нэгтээ сайн үйл хийсэн бол цаг нь болохоор тэр үр сэтгэлд буюу тархины далд ухамсарт  боловсорч гүйцээд сайнаар гарч ирнэ. Урд насны буян ч үүнд хамаатай. Муу үйл, муу бодлыг санаатай болон санаандгүй давтан  хийгээд байвал тэр бүхэн далд ухамсарт дадал болж мөн л цаг тохироо бүрэлдэхэд гарч ирнэ гэж ерөнхий ойлгож болно. Бас нэг буруу ойлголт түгээмэл нь хэн нэгний хийсэн нүглийг түүний үр хүүхэд, хань ижил, өөр нэгэн үүрдэг гэсэн ташаа ойлголт юм.
 
- Амьдрал кинонд гол дүр Хулангийн лай ланчиг өөрөөс нь болсон гэсэн үг үү? Аавынх нь үйл лай ирж байгааг харуулсан юм биш үү?
 
- Хэн ч хэн нэгний үйл лайг үүрдэггүй ч хавсралт маягаар мэдээж тэр зовлон ирнэ. Хулангийн эцэг ээжийг нь үхсэн гэж нууж байсан. Сайдын хүргэн болох гээд ээжтэй нь суусан… гэх мэт нүгэл буй ч тэр нь өөрт нь л ирж цонхоор унаад үхэж байгаагаар бичсэн байна билээ. Үхүүлдэг зөв үү дээ гэж зохиол уншаад хэлж л байсан засаагүй л байна билээ. Гэтэл бас тахир татуу эмэгтэйтэй сууж түүнийг тийм сайхан охинтой болгосон явдлыг буян гэж ойлгож болно биз дээ. Яагаад гэвэл ээж нь насан туршдаа баяртай явсан байдаг. Хайр гэдэг ийм л агуу зүйл юм  даа.
 
- Үйлийн үрийн тухай бүр задалж асуухаас өмнө хайр гэж та юу гэж боддог вэ? Ахмад хүний хувиар гэр бүлийн хайрыг юу гэж хардаг вэ?
 
- Хайр гэдэг бас л их гайхалтай зүйл юм . Эр эм хоёр хүн хайраар л ихэнх нь холбогдож суудаг даа. Гэхдээ алсдаа тэр хайр ургаад цэцэглээд явж ч болно үхчхэж ч болно л доо. Салхи шиг хачин биегүй зүйл. Жишээ нь эх үр хүүхдэдээ хайртай байдаг. Тэр нь л бусад хүүхдүүдээс ухаантай, царайлаг гэж яг итгэнэ. Тэгсэн хирнээ нөхөртөө тэгж хандаж байна уу гээд харвал үгүй. Амьдрал юм чинь элдэв янзын юм болж өнгөрнө. Энэ бүхэнд цохигдоод өнөөх хамгийн хамгийн алга болсоор хайр сэмхэн хөрч эхэлдэг. Анх түүнийхээ өгсөн өчүүхэн бэлгийг ч тэр, өмссөн хувцсыг ч тэр, хэлсэн үг яриаг ч тэр магтаад л анхаараад л хэдэн ч цаг сонсдог өнөөх хайр  сэмхэн алга болдог. Аа энэ манай хар юм… гээд огт тоохгүй болчихдог. Нэг ийм тайлбарлахад хэцүү барьцгүй зүйл шүү дээ.
 
- Энэ бас л үйлийн үртэй холбогдох уу?
 
- Ёстой хэлж мэдэхгүй юм. Холбоотой ч байж мэднэ. Яагаад гэвэл хүний сэтгэл гэдэг их хачин бүтэцтэй юм байна л даа. Бурхны номоор бол дөрвөн хэсгээс бүтдэг гэдэг. Бурхан багшийн үеийн буюу одоогоос 2500 жилийн өмнөх пали хэлээр Виня, саня, венда, санкара гэж нэрлэдэг. Бүх мэдрэмжийг далд ухамсар удирдаж байдаг бөгөөд өнөөх бидний сайн мэдэх таван мэдрэхүйгээр тэр мэдрэмжүүд илрэнэ. Эхлээд чихэнд нэг дуу сонстлоо гэж бодъё. Түүнийг сэтгэлийн эхний хэсэг виня зүгээр л дуу ирлээ гэж таньдаг бөгөөд дараагийн саня хэсэгт дууу шүргэхэд  дууг ангилна. Сайхан дуу байна эсвэл муухай дуу байна. Эсвэл чамайг магтсан үг байна эсвэл чамайг харааж байна гэж таньдаг байна. За ингэнгүүт дараагийн хэсэг болох ведна ажлаа хийнэ. Энэ одоо хэн бэ яагаад ингэж байгаан гэж дүгнээд муу эсвэл сайн гэж бат нут далд ухамсарт мэдээлнэ дээ. Биеэр мэдрэх, амтлах, харах, үнэрлэх таван мэдрэхүй мөн адил.
Үүний дараа санкара гэх дөрөв дэх хэсэг ажлаа хийдэг. Санкарагийн хийдэг ажил бол хариу үйлдэл юм. Муухай мэдрэмж бол дургүйцнэ, сайхан бол дурлана. Муухай мэдээ сонсохоор дотор пал хийгээд явчихна, бие арзайгаад, халуу шатаад уур хүрээд ирнэ гэх мэт. Бид бүгд ийм дадалтай байдаг. Энэ бүх хариу үйлдлээс үйлийн үр бий болдог. Түүнийг мөн пали хэлээр карма гэдэг дээ. Хялбар тайлбарлавал тэр хүний далд ухамсарт урд наснаас бичигдэж ирсэн  бичлэг, программ гэсэн үг. Би өмнө олон хэлсэн авьяас гэдэг үг бол дадал гэсэн утгатай пали  үг. Юун дадал гэхээр урд насны дадал байх нь.
 
- Ийм нарийн зүйл байдаг юм уу өнөөх хайр тэхээр хаанаас гарахав шунал юм бишүү?
 
- Өөрийн чинь энэ хийгээд урд насанд бүтээсэн дадлаас үүдсэн тавилан гэж бас ойлгож болно. Хүний сэтгэлд сайхан, муухай эсвэл  саармаг мэдрэмжүүд үргэлж үүсэн бий болоод төдөлгүй устан үгүй болж байдаг. Хайр гэж шунал уу гэж чи зөв асуулаа. Магадгүй ээ. Энэ бүх зүйл би гэх эгоноос хамаардаг шүү дээ. Миний л юм болохгүй байна. Тэдний юм болоод байна. Гэх мэтээр үргэлж би гэсэн зүйл эхэнд яваад байдаг. Олон хүнтэй хамт авахуулсан зургаа та харахдаа эхлээд шууд өөрийгөө л харж байгаа. Тэгээд муухай гарч гээд уурлана  эсвэл сайхан гарч гээд баярлана эсвэл саармаг мэдрэмж төрөөд төдөлгүй уйдна. Мөнх бус гэдэг ердөө л энэ. Бүх мэдрэмж үүсээд устдаг. Өвчин муухай мэдрэмж, гэхдээ хэзээ нэгэн цагт алга болно. Бүх мэдрэмж мөнх бус гэдэгт л их учир байгаа юм. Жоохон байж байгаад алга болох зүйлд битгий шунаа, муухай мэдрэмжид бүү уурлаа уурлахад эхлээд чи өөрөө хохирогч нь  гэж бурхны ном айлддаг. Тэгш амгалан сэтгэлээр бүх зүйлд ханд гэсэн үг.
 
- Тэгш амгалан гэж их сайхан үг юм. Гэхдээ ямар ч зүйлд равнодушны ханд, битгий тоо гэхээр уйтгартай бишүү?
 
- Эргээд киноруугаа хоёулаа оръё. Хулан гэдэг хүүхний дотор асар их зовлон байгаа. Хүүхдээ ч хайхардаггүй хүнээр харуулдаг, хоолоо идэхгүй болохоор нь турж үхэж байгаа хүн авч ирж мөнгө өгөөд хүүдээ харуулдаг. Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй хүүхэн эцэстээ тартагтаа тулаад өөрийгөө хайхаар, үнэн хэрэгтээ тамлахаар сунаж мөргөж өвөл зунгүй явдаг. Тэр хоорондоо өөрийгөө олдог гэсэн л филосифи юм даа. Бясалгалтай энэ талаараа төстэй . Төстэй ч юу байхав бясалгал гэж өөртэйгээ л хамт байх, нүдээ аниад өөрийнхөө дотор юу болж байгааг ажиглах л юм шүү дээ. Энэ утгаараа яг адилхан. Гэхдээ тэгш амгалан сэтгэлээр ажиглаж сурах явц юм. Та өөрийгөө ажиглаад үзээрэй өнгөрсөн, ирээдүй хоёрлуу л бодол чинь ээлжилж яваад байгаа. Тэгш амгалан байх гэдэг өнөө цагтаа төвлрөхийг хэлнэ. Бид өнгөрсөнд амьдарч чадахгүй шиг ирээдүйд ч амьдарч чадахгүй. Өнөөдөрт л амьдардаг хирнээ тэрийгээ өнгөрсөний сайхан, муухай эсвэл ирээдүйн тухай сайхан, муухай бодлоор алж байдаг.
 
- Нээрээ тийм юм байна. Хэрүүл ихэнхдээ чи тэхэд гээд л өнгөрсөнөөс үүддэг шүү.
 
- Тийм. Чи ёстой өөдгүй хүншдээ. Чи тэхэд яалаа … пээ ёстой нүдний булай… архи уучхаад ээжийгээ, аавыгаа тэгж хэлж чадаж байгаа юм чинь чи сүүлд НАМАЙГ яаж ч мэднэ гээд бараг бүх хэрүүл өнгөрсөн эсвэл ирээдүйн тухай байдаг.  За тэгээд өнөөх түүнийг вэдна муу гэж севэлсэн болохоор бүх юм нь муухай харагдана. Бүр даамжирч зодоон, алаан болно. Хоёул өөрийгөө өмөөрөөд байгаа ч нэгэнт өнгөрсөн эсвэл болоогүй зүйлээс л үүсдэг шиг.
 
- Би хамгийн эхэнд таныг юу хийж байгаа тухай асуусан даа. “Миний мэдэх женко Баттулга” ном бичсэн. Найз тань Монгол усын ерөнхийлөгч болчихлоо. Та ч улс төрийн сэдвээр нийтлэл олныг бичсэн. Одоо юу хийж байна. Та ямар алба хашиж байна?
 
- ЧУБ  (чөлөөт уран бүтээлч) гэж нэг сайхан алба бий шүү дээ. “Түмний нэг хөрөг цуврал ” гэж Баттулгаар эхэлсэн цуврал явж байна. Лу. Болдын тухай ном дуусч байна. Одоо сэтгүүлч Ц.Ганболд ариутган шүүж байгаа.  Мөн өмгөөлөгч О.Алтангэрэлийн  өчил гэж өөр нэг ном эхэлж байна. Валерий Карышев гэж манайд их орчуулагдаж гарсан өмгөөлөгчийн ном шиг гэхүү дээ тийм ном эхлээд явж байна. Өөр бас  бус юм байгаа ч  кино бол надаас биш мөнгөнөөс хамааралтай болохоор ярих эртэднэ. “Миний мэдэх женко Баттулга”  орос, англи хэл дээр гарч байна. Удахгүй Оросод хэвлэгдсэн хувь ирнэ. Би бас өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн “Санкара”  гэж нэг эссэ роман бичсэн юм. Тэрийгээ бас ерөнхийлөгчийн номонд “гуя дагасан хүзүү” болгоод орос, англиар гаргах гэж байгаа. Бараг долоон жилийн өмнө бичээд найз нартаа и-мэйлээр л уншуулдаг байсан юм. Тэрийг уншаад Баттулга номоо бичүүлсэн юм шүү дээ.
 
- Ерөнхийлөгчтэй холбоотой хэвээрээ байгаа юу?
 
- Тийм. Яахав ордонд орж уулзахад хэрэглэдэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус туслах гэж нэг үнэмлэх бий. Тусалж чадах зүйлээрээ туслах л санаатай. Найз нөхдийн хувьд бол яг л хуучнаараа …Би нэг өдөр түүнтэй Баянголд уулзаж байгаад хамт машинаар нь ордон орлоо. Өмнөх хаалгаар би орж ч үзээгүй байж. Тэгсэн манай хүн шорттой улаан шар футболктой өмнө явж байхдаа эргэж хараад ;
- Юрий Кручкин ч сайн орчуулсан байна билээ. Гэхдээ Төрөө чи арай энэ хоёр номоороо мөнгө олно гэж бодоод байгаа юм биш биз. Чи бид хоёрыг хэн унших билээ дээ …гэж билээ. Хатуу ч гэсэн үнэн  үг л дээ. Харин би Ч.Содбилэг гэх залуутай хамтраад түүхэн роман бас оролдож байгаа. Кино биш болохоор хэлчихье. Биднээс л хамаарах юм чинь. Гэхдээ удах байх. Судалгаа их цаг авна. 
 
- Улс төрийн талаар ямар бодолтой байнаа?
 
-       Дээр өгүүлсэн олон ажилтай болоод нийтлэл ч тогтмол гаргаж амжихгүй байна. Ер нь нэг л бодол салахаа байлаа. Энэ 4 жилийн тогтолцоо гэж бүх зүйлийг бусниулах арга шахуу юм шиг. Цэдэнбал дарга 44 жил болж байж энэ улсыг улс шиг болгосныг энэ сүүлийн гучин жилд дөрвөн жилтэнгүүд тарааж бусниулж дууслаа. Би пиар хийдэг болоод нэг сонгууль хэдээр бүтдэгийг сайн мэднэ. Тэрбум тэрбумаар мөнгөө үрээд тэнд 4 жилийн хугацаатай очсон хүн тэнэг л биш бол өөрийгөө л бодно шүү дээ. Тэгээд ч дөрөвхөн жилд юу ч бүтээж амждаггүйг энэ өнгөрсөн хугацаанд харлаа. Бид дөрвөн жил болоод л бүгдийг хуйгаар нь солиод шинэ хүн тавих хүний нөөцгүй орон. Гуравхан сая хүнтэй. Америк 340 сая хүнтэй тэгээд ч баян орон. Тэнд Никсонсоос бусад бүх ерөнхийлөгч нь 8 жил болсон байдаг. Бидний  хүсээд байгаа гурав дах хүчин гарахыг хүлээвэл дахиад гучин жил болох байх. Одоо УИХуралд нэг ч ядуу хүн байхгүй шүү дээ. АИХ өөр байсаан. Одоо энэ УИХ бол намуудын их хурал болж дээ. Ард олны төлөөлөл огт байхгүй гэж хэлж болно. Дуучин С.Жавхлан л юм биз дээ. Улс төрийн хямрал нүүрлээд байна. Юу ч болж мэднэ энэ янзаараа бол…Гэхдээ би нийтлэлээр бичдэг болохоор энэ яриаг улс төржүүлэхгүй дуусгасан дээр байхоо.
 
- Ямар ч сэдэв явсаар улс төр рүү  хөтөлчих юм даа яагаад вэ?
 
- Анх Баабар намайг шилдэг нийтлэгчдийн клубт урихдаа урлаг, кино энэ тэр бичих байх гэж бодсон юм гэнэ лээ. Тэгсэн би олны адил улс төрждөг нийтлэлчийг  нэгээр нэмсэн юм. Ерээд онд ганзганд хүн бүр явдаг байлаа. Харин өнөөдөр бүгд улс төрийн ганзагачид болжээ. 2015 онд хийсэн нэг судалгаагаар манайд 750 мянга 301 хүн намын батлахтай гэсэн байна билээ. Мань мэт намын гишүүн бус ч улс төржигчдийг нэмбэл насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүн амын 99 хувь нь улс төрийн ганзагачин болсон юм шиг билээ. Гурван саяын тал нь хөгшид хүүхэд болохоор ийм л хачин тоо харагдаж байна билээ дээ. Тоо худлаа хэлэхгүй л дээ. Тэнд л мөнгө байгаа болохоор аргагүй л дээ…

В.Сарантуяа